Хойд Солонгосын тэргүүн хатагтай жирэмсэн үү?
гарлаа. Хүмүүсийн дунд байгаа цуу ярианаас үзвэл тэр хөл хүндтэй болсон байж болзошгүй гэнэ. Эс бөгөөс олон нийтийн өмнө биеэ зөв авч яваагүй гэсэн шүүмжийг улс төрийн томчуудаас сонссон учраас ийн хоёр cap шахам гэрийн хорионд орсон байж магадгүй аж.
Гэвч Ройтер агентлагийн мэдээлж байгаагаар Ри Сол Жу өчигдөр нөхөртэйгөө хамт хөгжмийн концерт үзжээ. Тэдний концерт дээр хамт байгаад үзэгчид ихэд талархан баяр хөөртэйгөөр алга ташиж байсан хэмээн мэдээлжээ. Ёнхап мэдээллийн агентлагийн мэдээлснээр тэдний үзсэн концерт нь Өмнөд Солонгосын Ким Ил Суны Цэргийн их сургуулийн 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа байсан байна. Мөн тэд Риг хоёр сарын турш алга болохоосоо өмнө бараг бүхий л олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, олон улсаар хүртэл явж байгаа нь, тэр бүү хэл гаалийн үзлэгээр орж байгаа нь хүртэл олон түмэнд ил байсан гэжээ.
Ри есдүгээр сарын эхнээс л нөхөртэйгөө аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, олны нүднээс далд байлаа. Түүний энэ олонд харагдахгүй байгааг Өмнөд Солонгосын аюулаас хамгаалах албаныхан бүсгүйг энгийн, хөгжилтэй байдлаасаа болж улсын нөлөө бүхий ахмадаас сахилгын сануулга аваад гэртээ хоригдож байгаад гарч ирлээ гэж үзжээ. Харин бусад таамаглагчдын үзэж байгаагаар удирдагчийн эхнэр хөл хүнд болсон учир олны нүднээс хол байлгаж байна хэмээн үзсэн байна. Чусан Илбу сонинд мэдээлснээр Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй байдлын албанаас Их хурал дээр хийсэн товч мэдэгдэлд Ажиглагчдын мэдэгдэж байгаагаар Ри Сол Жу Хойд Солонгосын ахмадуудын дунд сахилгын журмыг тодорхой түвшинд зөрчсөн талаар ихээхэн яригдаж байгаа бөгөөд үүн дээр нэмээд тэр хөл хүнд болсон байж болзошгүй гэжээ.
Францын мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар Ри сүүлийн хоёр удирдагчдын хоёулангийнх нь эхнэрүүд өмсдөг байсан, мөн хойд Солонгосын бүх насанд хүрэгчдийн өмсөж байх ёстой бараан өнгийн, ихэнхдээ хар юм уу хар хөх өнгөтэй өмд хүрмийг өмсөхөөс татгалзсанаас болж шийтгэгдэж байгаа нь энэ гэсэн байна. Ри Сол Жуанх 2012 оны долоодугаар сард Кимийн эхнэр хэмээн дэлхий дахинд танилцуулагджээ. Тэр хоёрын хамт явах болсныг харан гайхаж байтал цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаан дээр тэр хоёрын гэрлэлтийн байдлыг тодруулж өгсөн байна. Гэхдээ албан ёсоор бус, харин тэр хоёрыг ирсэн тухай зарлахад л Риг эхнэр нь юм байна гэж дэлхий дахин ойлгосон байна. Тэднийг ирэхэд Нээлтийн дуу дуулагдаж байхад, манай нам болон ард түмний агуу удирдагч, бидний хүндэт Маршал Ким Жон Ун, нээлтийн ёслолын ажиллагаан дээр өөрийн эхнэр, нөхөр Ри Сол Жутай хамт ирлээ хэмээн зарлажээ.
Энэ маш товчхон, мөн ховорхон дүрслэлээр бараг бүх зүйл үдсэн ам шиг хаалттай байдаг Хойд Солонгосын Засгийн газар олон нийтийн үйл ажиллагаан дээр Кимийн хажууд явах болсон нууц бүсгүй нь үнэндээ түүний эхнэр байсныг дэлхийд мэдэгдсэн билээ. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байхгүй ч Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр тэднийг бүр 2009 онд гэрлэсэн гэсэн байна. Хэдийгээр Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслээр тэднийг яг хэзээ гэрлэсэн, хаана гэрлэлтээ бүртгүүлсэн, тэр хоёр хүүхэдтэй юу үгүй юу гэдэг талаар бараг огт яригддаггүй гэж хэлж болох ч Өмнөд Солонгосын нэгэн шинжлэх ухаан мэдээллийн сонин дээр Кимийг нэг хүүхэдтэй гэсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр сүүлийн 50 хоног олон түмний өмнө гарахгүй байснаа нөхөртэйгөө хамт хөгжмийн концерт үзсэн нь Ким Ил Суны Цэргийн их сургуулийн 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа байсан байна. Мягмар гаригт болсон энэ үйл ажиллагаан дээр Ри Сол Жу өмнө өмсдөгөөсөө арай даруухан байдлыг илэрхийлсэн урт хүрэмтэй гарч иржээ. Засгийн газрын эх сурвалжийн хэлснээр түүний энэ урт хүрэм мэдэгдэхүйц томорсон гэдсийг нь нууж чадаагүй байна. Зөвхөн мэдэгдэхүйц томорсон гэдсээр зогсохгүй тэрбээр жин нэмсэн байжээ. Бид үүнийг нь Родонг Шинмүн хэмээх сонин дээр нийтлэгдсэн гэрэл зургаас харж болно.
Уг эх сурвалж түүнийг гурван сартай жирэмсэн байж болзошгүй гэсэн ч хосыг хүүхэдтэй юу үгүй юу гэдэг дээр тодорхой хариулт өгөөгүй байна. Ри бол үнэхээр чухал бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Учир нь Ким Жон Ил эхнэрүүдээ хэзээ ч олон түмний өмнө харуулж байгаагүй. Харин түүний хүү өмнөх удирдагчдын амьдралын хэв маягийг эвдэн арай зөөлнөөр урагшилж байна гэж хэлж болох юм. Тиймээс бүсгүй бусад Тэргүүн хатагтай нарын адил нөхрөө улс орноо удирдаж байхад охидын хийх ёстой зүйлс болох гоё сайхан харагдаад хүмүүст тэднийг хайрлаж халамжилж байгаагаа үзүүлэх болж байх шиг байна гээд Ри Сол Жуг коммунист Кэйт Миддлтон гэж нэрлэж болно гэжээ.
Ригийн тухай зарим нэг мэдээллийг Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн хэрэгслээс олж авч болох бөгөөд ихэнх нь гадаадын мэдээллийн тэр тусмаа Өмнөд Солонгосын мэдээллийн агентлагуудаас ирдэг байна. Ри Сол Жу анх 2012 оны долоон сард Хойд Солонгос дахь нэгэн гала концерт дээр Шанелийн хар даашинзтай гарч ирсэн нь олон хүмүүсийг цочоосон гэдэг. Учир нь тус улс өдийг хүртэл Маогийн гэж хэлж болохоор хамгийн энгийн ажлын хувцсыг албан ёсны үйл ажиллагаа, ажил, сургууль тэр бүү хэл баяр ёслолоор ч өмсдөг байсан ард түмэн юм. Тиймээс энэ бүхэн тус улсын агуу удирдагч Ким Жон Уны олон өөрчлөлтийнх нь нэг үү, эсвэл ерөнхий генералаа ажлаас нь халах зэргээр гаргаж байгаа муухай ааш уу гэдэг одоогоор тодорхой бус хэвээр.
Ким Жон Илийн сүшиний хувийн тогооч болох Кенжи Фужимото саяхан хийсэн Хойд Солонгос дахь айлчлалынхаа үеэр Ри Сол Жутай танилцжээ. Тэр түүнийг дүрслэн хэлэхдээ Тэр үнэхээр сэтгэл догдлуулмаар ялдам. Би түүний дуу хоолойг дүрслэн хэлж чадахгүй байна. Нэг л сайхан намуухан гэжээ. Энэ уулзалтынхаа дараа Ри түүнд Кристиан Диорын цүнх бэлэглэсэн байна.
Ри Сол Жугийн тухай тодорхой үнэн зөв баримтууд маш цөөхөн байдаг учир нь тус улсын албан ёсны мэдээллийн агентлагаар түүний тухай маш цөөн зүйлийг л бараг зарлах төдий дурдаад өнгөрдөг байна. Зарим мэдээллийн төвүүд бараг түүний нэр нь хүртэл нууцлагдмал байж магадгүй хэмээн хардаж байгаа гэнэ. Ригийн төрсөн он cap өдөр бараг гарсан мэдээ бүртээ өөр өөр байдаг бөгөөд тэрээр 1985-1989 оны хооронд төрсөн байна. Ри боловсролтой элит гэр бүлээс гаралтай. Түүний ээж орон нутгийн нэгэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн хэсгийн дарга бол аав нь Их сургуулийн профессор. Тэр Пуонгуам мужийн хоёрдугаар арван жилийн Геймсунг сургуулийг төгсөөд Хятад улсад дуулаачийн мэргэжлээр сурсан байна. Жуун Анг Илбу хийгээд зарим нэг мэдээллийн албууд түүнийг гадаад оронд хэд хэдэн тоглолтоо хийсэн Унхасу Оркесрт дуучин байсан хэмээн тогтоожээ. Тэр одоогийн байдлаар Ким Ил Суны Их сургуульд шинжлэх ухааны профессорын зэрэг горилон сурч байгаа гэнэ.
Тэр мөн 2005 онд Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын хөгжөөн дэмжигчээр очжээ. Тэрбээр Бид нэгдмэл хэмээн хашгирч байсан 90 хөгжөөн дэмжигчдийн нэг байсан байна. Ри уг аяллаар явж байхдаа замдаа тааралдсан Өмнөд Солонгосын багштай ярьж, Бид нэгдсэн даруйдаа Өмнөд Солонгосын багш нараар хичээл заалгах хүсэлтэй байна хэмээн хэлж байжээ. БиБиСи Өмнөд Солонгосын мэдээ сонинд өгсөн нэгэн шинжээчийн хэлснийг иш татан мэдээлэхдээ Кимийн эцэг Ким Жон Ил 2008 онд цус харвалтанд өртөж зовж шаналан байхдаа хүүгийнхээ гэрлэлтийг яаравчилж 2009 онд хийсэн бөгөөд 2010 онд хоёр хүүхэдтэй болсон гэжээ.
2012 оны долоодугаар сард ЭйБиСи телевизийнхэн Ри Сол Жигийн гэнэт гарч ирсэн тухай мэдээлэхдээ, эцэг нь бүжигчин бүсгүйд хайр сэтгэлтэй болж, одоо хүү нь дуучинд дурлажээ өнөөдөр Сөүлд болж байгаа хамгийн ихээр яригдаж байгаа зүйл бол 24 настай дуучин S бүсгүй Хойд Солонгосын тэргүүн хатагтай болж байгаа Ри Сол Жи юм гэжээ. 28 настай Кимийн нэр хүнд эцэг Ким Жон Илийг нь нас барсны дараагаас ихээхэн өсөөд байгаа. Түүний эцэг дөрөв, таван эхнэртэй байсан тэднийхээ хэнтэй ч олон түмний өмнө хамтдаа ил гарч байгаагүй бөгөөд Жон Ун Жон Илийн дөрөв дэх эхнэр нэрд гарсан бүжигчин Ко Ён-Хигээс гарсан хүүхэд юм.
Өмнөд Солонгосын бизнесмен 52 настай Эдвард Хан түүний тухай хэлэхдээ Би Ри Сол Жуг Солонгосын сонгодог үндэсний гоо сайханг харуулсан цэвэрхэн дугуй царайтай гэж боддог.
Тэр мөн ихэнх ахмад хүмүүст таалагддаг дуулгавартай эхнэрийн дүртэй гэжээ. Одоогийн байдлаар дэлхий Хойд Солонгосын тэргүүн хатагтайн жирэмсэн эсэхийг мэдэхийг хүсч байгаа ч тус улсын албан ёсны мэдээллийн агентлагууд энэ тухай тодорхой зүйл өгүүлээгүй байна.
Л.Буянаа