Бид МАН-ынхныг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхээгүй
-Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг долоо хоногоор хойшлууллаа. Та Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хүндэтгэлтэй хандана гэж хэлж байсан хүний хувьд МАН-ын бүлэг байгуулах асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Аль нэг улстөрийн хүчний бүлэг байгуулах асуудал нь төрийн ажлаас чухал уу, үгүй юу гэдгийг юун түрүүнд бодох хэрэгтэй. МАН-ынхны бүлэг байгуулаагүй үйлдэл нь хууль эрх зүйн орчинг өөрчлөх шаардлага руу түлхэж байна. Зөвхөн МАН-ыг хууль зөрчсөнийх нь төлөө бүлэгтэй болгох гэж хуульд өөрчлөлт оруулах нь дэндүү өрөөсгөл ойлголт. Харин өнөөдрийн байгуулсан бүтэц нь өөрөө онцлогтой юм гэж үзээд Дэгийн тухай хуульд зарчмын өөрчлөлт хийх ёстой гэдэгт санал нэгдэх ёстой.
Цөөнх нь олонхын үйл ажиллагааг засаг замбараагүйгээр хязгаарлаж, хоосон улстөр хийж, төрийг тогтворгүй байлгах эрмэлзэл рүү түлхдэг энэ механизмыг байхгүй болгох нь чухал гэдэг өнцгөөс хандаж байна.
Ерөнхийлөгч улс орны тогтвортой байдлыг хангах нь чухал гэж үзээд хуулийг УИХ-д өргөн барьсан. Хууль санаачлагчийн өргөн барьсан хуулийг гишүүд хэрхэн хэлэлцэх тухай горим бий.
-АН-ынхан Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй байна гэж МАН-ынхан ярьж байсан. Үнэхээр АН-ынхан МАН-ын бүлэг байгуулах асуудалд шантааж маягаар хандаж байгаа хэрэг үү?
-Яг үнэндээ өнгөрсөн баасан гарагийн орой хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөл байнгын хорооны хэлэлцэх асуудлын хуваарьт орж амжаагүй байхад түлхэж оруулах нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Мөн Дэгийн тухай хуулийн төсөлтэй УИХ-ын гишүүд танилцаж амжаагүй байсан. Дэгтэй холбоотой асуудлыг бүлгээрээ заавал хэлэлцэх журамтай. Бүлгээр хэлэлцээгүй байхад байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй. Энэ журмаараа цаашид явна.
-Тэгэхээр ирэх нэг дэх өдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж ойлгож болох уу?
-Ирэх даваа гарагийн бүлгийн хурлаар хуулийн төслийн тухайд ямар зүйл дээр санал нэгдэж буй талаар ярилцана. Харин яг одоо улс орны төсвийн чухал асуудал хэлэлцэж байгаа үед зарим нэг улстөрийн хүчин дундуур нь орон улстөр хийх шаардлагагүй гэж үзэж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ынхан Ерөнхийлөгчийг дэмжиж ажиллана гэсэн аман тохироо хийсний үндсэнд хуулийн төслийг өргөн барьсан гэх яриа байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллээр Ерөнхийлөгчтэй холбоотой эерэг, сөрөг мэдээлэл их гарч байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйн дохио. Гэхдээ Ерөнхийлөгч өөрийгөө сонгуулахын тулд МАН-тай ямар нэгэн тохироо хийсэн гэж бодохгүй байна. МАН-ынхан өөрсдөө бүлэг байгуулах хүсэлтээ уламжилж, Ерөнхийлөгч хүсэлтийг хүлээж авсныг ч мэдэж байх учиртай.
-МАН хэдийгээр УИХ-д бүлэггүй байгаа ч хүчтэй сөрөг хүчний байр сууринаас ажиллаж чадаж байна уу?
-Алхам болгон дээр хүндрэл учруулж байгааг л ойлгож байна. Өмнө нь байсан улстөрийн хэв шинжээр өнөөдөр ажиллаж болохгүй. Бид ард түмний хүсэн хүлээж буй зүйлийн төлөө хамтдаа ажиллах ёстой. 20-иод жилийн зогсонги байдлыг өдөөсөн зүйл нь МАН-аас их хамааралтай. Үүнийг богино хугацаанд үгүй болгоё гэхээр МАН-ынхан төрийн ажлыг гацаахыг урьтал болгож байна. Уг нь энэ эрүүл улстөрийн хийдэг ажил биш.
МАН-ын гишүүн гэж бодохоосоо илүү УИХ-ын гишүүний хувьд төрийн ажилд идэвхтэй оролцох нь тэдний үүрэг. МАН-ынхныг бид хууль зөрчсөн үйлдэл рүү огт түлхээгүй. МАН УИХ-ын сонгуульд иргэдийн 32 хувийн санал авсан. Гэтэл цаана нь байгаа 68 хувьд нь ард түмэн төрийн жолоог атгуулсныг яагаад ойлгодоггүй юм бэ. Хэрэв МАН 32 хувь гэж ярьж байгаа бол цаана нь 68 хувийн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа шүү дээ. Төрийн эрх мэдлийг бидэнд шилжүүлчихээд 32 хувийн гацаа тавина гэдэг байж болохгүй зүйл. Төрийн ажил урагшлах ёстой. Цаашдаа ч урагшлах болно. Үүнд хэн ч саад хийж чадахгүй.
-Гэхдээ АН-ынхан МАН-ын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхээд байгаа юм биш үү?
-Хууль батлах төрийн бодлого болгох эрхийг ард түмэн өнөөдөр хэнд олгосон гэдгийг одоо болтол яагаад ойлгохгүй байгаа юм бэ. УИХ-ын олонхын баталсан хууль зөвхөн УИХ-д биш Монгол Улсын бүх иргэнд тусна. Хуулийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Бид хуулийг санаачилна. Санаачилсан хуулийг УИХ-ын олонх батална. Хууль Монголд мөрдөгдөнө. Эцсийн эцэст хуулийн хариуцлага ард түмэнд хэрхэн хүрч буйгаар хэмжигдэхээс МАН-ын гишүүдэд яаж тусав гэдгээр хэмжигдэхгүй. Энэ тал дээр би хатуу байр суурьтай байгаа.
Монгол орон сүүлийн хэдэн жил хууль мөрдөж ажиллаагүй. Баталсан хууль нь дандаа буруу зөрүү, лоббитой нийгэмд угшил тарьсан хууль болсон. Өнгөрсөн хугацаанд ийм байсан гээд АН хуулийн дарамтад амьдарсан гэж гоншигонохгүй. Тиймээс монгол төрийн ажил цаашид тасралтгүй явна. Яг үнэндээ МАН бүлэгтэй байх эсэх нь АН-ын 80 дахь асуудал.
-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалт гээд 1.4 их наяд төгрөг ярьж байна. Энэ бол их мөнгө. Гэтэл бидэнд энэ мөнгөний 300 хан тэрбум төгрөгт л шинэчлэлт хийх боломж байна.
-Тэгэхээр үлдсэн 1.1 их наяд төгрөг нь МАН-ын Засгийн газрын үлдэгдэл гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. 1.1 их наяд төгрөг нь МАН-ынхны бүтээн байгуулж буй ажлын үлдэгдэл. Тэр хөрөнгө оруулалтын дийлэнх нь нийгэмд ямар ч хэрэггүй шавар байшингууд. Нэгэнт эхэлсэн ажлыг дуусгахаас өөр аргагүй учраас баталж байна. Тэгэхэд МАН дөнгөж төрсөн хүүхэд шиг юм яриад байгааг гайхах юм. энэ оны төсөвт шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлье гэхээр хөрөнгө оруулалтыг 100 хувь хийх боломжгүй болчихоод байна.
-Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийг МАН-ынхан их шүүмжилж байна л даа?
-Энэ Засгийн газрын хөрөнгө оруулалтын нөхцөл бололцоо хумигдчихсан байна. 1.4 их наядын 1.1 их наяд төгрөг нь хуучин хийж буй ажлын төсөв гээд бод л доо. Гэтэл өнөөдрийн Засгийн газарт өөрийн бодлогоо хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүний төлөө 50 тэрбум төгрөг төсөвлөснийг шүүмжлэх учир юунд байна. Ерөнхий сайд энэ мөнгийг чухам юунд зарцуулах гэж буй жагсаалт, задаргаагаа гаргаад өгчихсөн шүү дээ.
Өмнөх төрийн ажлынх нь залгамж халааг хадгалаад, нэгэнт эхэлсэн ажлыг дутуу орхиод яах вэ. Дуусгая гэж бодсон. МАН-ынхны 1.1 их наяд төгрөгийг юунд зарцуулсан гэдэг задаргааг гаргах юм бол үнэндээ гасалмаар юм их бий. Харин бид тэгж гоншигонохгүй байгаа. Гэхдээ цаашид хөрөнгө оруулалтын сэтгэхүйг бид бүгдийг нь өөрчлөх ёстой гэсэн бодолтой байна.
-2014 оны хөрөнгө оруулалтын асуудлыг ямар зарчмаар авч үзэх нь зүйтэй гэсэн бодолтой байна вэ?
-Эмх замбараагүй байдал, хүн бүрийн лобби, аймаг болгоны хүсэлтээр хийгддэг хөрөнгө оруулалтуудыг зогсоох ёстой. Дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй болоод орон нутгийнхнаас саналыг нь авч хамгийн чухлаас нь эрэмбэлж жагсаагаад санхүүжүүлэх нь зүйтэй юм гэж бодож байна. Түүнээс биш жилд нэг нөхөр хэдэн тэрбум төгрөг аваад гэр барьдаг ажилд одоо цэг тавья л даа.
-АН-ынхан албан тушаалын төлөө амиа тавих нь гэж зарим хүмүүс шүүмжилж байна. Мөн МАН-ынхны зүгээс АН төрийн албан хаагчдыг хоморголон халж байна гэж үзээд байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Төр солигдсон гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Энэ нь бодлого өөрчлөгдөхтэй адил. Хэрэв бодлого өөрчилсөн бол шинэчлэлийг нэг багаар хийх ёстой. Санаа нэгдэж ажиллахын тулд бидний бодлогыг ойлгодоггүй хүмүүсээс салах зайлшгүй шаардлагатай. Боловсон хүчин гэдэг намын хамгийн чухал асуудал. 20 гаруй жилийн бугшсан төрийн сүлжээг бид задлах нь зүйтэй.
Төрийн албан хаагчид авлигын сүлжээ болж хувирсан. Төрийг дарамталдаг механизм болгосон. Энэ бүгдийг өөрчлөх өөрчлөлтийг зөвхөн бид ч гэлтгүй ард түмэн хүсч, хүлээж байгаа гэдэгт огт эргэлздэггүй.
Төрд очсон хүн төрийн эрх мэдлээр далимдуулж баяждаг, арга барилд дассан хүмүүс олон бий. Тэр ч утгаараа төрийн албанд шударга бус хүмүүс шургалах болсон учраас төрийн мөн чанар бүх шатанд алдагдсан. Энэ бүхнийг бид одоо л зогсоох учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн төлөө биш иргэдийнхээ төлөө үйлчилдэг төрийн албатай болгох нь энэ Засгийн газрын үүрэг. Тиймээс бид нийтийн албаны тухай хуулийг батална.
-Нийтийн албаны хуулийг батлахаар төрийн албан хаагчдыг мөн л хална гэсэн үг үү?
-Төрийн жинхэнэ албан хаагч гэж 30-аад мянган хүн байдаг юм билээ. Хамгийн ялзарсан улсууд төрийн захиргааны албан хаагчид дунд байдаг. Эрх мэдлээ ашигладаг, ард иргэддээ хойрго ханддаг, улстөрждөг энэ балиар бүтэц дээрээсээ багийн төвшинд хүртэл бий. АН-д үүнийг өөрчлөх талаар эргэлзэж тээнэгэлзэх зүйл алга. Ямар ч сөрөг дайралт ирлээ ч үүнийг хийх үүрэгтэй.
Төрийн албаны хуулийг өөрчилж нийтийн албаны хуулийг батлаад, төрийн бүх жинхэнэ албан хаагчийг дахин шалгалтад оруулах ёстой. Шалгалт гадаа гудамжинд байгаа мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчнүүдэд нээлттэй байх нь хамгийн чухал. Ингээд нийтийн албыг улстөрөөс ямар ч хамааралгүйгээр, зөвхөн төрийн өмнөөс иргэдэд үйлчилдэг сэтгэхүйтэй, боловсролтой, сэтгэлтэй хүмүүсээр бүрдүүлснээр иргэдийн бухимдал арилна.
-МАН-ынхан төрийн албан хаагчдыг халж сэлгэхэд яагаад эмзэглээд байгаа юм бол?
-Энэ асуултаа МАН-ынхнаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Төрийн албан хаагчдад хайртай гэхээсээ илүү МАН-аас улстөржсөн сүлжээ төрд бөх бат оршиж байгаа учир тасалдчих вий гэдэгт тэдний санаа зовж байгаа биз.
В.Дондовдорж