26 дугаар тойргийн хорооны хуралдааныг АН-аас угшилтай гишүүд саатуулжээ
УИХ-ын сонгуулийн хоёр мандатын төлөө дахин санал хураалт болно. Энэ хүрээнд тус дүүргүүдийн тойргийн хороод бэлтгэл ажлаа хийж байгаа юм. Харин өчигдөр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо энэ асуудлаар хуралдах гээд чадаагүй байна. Учир нь Ардчилсан намын угшилтай тус тойргийн хорооны гишүүд хуралдаандаа ирээгүй аж. Тодруулбал, 26-дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, гишүүн М.Галбадрах, Т.Гантөмөр, Л.Ариунаа, Э.Хангай, Г.Отгонбаяр нар ирээгүй учраас сонгуулийн тойргийн хорооны бүрэлдэхүүний ирц хүрээгүйгээс болж хуралдаанаа хийж чадалгүй тарцгаасан байна. Ардчилсан намын гишүүд тойргийн хорооны хуралдааныг ийн зохион байгуулалттайгаар хойшлуулах шалтгаан бий аж. Тус тойргийн хорооны нарийн бичгийн дарга, өдгөө Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийж буй Б.Ганцэцэгийн хуурамчаар үйлдсэн 43 дугаар тогтоолоор шүүхэд нэхэмжлэл гарган, тус тойрогт нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг дахин сонгуульгүйгээр УИХ-ын гишүүн болгохоор зүтгүүлж байгаа.
Уг хуурамч тогтоолд 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр Сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын 28 хувийн саналыг авах босгыг давсан гэж бичсэн байгаа юм. Гэхдээ тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгийн захиалгаар үйлдсэн хуурамч тогтоолыг баталгаажуулж, 26 дугаар тойргийн хорооны дарга М.Баасандорж гарын үсгээ зураагүй байгаа юм. Харин нэр дэвшигч Л.Эрхэмбаяр заавал энэ тогтоолоор маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өнөөгийн эрх баригчдын хууль шүүхийн байгууллага дахь нөлөөгөөр шүүхийн шийдвэрийг өөрийнхөө талд гаргаж болно гэж Л.Эрхэмбаяр тооцоо биз. Тиймээс ч тойргийн хороо хуралдах нөхцөлийг эхний ээлжинд ирцээр нь хаахаар шийджээ.
Эргэн сануулахад УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны жинхэнэ буюу 48 дугаар тогтоолд тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Тэр тогтоолоор одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг нарыг сонгосон. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Сайхантуяад ирүүлсэн 2012 оны есдүгээр сарын 3-ны 716 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай бичигт Сонгуулийн ерөнхий хороонд 26 дугаар тойргийн хорооноос 2012 оны долдугаар сарын 1-ний 43 дугаар тогтоолыг ирүүлээгүй болно хэмээн СЕХ-ны дарга асан Н.Лувсанжав гарын үсгээ зурсан байдаг юм.
Түүнчлэн Ардчилсан намаас СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд 26 дугаар тойрогт болох УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтыг ирэх сарын 21-нд болох орон нутгийн сонгуультай хамт явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, авч үлд гэсэн даалгавар өгсөн талаар зарим эх сурвалж хэлж байна. Хэрэв дахин санал хураалт болохгүй бол сөрөг хүчний УИХ дахь суудлын тоог нэгээр цөөрөх юм.
Угаасаа хэн хэнээсээ ихээхэн хамааралтай, эмзэг УИХ, Засгийн газрыг бүрдүүлсэн Ардчилсан нам нэг ч гэсэн суудлыг ямар ч хамаагүй аргаар нэмээд авчих туйлын хүсэл байгаа. Ардчилсан нам өөрөө дөрөв таван фракцаас бүрдсэн. Дээрээс нь хоёр нам нийлсэн ИЗНН, бас МАХН МҮАН-ын эвсэл байна. Нэг нам нэг эвсэл, эсвэл нэг фракц гэдийхэд л бүх асуудал гацаж болно. Түүнчлэн эрх баригч Ардчилсан нам УИХ-д 31 суудалтай бол, сөрөг хүчин болсон Ардын намын төлөөлөл одоохондоо 25 байна. Мөн Баянзүрх дүүрэгт болох дахин санал хураалтаар Ардын намын хоёр гишүүн хооронд өрсөлдөнө. Хэрэв Өвөрхангайгаас сонгогдсон С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын тангаргийг нь өргүүлж, Сонгинохайрханы сонгуульд МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар ялалт байгуулчихвал хоёр намын УИХ дахь суудлын харьцаа 3129 болох юм. Эрх баригч хийгээд, сөрөг хүчний хооронд ердөө хоёр суудлын ялгаа гарна гэсэн үг юм. Нэг талаас харахад сонирхолтой мэт боловч нөгөө талаас нь харвал ихээхэн түвэгтэй нөхцөл байдал. Тиймээс л эрх баригчдад сөрөг хүчнийхээ парламент дахь жин нөлөөг сулруулахын тулд 26 дугаар тойргийн хороон дээр дээр дурдсанчлан хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээг шат дараалан авч байна.
Б.Энхжаргал