Нийслэлийг хөгжүүлэх мөнгийг Д.Баттулга дарга чамлав
хуулийн төслийн талаар УИХ дахь намын бүлгийн дарга нарын дүгнэлтийг сонсгов. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирэх оны төсвийн алдагдлыг боломжит хамгийн бага түвшинд барьсан хэмээн тодорхойллоо. Мөн өмнөх жилийнх нь давхардаж орсон, үр ашиг муу, зураг төсөлгүй хөрөнгө оруулалтыг хасах нь зөв гэв. Түүнчлэн уран олборлоно гэдэг үнийг төсвийн хуульд оруулж, УИХ, Засгийн газрын бодлогоос гажуудсан зүйлийг хийсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зөв гэв. Гэхдээ үүнтэй холбогдуулан Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Баттөрийг аль хэдийнэ албан тушаалаас нь буулгасан билээ. Мөн Оюутолгойн гэрээг өөрчлөхөд идэвхитэй ажиллах хэрэгтэй гэдэг дүгнэлтийг тус намын бүлэг хийжээ. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг төсвийн хуулийг бүхэлд нь дэмжжээ.
Гэхдээ өмнөх жилийн нийгмийн халамжийн өндөр зардлын энерци тэр чигээрээ хадгалагдсан төсөв хэмээн тодорхойлж байлаа. Харин Засгийн газраас таван тэрбум ам.долларын бондын зарцуулалтад анхаарал тавих хэрэгтэй гэдгийг Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг анхааруулж байв. Үүний дараа төсвийн орлого нэмэгдүүлэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хураалгасан юм. Эндээс харахад ирэх жил төв банк ногдол ашгаасаа улсын төсөвт таван тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Мөн төрийн өмчит компаниуд ногдол ашгаасаа 3.8 тэрбум, гааль арав гаруй тэрбумыг төрийн санд төвлөрүүлэх үүрэг хүлээж байна. Харин орлого бууруулах асуудал дээр гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал нэлээн маргаан дэгдээлээ. Тухайлбал гишүүд өөрийн сонгогдсон тойргийн хөрөнгө оруулалтыг авч үлдэхийн тулд бусад нөхдөөсөө гуйж, учирлаж, аргадах гээд арын хаалгадахаас л наагуур юм болов. Тухайлбал Завхан аймгийн төвд цэнгэлдэх хүрээлэн барихаар тусгасан дөрвөн тэрбум төгрөгийг хасах саналыг зарим гишүүд гаргасан аж.
Харин тус тойргоос сонгогдсон Я.Санжмятав, Д.Оюунхорол нар элбэж байгаад тус хөрөнгө оруулалтыг авч үзэх гэж нэлээн үзэв. Төсвийн байнгын хорооны гишүүд ч мань хоёрын арганд орж, зарчмын зөрүүтэй саналыг унагаж өгсөн нь байнгын хорооны хурлыг хурал биш хэрүүл болгох шахлаа. Учир нь дээрх зарчмын зөрүүтэй санал унаснаар төсвийн тэнцэл алдагдаж, хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийхэд хүрнэ гэдгийг сангийн сайд Ч.Улаан тайлбарлалаа. Дээрээс нь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөрвөн тэрбумаар наадмын талбай барих нам, засгийн нэрийг шаварт хутгана гэдгээс болгоомжилжээ. Тэрбээр Монгол Улсын төсөв Завханы наадмын талбайгаас болж унах ёсгүй шүү хэмээн тас загнаж, дахин санал хураалт явуулахыг Байнгын хорооны даргаас хүссэн юм. Харин Я.Санжмятав гишүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгүй ганц аймаг байдаг нь Завхан. Ирэх жил Завхан аймгийн 90 жилийн ой болно. Бид зөвхөн наадмын талбай барих гээгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулж, түүнийг тойруулан жижиг үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах цэг байгуулна. Би энэ нутгийн ард түмний төлөө энэ засгийн чинь ажлыг өгсөн ч болж байна хэмээн бүлгийнхээ даргатай мөчөөрхөж байлаа. Гэвч Сэлэнгэ аймаг өнгөрсөн жил 1.5 тэрбум төгрөгөөр төв цэнгэлдэх хүрээлэн барьсан. Гэтэл түүнээс гурав дахин илүү мөнгө тусгавал Монгол Улсын төсөв өмнөх шигээ хоёрын хооронд юманд үрэгдээд дуусна. Үүнээс болж төсвөөс хасагдсан утгагүй олон хөрөнгө оруулалтыг босгохоор гишүүд зүтгэнэ хэмээн байж буулгаж авсан юм. Харин Завхан аймгийн тэгш ойг тохиолдуулан төв цэнгэлдэхийн асуудлыг тусад нь авч үзнэ хэмээн амласан. Тиймээс Я.Санжмятав За би айлаа, долдугаар сарын 11-ний өдөр Завханчууд шинэ стадионд наадам хийнэ гэж найдъя. Хэдүүлээ хамт очно шүү хэмээгээд, саналаа татаж авснаар асуудал нэг юм намжив.
Хөрөнгө оруулалтын хуваарилалтыг шог гэж үзсэн дараагийн хүн бол НИТХ-ын дарга Д.Баттулга. Энэ жил орон нутаг хөгжүүлэх сангийн чиглэлээр мөнгө суулгаж, төсвийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Харин орон нутгийн хөгжлийн төсөвт шаардлагатай нийт эх үүсвэр 490 тэрбум төгрөг байх аж. Үүний 230 тэрбум буюу 47 хувийг нь нийслэлд зарцуулахаар болжээ.
Гэхдээ энэ мэдээллийг Д.Баттулга дарга үгүйсгэж, 230 тэрбумын чинь ердөө 41 тэрбум нь л орон нутгийг хөгжүүлэх санд орж ирсэн. Харин үлдэж байгаа 180 гаруй тэрбумыг нь нийслэл өөрөө босгосон. Мөн үүнийг нийлүүлж яриад байна хэмээн гомдоллов. Д.Баттулга даргын хэлснээр дээрх 490 тэрбум төгрөгийн ердөө 15 хувь нь нийслэлд оногдсон. Хүн амын тоогоо харьцуулж, мөнгөнийхөө хуваарилалтыг хийгээч хэмээн хүссэн ч нэгэнт батлагдсан асуудал учир Д.Баттулга дарга толгой сэгсрэн санааширсаар гарч одсон юм. Ойрд асуудал болоод буй Ерөнхий сайдын багцад суусан шинэчлэлийн гэх 50 тэрбум төгрөгийг зарцуулах задаргааг өчигдөр мөн танилцуулав. ТУс мөнгөөр замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй системд шилжих, иргэдэд шаардлагатай мэдээллийг өгөх, автомат машиныг байрлуулах, бага орлоготой иргэдэд зориулсан банк байгуулах, аймгийн төвд битүү дээвэртэй зах барих, нийслэлд ногооны худалдааны төв байгуулан, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийх зэрэг арга хэмжээнүүдэд зарцуулах аж.
Б.Энхжаргал