Нийслэлийн хөгжил хороодоос эхэлнэ
хоолны хэмжээг тогтооно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн санал хураалт явагдаад дөрвөн сар болоогүй байна. Гэвч өнгөрсөн жилүүдэд хийгдээгүй, иргэдийн хүсэн хүлээж байсан олон ажлын эхлэл тавигдлаа. Нийслэлчүүд Засаг дарга юу хийж болох, болохгүйг мэдэж авсан гэхэд болно. Замбараагүй олгосон газрын зөвшөөрөл, дураараа авирласан компанийн захирлууд, харахад төртэй мэт боловч ямар ч хуульгүйгээр аашилдаг нийслэлийн түшмэдүүдийн түмэн булхай илэрч байна. Барилгын компаниуд хүний амьд явах наад захын эрхийг зөрчиж байгаа бол бар, буудлын эзэд хүүхэд, эмэгтэйчүүдээр халаасаа дүүргэдэг гажиг тогтолцоо нийслэлийг наймаалж мэт торлож чадсан байна. Жирийн иргэдэд гэр барих алга дарам газар олдохгүй байхад төрийн нэр барьсан түшмэдүүд дархан цаазат газраас га га-гаар нь тасалж орд харшаа сүндэрлүүлжээ. Төрөх эмнэлгийн довжоон дээр амаржих дарааллаа хүлээж байхад, Таван одтой буудлууд өдөр ирэх тусам тэнгэр баганадан өндөрссөөр.
Цэцэрлэг, сургуулиуд хүүхдээ багтааж ядаж байхад тав зургаахан хүнтэй спортын танхим шиг цэнгээний газар алхам бүрт тааралдана. Хог, утаа, гэр хороололд асар их хөрөнгө гаргасан боловч сахил аваад шал дордов гэгчээр утаа хог нэмэгдсээр байна. Харин төсвийн хөрөнгө идсэн хэдэн компанийн шалдан захирлууд алтан суултуур дээр суудаг болсон гэнэ. Эргүүлийн цагдаа бензингүй, таваргаж явахад, жижиг гарын түшмэдийн эхнэр хүүхэд шээсний газар машин унаж гайхуулна. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээгдэж байсан Улаанбаатар нугасны муухай дэгдээхэй шиг болчихоод нийслэлийн иргэдэд ичих багадаж үхэх ихдэх гэдэг болсон байна. Хэд хэдэн сургууль нурах аюултай байгаа бол түүнээс хорь дахин олон зөвшөөрөлгүй барилга баригдаж байна.
Албан тушаалтнууд цалингаараа бус авлигаар амьдардаг. Хариуцлагын тухай нийслэлийн төр захиргааны байгууллагад аль шатандаа ямар ч ойлголтгүй болжээ. Энэ байдлыг өөрчилөхөд, устгахад багагүй бэрхшээл тулгарах нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна. Нийслэлийн хогийг ачуулах гэсэн Засаг даргын шийдвэр хэрэгжихгүй байна. Дүүрэг, хороодын дарга нар улс төржиж намынхаа даалгавраар Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чадах бүхнээ хийж байна. Тэдэнд хог ачих эдийн засаг, техникийн бүрэн боломж бий. Цахилгааны төлбөртэй хамт авсан хогны мөнгийг зөв зарцуулж чадвал хогноос салах бүрэн боломж байгаа гэнэ. Харамсалтай нь төрийн санхүүжилтээр цалин, хангамж эдэлж байгаа дүүрэг, хорооны дарга нар МАН гишүүн элсүүлэхээс өөр ажилгүй орон нутгийн сонгуулийг хүлээж сууна.
Нийслэлийн сонгуулиас хойш АН ямар бодлого хэрэгжүүлсэн бэ
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл сонгуульд орохын өмнө нийслэлийн иргэдийн санал хүсэлтээр мөрийн хөтөлбөрөө боловсруулснаа мэдэгдсэн. Нийслэлийн нийт иргэдийн хүсч байгаа зүйл бол утаа, замын түгжрэл. Энэ бүхнээс болж жолоодогчоос эхлээд жолооч нь хохирдог тухай судалгаа гарсан. Өмнөх эрх баригчид утааг түлш хэмнэдэг зуух, бүрэн шатдаг түлш мэтхэнээр шийдэх гэж хэдэн арван тэрбум төгрөг цацсан боловч үр дүн багатай байна. Шинэ удирдлага энэ бүхнийг гэр хорооллыг амины орон сууцжуулах замаар цогц төлөвлөгөө боловсруулж байна. Санхүүгийн хувьд ч гадаад, дотоодоос багагүй дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Гэр хорооллыг барилгажуулах нь утаанаас салаад зогсохгүй ажлын байрыг ихээр нэмэгдүүлнэ. Энэ ажил ирэх хавраас далайцтай эхэлнэ. Машинтай иргэдийн цаг, хөрөнгийг барж дууссан замын түгжрэлийг үндсэндээ шийдсэн гэж болно. Ирэх жилээс замуудын засвар дууссанаар замын түгжрэл улам багасах судалгаа гарч байна. Хэдэн жилийн өмнөөс иргэдийн бухимдлыг төрүүлж эхэлсэн газрын асуудал Засаг дарга Э.Бат-Үүлийн хамгийн том тэмцэл.
Энэ тэмцэл бол 1990 оны Улс төрийн товчоог огцруулахаас хүнд тэмцэл болж байна. Төр Засгийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд хууль шүүхийнхэн, нам, эвслийнхэн оролцсон газрын луйврыг таслан зогсоох эхний алхам тавигдсан. Энэ цагаас эхлэн нийслэлийн барилгажаагүй талбай нийслэлийн хяналтад орсон. Шаардлагатай гэж үзвэл зөвшөөрлийг Засаг дарга бус, НИТХ-ын нийт төлөөлөгчдийн хуралдаанаар нийтэд нээлттэйгээр хэлэлцэж, зөвшөөрөл олгоно. Газрыг ганц нэг саятанд дуудлагаар бус нийтийн хэрэгцээний нийгмийн /эмнэлэг, сургууль, цэцэрлэг/ асуудлыг шийдэхэд түлхүү ашиглана. Иргэдийн саналыг бүх хэлбэрээр хүлээн авч хуульд заасан хугацаанд хариу өгнө. Хуулийн хугацаа хэтрүүлсэн албан тушаалтанд нам, зиндаа харгалзахгүйгээр хариуцлага тооцно. Өмнөх жилүүдэд иргэдээс сардаа 40-70 санал гомдол ирдэг байсан бол сүүлийн өдрүүдэд өдөртөө 250 хүртэл санал гомдол ирж байна. Энэ нь иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдсэнийх гэж судлаачид хэлж байна.
Дүүрэг, хороодод АН ялбал…
Удахгүй болох дүүрэг хороодын сонгуульд АН ялах нь Засаг даргын үйл ажиллагааны баталгаа болно. Утаагүй Улаанбаатарыг байгуулахад нийслэлийн Засаг даргын баруун гар нь дүүргийн Засаг дарга нар байх болно. Дүүргийн Засаг дарга нарын түшиг тулгуур нь хороодын Засаг дарга байх шаардлагатай. 1999 онд Ерөнхий сайд Р.Амаржаргал улс орон даяар цалин, тэтгэврийг бүрэн хэмжээгээр аймгуудад олгосон гэдэг. Хачирхалтай нь тухай үедээ аймгуудад Засаглаж байсан МАН-ын дарга нар хэдэн сараар цалин, тэтгэврийг тавилгүйгээр 2000 оны УИХ-ын сонгуультай золгосон гэдэг. УИХ-д АН цөөнх болсон 2000-2004 онд авилга хээл, хахуул цэцэглэж, монголын газар нутаг өмнөдийн иргэдэд зарагдаж эхэлсэн түүхтэй аж. АН бүх шатандаа олонх болсон тохиолдолд нийслэлийн бэрхшээлтэй асуудлууд тэр хэрээр хурдан шийдэгдэнэ. Нийслэлийн Засаг дарга төсвийнхөө талыг нийслэлийн хороодод өгөх шийдвэр гаргаж байна. Энэ боломжийг ашиглан иргэд хороондоо цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих эрхээ эдэлнэ. Хорооныхоо иргэдийн үйлчилгээг хорооны иргэдээс нэн түрүүнд худалдан авдаг болно.
Хорооны нутаг дэвсгэрт архиар үйлчлэх, сүүгээр хангахыг иргэд шийддэг болно. Нөхөр Доржид халамж үзүүлэх, өрх толгойлсон эмэгтэй Дуламын хүүхдийг сургуульд явуулахыг Засаг дарга болон хэсгийн дарга бус иргэдийн олонх шийддэг болно. Зам барилга барих компанийг том дарга бус дээгүүр, дэргэдүүр харайдаг хүүхэд хөгшчүүдийн саналаар шийддэг болно. Эрхэм гишүүнээ хайж гүйхгүйгээр энүүхэндээ шийдвэр гаргаад Засаг даргадаа үүрэг өгдөг болно.
Х.Бат