МИАТ-ын 49 хувийг хувьчилна
хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бол үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо ээлжит хуралдаанаа хийж, МИАТ компанийн мэдээллийг сонссон юм.
Давхар татварын сул талыг ашиглан татвараас зайлсхийж байсныг онцлов
Манай улсын Засгийн газраас Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс, Нидерланд болон Люксембургийн Вант улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр-ийг баталсан хуулийг хүчингүй болгох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцлээ.
Айвенхоу Майнз компани Саус гоби сэндс компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын Чалко компанид зарсан байна. Мөн Оюу толгой компани Нидерландын Вант Улсад бүртгэлтэйгээс дээрх компаниудаас авах татвараа Монгол Улс авч чадахгүйд хүрээд байгаа юм.
Засгийн газраас татварын тухай хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан гэрээ хэлцлийн улмаас ийнхүү татвар авч чадахгүйдээ тулсан байна. Улмаар Кувейт, Люксембург, Нидерланд, Арабын нэгдсэн Эмират улсуудтай байгуулсан давхар татварын гэрээг дахин нягтлан үзэж Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн заалтуудтай болохыг нь тогтоожээ.
Учир нь давхар татварын сул талыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар манай оронд хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийж байсан аж. Тиймээс хэлэлцээрийн дуусгавар болгох гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлахаар шийдвэрлэж, байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжив.
Кени улстай дипломат харилцаа тогтоох саналыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал Бүгд найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон билээ. Энэ дагуу манай улстай дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн 45 оронтой дипломат харилцаа тогтоох асуудлыг АНУ-ын Нью-Иорк хот дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан холбогдох талуудад санал хүргүүлжээ.
Харин эхний ээлжинд Бүгд найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэхээр болж, байнгын хорооны хуралдаанаар оруулж ирсэн байна. Хэлэлцүүлгийн явцад дээрх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс гишүүдийн дунд санал хураалт явуулж, Бүгд найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг олонх нь дэмжлээ.
Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэв
Өчигдөр үдээс хойш УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ээлжит хуралдаанаа хийсэн. Тус байнгын хороо энэ удаагийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг авч хэлэлцлээ.
Хамгийн эхэнд гишүүд 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаарх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, заалт тус бүрээр нь санал хураалт явуулав.
Ингэснээр дээрх тогтоолын хоёр дахь заалтад санхүүгийн салбарын байдлыг олон нийтэд тогтмол тайлагнах гэснийг санхүүгийн салбарын байдлыг улирал бүр олон нийтэд мэдээлэх болгон өөрчилж, нэгдүгээр зүйлийн гуравт зааснаар үйл ажиллагааны гэсэн дээр бие даасан, хараат бус гэдгийг нэмэн, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд гэсэн хоёр дахь зорилтыг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хэмээн тус тус өөрчилснийг гишүүд дэмжлээ.
МИАТ компанийн нийт зардлын 30 хувийг шатахуун эзэлж байна
Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд МИАТ компанийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг сонссон юм.
Төрийн өмчит МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны мэдээллээс үзэхэд тус компани нь дөрвөн үе шаттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ оны байдлаар 9000 цагийн нислэг, 420 мянган зорчигч, 160 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд МИАТ компани зах зээлийн 58 хувийг эзлэн үйл ажиллагаагаа жигд, хэвийн явуулж байгаа аж.
Харин өнгөрсөн онд 139 тэрбум төгрөг зарцуулж 130 тэрбум төгрөгийн орлого олж таван тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Үүнээс нийт зардлын 30 хувийг шатахуун эзэлж байгаа гэнэ. Энэ талаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон Шатахууны үнэ бидний төлөвлөж байснаас их хэмжээгээр нэмэгдэж байна. Хэрэв үнэ нэмэгдээгүй байсан бол компанийн зардал өнгөрсөн онд 8.5 тэрбум төгрөгөөр буурч, таван тэрбум төгрөгийг ашигтай ажиллах байсан гэв.
Түүнчлэн Харин 2012 оны эхний есөн сарын байдлаар манай компани 0.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэмээн ярьж байлаа.
МИАТ компанийн нийт зардлын 30 хувийг шатахуун эзэлж байгаа нь алдагдал хүлээхэд ихээхэн нөлөөлсөн гэнэ. Мөн дэлхийн орнуудад нэг тонн шатахууны үнэ дунджаар 1150 ам долларын үнэтэй байхад манай улсад НӨАТ-ыг тооцохгүйгээр 1500 орчим ам доллар байна. Энэ нь гадаадын зах зээлээс даруй 40 хувийн үнэтэй шатахуун хэрэглэж байгааг тэрбээр хурлын үеэр онцолж байв.
Европын нислэгээс арван жилийн дотор 73 тэрбумын алдагдал хүлээжээ
Тус компани 2000-2010 оны хооронд зөвхөн Европын нислэгээс л гэхэд 73 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Нөгөө талаас агаарын тээврийн салбарт сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн гурван компани орж ирж, үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайшаалтай ч цаашид нислэгийн аюулгүй ажиллагаанд хүндрэл учирч болох талтайг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсан талаар ч мөн ярьж байлаа.
Тодруулбал, МИАТ болон хувийн гурван компани жилдээ 1.2 сая зорчигчийг тээвэрлэх боломжтой ч хүчин чадлынхаа ердөө 30 хувийг ашиглаж ирсэн аж. Энэ тухай МИАТ компанийн гүйцэтгэх захирал тайлбарлахдаа Энэ нь нийлүүлэлт, эрэлтийн харьцаа алдагдсантай холбоотой юм. Хувийн компаниудын хувьд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүйгээс 20 тэрбумын алдагдал хүлээгээд байгаа. Цаашид энэ байдал үргэлжилбэл нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх аюултай хэмээн анхаарууллаа.
МИАТ компани 2013 онд шинэ онгоц худалдаж авна
МИАТ компанийн үйл ажиллагааны тухай мэдээллийг сонссоны дараа байнгын хорооны гишүүд асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сүүлийн 20 жилд иргэд танай компаниар үйлчлүүлэхдээ хамгийн өндөр үнэтэй үйлчилгээ авч ирсэн. Хувьчлалын асуудал яг ямар шатандаа явж байна хэмээн асуув.
Хариуд нь МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон Монголд үйл ажиллагаа явуулдаг ч ашиг орлого зэрэг нь Монголд үлдэхгүй гадагшаа шууд урсдаг. Засгийн газраас МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ ч утгаараа тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байна гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганбат Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван ч компани ашиггүй ажиллаж байна гэдэг мэдээлэл хийлээ. Зардал, үр ашгийг сайн нягталж байж, хийх ёстой мэдэгдэл гэсэн бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг МИАТ-д ганц компани шатахуун нийлүүлдэг. Яагаад ганцхан компаниас шатахуунаа хангаж ирэв. Нефть импортлогч олон аж ахуйн нэгж бий. Тэднээс хамгийн хямд үнэ санал болгож байгааг нь сонгох ёстой хэмээв.
Сонирхуулахад, тус компани нь ирэх оны зургаадугаар сараас эхлэн орчин үеийн шаардлага хангасан шинэ онгоц худалдаж авахаар гэрээ байгуулсан байна. Харин АНУ-аас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч эх үүсвэрийн тодорхой хувийг шийдэх гэнэ. Үлдсэн мөнгийг нь Хөгжлийн банк-ны зээлээр шийдэж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьжээ.
Б.Төрбат