Сэнди хар салхи метрог усанд автуулж, хоёр сая хэрэглэгчийг тог цахилгаангүй болгожээ
11 мужийн 2.9 сая хүн тог цахилгаангүй болсон аж. Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам тасарч, шонгийн моднууд унасан байна. Нью-Йоркт барилгын кран хугарч, метроны хонгилууд үерт автсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Хар салхины нөлөөгөөр 10 гаруй хүн амиа алдаад байна. Цаг уурчдын мэдээлснээр Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут, Пенсильвани муж хүчтэй салхинд хамгийн ихээр өртөх магадлалтай байгаа аж.
Үүнээс гадна Нью-Йоркийн оршин суугчид 911 дугаар руу хагас цагийн дотор 10 мянган удаа залгасан талаар The New York Times мэдээлэв. Тус хотод цахилгаан подстанцад дэлбэрэлт болсон байна.
Хар салхины хурд голомтдоо 130 км/ц болж, өмнөхөөс арай суларчээ. Гэхдээ энэ нь аюулгүй гэсэн үг биш хэмээн цаг уурчид анхааруулсан байна.
Сонгуулийн өмнөх сюрприз
Б.Обама байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан мэдэгдэл хийх үеэрээ Яг одоо сонгууль миний санааг зовоохгүй байна. Харин хар салхи Америкийн айл өрх, тээврийн хэрэгсэл, эдийн засагт ямар аюул учруулах бол гэдгээс айж байна. Ирэх долоо хоногт л сонгуулийн талаар бодоцгооё. Харин одоо бидний хувьд хүний амь амьдрал л чухал хэмээн ярьжээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хар салхины улмаас иргэд, сонгогчидтойгоо уулзаж чадахгүй байгаа аж. Түүнчлэн Сэнди хар салхи сонгуулийн ирцэд нөлөөлж болзошгүй хэмээн Б.Обамагийн кампанит ажлын гол стратегич Дэвид Аксельрод мэдэгджээ. Учир нь урьдчилан санал өгөх байрны ихэнхийг ойрын өдрүүдэд хаасан байна.
Tвиттер-ийн баатар
Сэнди хар салхи Фэйсбүүк, Твиттер сүлжээний гол баатар болжээ. Энэ салхины талаар улстөрчид, алдартнууд өөрийн хуудсаар дамжуулан мэдээлсээр байна. Тухайлбал, тэрбумтан Дональд Трампын охин, зохиолч, фото модель Иванка Трамп Шуурганы өмнөх нам гүн байдал хэмээн бичжээ.
Тэгвэл жүжигчин Линдси Лохан өөрийн хуудсаар дамжуулан Хар салхинаас болж яагаад бүгд ингэж сандралдана вэ. Муу муухайг түгээж боллоо. Сайхан зүйлийг бодож, амар тайвны төлөө залбиръя гэжээ.
Мужийн захирагчид ч алдартнуудаас хоцрохгүйг хичээсэн бололтой. Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо хар салхины тухай сүүлийн үеийн мэдээллийг цаг бүр цацаж байна. Түүнчлэн Нью-Жерси, Пенсильвани, Коннектикут, Мэрилэндийн амбан захирагчид ч олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл хүргэжээ.
Арван тэрбумын хохирол
Сэнди хар салхи 10-20 тэрбум ам.долларын хохирол учруулж болзошгүй талаарх урьдчилсан дүгнэлтийг Eqecat компани гаргажээ. Сэнди бол хүчтэй хар салхи. Энэ салхинд АНУ-ын хүн амын 20 хувь нь өртөх төлөвтэй гэж тус компаниас тэмдэглэсэн байна.