Д.Элбэгбаяр Х.Тэмүүжин сайд эмнэлгийн газарт шунаж байна
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффисын зориулалтаар ашиглахаа зарласан явдал байв. Төр засгийн үйлчилгээний бүхий л алба хаагчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг дээрх эмнэлгийн барилга өдгөө нийслэлийн хамгийн өндөр насжилттай барилгын тоонд багтдаг. Тэр ч утгаараа энэхүү эмнэлгийн барилгыг өргөтгөхөөр болсон юм. Гэвч хуулийн салбарыг толгойлохоор болсон эрхэм сайд энэхүү эмнэлгийн өргөтгөл рүү уулгалан дайрч, хотын төвийн А зэрэглэлийн барилгыг өөрийн салбарын харьяанд авахаар улайрч буй нь дэндүү харамсалтай шийдвэр байв. Тэрбээр энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа, хуулийн салбарынхан нэг дор байрлах ёстой хэмээсэн. Ингэхдээ сайдын шийдвэр бол хууль гэсэн утгатай түрэмгийллийн үг унагаж байсан нь саяхан. Тиймдээ ч эрхэм сайд хэлсэн үгэндээ хүрч, өдгөө эмнэлгийн өргөтгөлийн байрны засварын ажил түр саатаад буй. Эмнэлгийн ажилчид өнгөрсөн хугацаанд эсэргүүцлээ олон янзаар илэрхийлсэн ч сайд эс тоосон. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зүрх, судасны эмч Д.Элбэгбаяртай ярилцлаа.
-Хууль зүйн сайдын шийдвэрийг эмнэлгийн ажилчид хэрхэн хүлээж авсан бэ. Одоогоор өргөтгөлийн байрыг барих ажил саатаад байгаа гэж дуулсан?
-Тиймээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин манай эмнэлгийн өргөтгөлийг оффис болгоно гэж ярьснаас хойш бараг нэг сар болж байна. Уг нь энэ барилгыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар байсан. Гэвч сайдын ам шийдвэрээс болоод барилгын ажил ерөнхийдөө саатлаа. Гэхдээ гадна талын ажил хийгдэж байгаа. Харин дотор эмнэлгийн зориулалтын тохижилтыг нь хийхгүй байгаа юм билээ. Сайд оффис болгоно гэсний дагуу дотор заслыг өөрчлөх зорилгоор эмнэлгийн зориулалтын заслыг хийхгүй байгаа байх.
-Эмнэлгийн насжилттай холбоотойгоор өргөтгөл барихаар болсон юм билээ. Энэ талаар?
-Манай эмнэлэг 1933 оны зургадугаар сард баригдсан монголын анхны түүхэн эмнэлэг шүү дээ. Ийм өндөр настай учраас 2009 онд манай эмнэлгийн барилгыг нураах шийдвэр гарч, ерөнхийдөө эмнэлгийн үйл ажиллагаа хураангуйлсан байдалтай болсон. Ингээд одоогоор дотрын 40, мэдрэлийн 20 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ нэг тасгаа түр хугацаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт өгөөд, гэмтлийн тасгийг Госпитальд өгсөн. Ингээд мэс заслын эмч нар тийшээ явж ажиллах болсон. Бусад эхо, рентгэн, нүд, шүд гээд амбулаторийнхоо үйл ажиллагааг өөр дээрээ авч ажиллуулж байгаа. Манай эмнэлэг нийтдээ 200 мянган хүн амд үйлчилдэг. 18 аймгийн хилийн албадууд болон Онцгой байдлын газар, УБЕГ, Замын цагдаа,түүний харьяа газрууд, Дотоодын цэрэг, Төрийн тусгай албан хаагчид гээд төр засгийн бүхий л үйлчилгээний албан тушаалтнуудад бүгдэд нь үйлчилдэг. Нэг үгээр бол бидний үйлчилгээ маш өргөн хүрээг хамардаг учраас 2009 оноос хойш гурван жилийн турш өргөтгөлийн барилга барьж эхэлсэн. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд амбулатори бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Мөн сүүлийн үед хэл амны бай болоод буй дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй аппаратаа оруулж ирж, суулгаад ашиглахад бэлэн болчихсон байсан.
-Тэгэхээр өргөтгөлийн байрандаа эмнэлэг хэрхэн үйл ажиллагаа явуулах вэ гэдгээ хүртэл төлөвлөчихөөд байсан гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Өргөтгөлийн цаад хэсэг болох Эрүүгийн цагдаагийн газрын үргэлжлэл хэсгийн дөрвөн давхартаа хэвтэн эмчлүүлэгсдээ аваад, гурван давхарт физик эмчилгээ болон санхүү, хүний нөөц гэх мэт аж ахуйн хэсгээ оруулахаар төлөвлөөд байсан. Харин хоёр давхартаа амбулаторийн үйл ажиллагаа явуулахаар болоод байсан юм.
-Эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор хэчнээн хүнд үйлчлэх боломжтой болох вэ. Мэдээж үйл ажиллагаа өргөсөх байх л даа?
-Энэ бол зүйн хэрэг. Бид өнгөрсөн хугацаанд үйлчилгээ үзүүлж байсан 200 гаруй мянган хүн дээрээ нэмээд 200-гаад хүнийг хүлээж авч, үйлчлэх боломжтой болох юм. Ер нь манай эмнэлэг бол монголын анагаах ухааны салбарт анхных гэж болох бүхий л үйлчилгээ явагдсан газар шүү дээ. Анхны зүрх, тархи, бөөрний мэс заслууд манайд л эхлэн хийгдэж байсан. Нэг үгээр бол монголын анагаах ухааны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн эмнэлэг. Одооны топ эмнэлгүүд болох I болон III эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа энэ эмнэлгээс гаралтай, үлгэр дууриал болсон гэж хэлж болно. Түүнчлэн цэргийн эмнэлэг гэдэг утгаараа маш шуурхай. Бусад эмнэлгүүд шиг орны хүлээгдэл гэж байдаггүй, яаралтай тусламж авах гэсэн иргэдэд маш шуурхай үйлчилдэг эмнэлэг.
-Хууль зүйн сайдын гаргаад буй шийдвэр эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдийн сэтгэлзүйд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх л даа?
-Тэгэлгүй яахав. Эмнэлгийн ажилчдын хувьд маш хүнд тусч байгаа. Энэ мэдээг сонссон цагаас эхлээд бид ийм асуудал болохгүй гэдэгт нэлээд итгэлтэй байсан. Гэтэл сүүлдээ асуудал даамжраад Х.Тэмүүжин сайд өөрийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө нэлээд хүч түрсэн байдлаар хандаж байгаад бид их гайхаж байгаа. Үйлчлүүлэгчид ч мөн их сэтгэл зовж байгаа нь анзаарагдаж байгаа. Иргэдийн зүгээс хэлж буй нэг зүйл нь салбар хариуцсан сайд, яам нь яагаад энэ асуудал дээр дуугарахгүй байгааг л их гайхаж байгаа.
-Сайдын тайлбартай хэр санал нийлж байгаа вэ?
-Манай эмнэлгийн өргөтгөлийг оффис маягаар ашиглана гээд зураг төсөл энэ тэр гаргачихсан, телевизээр хүртэл үзүүлээд байсан. Хууль шүүхийнхнээ нэг дор байрлуулна гээд байгаа л даа. Энэ бол байж боломгүй л шийдвэр гэж бодож байна. Яагаад заавал манай эмнэлгийн байранд оффисоо байрлуулна гээд байгаа юм. Яг үнэндээ бол сайдын энэ шийдвэр зөвхөн оффисдоо байгаа юм биш. Хотын төвийн А зэрэглэлийн газар учраас л анхаарлыг нь ингэж их татаад байна уу гэж бид бодож байгаа. Өнөөдөр хүний эрүүл мэнд чухал уу, хууль шүүхийнхэн нэг дор байх нь чухал уу гэдгийг сайд өөрөө уг нь мэдэж л баймаар юм.
-Х.Тэмүүжин сайд хэрвээ санасандаа хүрээд танай эмнэлгийн өргөтгөлийг авчихвал ямар сөрөг үр дагавар гарах бол?
-Үүнийг цаг хугацаа харуулна. Мэдээж эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орохгүй бол маш олон сөрөг үр дагавар гарна. Хүний эрүүл мэнд бол хамгийн нэгдүгээрт тавигдах асуудал. Үүнийгээ хойш тавьчихвал ямар сөрөг үр дагавар гарах нь тодорхой шүү дээ. Тиймээс сайд гаргасан шийдвэрээ эргэж нэг хараасай л гэж хүсч байна. Гэхдээ эмч бид иргэдийн эрүүл мэнд, ариун үйлсийн төлөө явж байгаа учраас асуудал бидний талд шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, эмнэлгийн өргөтгөл барьж эхэлснээс хойш эмнэлгийн зүгээс өнгөрөгч 2009 оноос хойш шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнээ гадагш нь явуулж бэлтгэсэн. Үүний дагуу манай эмнэлгээс арваад эмч гадагшаа сургуульд явж, суралцан, шинэ тоног төхөөрөмж дээр ажиллах мэдлэгтэй болоод ирсэн. Энэ мэтээр бид шинэ эмнэлэгтээ орох бүхий л бэлтгэлийг хангаад байсан. Тиймээс эмнэлгийнхээ байрыг алдахгүйн тулд бүхий л хүч чадлаараа зүтгэх болно.