Г.Баярсайхан Ард түмнээ ямар нэгэн өрөнд оруулахгүй бизнес төсөлд л хөрөнгө оруулалт хийгдэх ёстой
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Намууд өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд ирэх оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Жил бүр л бид төсвөө баталдаг. Төсөв батлах явцад мэдээж маргалдах зүйл их гарна. Нэг л зүйл байдаг хөрөнгө оруулалт хэр оновчтой зүйл байна вэ гэдэгт тухайн эрх барьж буй нам анхаарлаа хандуулж байдаг. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд чухал гэсэн хөрөнгө оруулалтыг хийх учиртай. Аль болох оновчтой сонголт хийх хэрэгтэй байна. Учир нь чухал их бүтээн байгуулалтын эхлэлийг бид бүхэн тавьж байгаа учраас энэ асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Засгийн газар өөрийн авдарт байгаа хөрөнгийн хэрээр төсвөө танасан байгаа.
Сайд нар өөрсдийн аймагт илүү их төсөв суулгасан байна гэсэн маргаан гарсан. Энэ маргаан манай нам дотор ч гарсан. Үүнийг үгүйсгэхгүй. Бас сөрөг хүчин болох МАН-ынхан оновчгүй хөрөнгө оруулалт болсон. Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийг хардаад байх шиг байна. Төрийн нэг зоос ч гэсэн хяналттай байгаа гэдгийг одоо хүртэл ойлгоогүй байгаа бололтой. Намын бүлгийн хурал дээр ч гэсэн бид бүхэн Ерөнхий сайдаас 50 тэрбум төгрөгийн задаргааг шаардсан. Ерөнхий сайд энэ задаргаа олон түмэнд ил тод байх ёстой гэсэн байр сууринаас хандсан. Хэн ч гэсэн энэ задаргаатай бүрэн танилцах боломжтой гэдгийг хэлж байгаа.
Миний хувьд 2013 оны төсвийг улстөржүүлэлгүй аль болох эрүүл ухаанаар шийдээд явах л хэрэгтэй гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа. Миний сонгогдсон Чингэлтэй дүүрэгт ч гэсэн төсөв алдагдалтай байгаа. Оюутолгой-гоос хөрөнгө оруулах асуудал ярьж байна. Тэр нь жаахан бүтэл муутай байх шиг байна. Гаднаас 1,5 тэрбум ам.доллар, бондоор хөрөнгө оруулалт босгож байна. Эргээд ард түмнээ ямар нэгэн өрөнд оруулахгүй бизнес төсөлд л хөрөнгө оруулалт хийгдэх ёстой гэж бодож байна.
-Ерөнхийлөгчийн МАН-ыг бүлэг байгуулах тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн барьсан. Гэсэн хэдий ч мягмар гаригийн Төрийн байгуулалтын байнгын хороо асуудлыг хойшлуулсан. Ямар шалтгаанаар ингэв?
-Миний байр суурь ер нь аль эртнээс тодорхой байгаа. Ганцхан намд зориулж улстөрийн үйл ажиллагааг тохируулна гэж юу байхав. Бүхэл бүтэн 24 цагийн дотор хуулиараа бүлэг байгуулах асуудлаа өргөн бариагүй байж одоо ингэж араас нь олон зүйл ярьж асуудалд ингэж хандаж боломгүй юм шиг санагдах юм. Ер нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тэр хуулийн төсөлтэй манай намынхан бүрэн дүүрэн танилцаж амжаагүй байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулсан гэж ойлгож байгаа. МАН бол УИХ-ын болоод Үндсэн хуулийг хүндэтгээгүй. Одоо тэгэхээр ганцхан намд зориулж хууль гаргах болж байна шүү дээ.
-Хойшлуулалгүй хуулийн төслийг хэлэлцсэн бол бол улстөрд үүсээд байгаа гацааг цэгцлэх байсан юм биш үү?
-Одоо л үүнийг гацаа гэж нэрлээд байна. Яг үнэндээ төрийн ажил гацаагүй үргэлжилж байгаа шүү дээ. Ард иргэд харж байгаа байх. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Хууль зөрчөөд байгаа зүйл алга. Харин хуулиа зөрчөөд нөхдүүд бүлэгтэй болох тухай яриад байх юм.
-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд нийслэлийн удирдлагуудын зүгээс хийж байгаа ажилд ямар дүгнэлт хийж байна?
-Нийслэлийн шинэ удирдлагыг харж байгаа. Нийслэлд их сайхан зүйлийг шинээр хийж байгаа. Нийслэл бол үнэхээр их ажил зохион байгуулж байгаа. Үүнийг бид бүхэн дэмжиж ажиллаж байна. Нийслэлийн цаашид хийх ёстой ажлуудыг дэмжих ёстой гэж бодож байгаа. Нийслэл ямар ч ажил хийсэн түүнийг Засгийн газрын зүгээс дэмжинэ гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн хариуцлагын асуудал дээр анхааралтай байх болов уу. Зөвшөөрөлгүй маш олон баригдаж байсан барилгын асуудал, зөвшөөрөлгүй авсан газрын тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, олон жил далд явагдаж байсан ажил гэх мэт хууль зөрчсөн эдгээр олон зүйлд тодорхой хариуцлага тооцохоор болсон байна лээ. Үүнийг зөв гэж бодож байна.
-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Анхаарлаа хандуулж байна уу?
-Орон нутгийн сонгууль бол их чухал ач холбогдолтой сонгууль юм. Ард иргэд ч гэсэн идэвхтэй оролцох хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн саналыг автомат машинаар тоолсон шүү дээ. Энэ сонгуулийг ч гэсэн автомат машинаар тоолохоор болсон нь их сайшаалтай. Өмнө нь гараар санал тоолдог байсан нь сонгуулийн саналыг ихээр будлиантуулдаг байсан. Хугацаандаа бие, бие рүүгээ муу хар үг хэлэхгүй. Сонгуулийн хуулиа зөрчихгүй шударга үнэн зөвөөр явагдана гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь саналаа худалдаж авахгүй л байх хэрэгтэй.
Э.Оюунцэцэг