Иргэддээ ээлгүй ирэх оны төсөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, бататлаа. Мөн Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд төсвийн тухай хуулийн зарим заалтыг хамааруулахгүй байх тухай хуулийн төсөл батлагдав. Уг хуулиар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахад 2012 оны төсвийн тухай хуулийн зарим зүйл заалтанд хамааруулахгүй байх талаар тусгажээ.
ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 7,088,3 ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ ДНБ-ИЙ 40,2 ХУВЬ БАЙНА
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо энэ сарын зургааны өдрийн хуралдаанаараа хийж, дэмжсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд уншиж, танилцуулав. Тэрээр, чуулганы хуралдаанаар уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсвийн орлого, зарлагын үзүүлэлт болон хөрөнгө орлогын хавсралтад суулган зохих тооцооллыг хийсэн тухай мэдэгдээд, зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын 3.0 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсон гэв.
Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны тавдугаар сарын есний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуу өөрчлөлтүүдийг тусгажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн саналуудын дагуу төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 131,0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, харин хөрөнгө оруулалтын зардлыг 58,4 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад зээлийн хөрөнгө оруулалтын зардлаас 74,8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж тусгасан байна. Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байна гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,088,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40,2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага өргөн барьсан төслөөс 4,6 тэрбум төгрөгөөр буурч 7,444,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42,2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356,3 тэрбум төгрөгт буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байгаа аж. Тиймээс ирэх оны төсвийг бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барихаа дурдав.
ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013. оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дуусч дөрөв дэх хэлэлцүүлэг эхэлж, УИХ-ын дарга төслийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Бямбацогт, С.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин нар төслийн зарим заалтын талаар асуулт асууж, саналаа хэллээ.
Монгол Улсын төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,975,087,2 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 4,215,200 сая төгрөгөөр тогтоохыг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр хуулийн төсөл батлагдав. Харин Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухайд аж ахуй нэгж, байгууллагаас төлөх шимтгэлд 313.161.3 сая төгрөг, ажиллагсдаас төлөх шимтгэл 382,529,7 сая төгрөг, төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 131.164.4 сая төгрөг, нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6,2 сая төгрөг байхаар тус тус баталж байна. Тус сангийн зарлагыг 1,066,808,9 сая төгрөгөөр тооцох нь зүйтэй хэмээн үзэж,.70,5 хувийн саналаар Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хууль мөн батлагдлаа.
Ш.Батцогт