Архитай нь биш ахуй орчин, стандарттай нь тэмцье-2

Өдөр нь дэлгүүр, холбоо, клуб хавиараа цугларч байснаа орой болохоор энд тэндгүй хэд гурваараа согтуу гуйвж дайваад, орилж хашхиралдаад явцгаах юм.

Хамгийн гайхалтай нь сумын төв дээр залуучууд орой үдэш орж суугаад соёлтойхон үйлчлүүлчих газар ганц ч алга. Тэгээд л гэрэлтэй газраа бараадсан шүд амгүй, нүүр ам нь хөх няц болчихсон нөхөд шавааралдаад түйвээж байх нь тун ч гунигтай юм гэлээ.

Түүний энэ үг Монгол орны хөдөө сумын төвүүдийн нийтлэг төрхийг яг л голоор нь хэлчих шиг санагдсан.

Хаа сайгүй алт, нүүрс, уурхай нээгдэж, хэдэн жилийн өмнөхийг бодвол хөдөө сумын төвүүд амь ороод эхэлсэн ч XXI зууны суурин, соёлт амьдралын хэв маяг зөв голдрилдоо орох яагаа ч үгүй байгаа. Одоохондоо сумын төвүүд байтугай нийт хүн амынх нь талаас илүү нь амьдран суугаа Улаанбаатар хот иргэдийнхээ чөлөөт цагийг ая тухтай, орчин цагийн хэрэгцээнд нийцэхүйц үйлчилгээний байгууллагуудаар хангаж хүчрэхгүй байгаа. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л архи, согтууруулах ундаатай хамт явсаар өнөөдрийг хүрээд байгаа. Түүний гэм хор, хөнөөл уршгийг нурших нь үнэндээ илүүц. Яаж ч хориглож, хатуу тэмцээд шилтэй цэнхэр- ийн учрыг олж чадахгүйгээс хойш яавал нийгэмд, хүмүүст, өөртөө балаг багатай, арай соёлтой хэрэглээнд шилжих тухай л нийтээрээ хэлэлцэж, оюун ухаанаа уралдуулбал зохилтой санагдана. Түүхээс үзвэл архитай хатуу ширүүн тэмцэл явуулаад амжилтанд хүрсэн нь үгүй.

1930-аад оны АНУ-ын хуурай хууль, 1980-аад онд хуучин ЗХУ-ын удирдагч Ю.В.Андроповын санаачлан хэрэгжүүлсэн архины эсрэг харгис гэмээр хатуу бодлого харин архины далд бизнес улам ч хүчирхэгжиж, хууль бус зохион байгууллалттай гэмт бүлэглэлүүд ард олныг самууруулан хордуулах тааламжтай нөхцөлийг бүрдүүлж өгснөөс өөр ямар ч үр дүнгүй өнгөрсөн.

Ямар ч нийгэмд архины эсрэг тэмцэл бүх нийтийг хамарсан хүчтэй хэлбэрээр өрнөхөөр архидалт улам бүр ахуйн хүрээ рүү шилжиж, нийгмийн оршин тогтнох үндэс болсон гэр бүл, айл өрхүүд хамгийн том аймшиг, заналхийлэл, хүчирхийлэлтэй тулгардаг байна.

Үүний хамгийн ойрын жишээ нь Ю.В.Андроповын архитай хатуу тэмцэл явуулсан жилүүдэд хуучин ЗХУ-ын 10 гэр бүл тутмын гурав нь салж сарниж байсан хорлонтой үзүүлэлт байдаг аж. Хамгийн эмгэнэлтэй нь, нийгэм даяар харгис аргаар архитай тэмцсэний балгаар айл өрх бүр шахуу нууцаар архи үйлдвэрлэдэг болж, гэр бүлээрээ архиддаг туйлын харамсалтай уршиг тогтжээ.

Монгол Улс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх гэж мунгинаж байх хооронд есөн жил өнгөрлөө. Олигтой үр дүнд хүрсэнгүй. Одоо ёстой л найман настай балчраас 80 настай буурал хүртэл архинд донтдог болчихсон нь хэнд ч илэрхий. Янз бүрээр л тэмцлээ ч яг өнөөдөр ямар нэгэн эерэг шийдэлд хүрсэнгүй.

Хойшдоо ч сайн үр дүнд хүрэх нь эргэлзээтэй л байгаа. Гэхдээ ингэлээ гээд зүгээр сууж таарахгүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний тушаалаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын шинэ стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан нэлээн шаргуу ажиллаж байгаа нь өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ноцтой асуудлын хор хөнөөлийг багасгах, энэ ажилд иргэдийн анхаарлыг хандуулах бас нэгэн хэлбэр билээ. Үүний өмнөх нийтлэлээрээ шөнийн цэнгээний газруудын өнөөгийн байр байдал, ажлын цаг зэргийг хөндсөн тул энэ удаа бүх нийтийн архины хэрэглээг багасгахад нэмэр болохуйц өөрийн санал бодлоо нэмэрлэе.

Хамгийн эхэнд өнөөдөр дэлгүүр бүрийн лангуун дээр зай завсаргүй өрөөстэй байгаа шилтэй цэнхэр-ийг худалдан авах үнийг өсгөхийн тулд архины онцгой албан татварыг огцом нэмэгдүүлэх шаардлагатай. Бидний муу хэлдэг социалист нийгмийн үед 0.5 литрийн архи 26 төгрөгийн үнэтэй байв. Тэр үеийн сарын дундаж цалин болох 300 төгрөгөөр 10-15 шил архи худалдан авч болно. Архи харьцангуй үнэтэй байсан тэр үед өнөөдрийнх шиг хавтгайрсан архидалт байсангүй. Уудаг хүрээндээ, хүн амдаа харьцуулвал цөөхөн архичинтай байж.

Харин өнөөдөр дундаж буюу 600 мянган төгрөгийн цалинтай хүн 100 шил архи элбэгхэн авчих боломжтой. Харьцуулашгүй үзүүлэлт байгаа биз. Иймд нэн тэргүүнд шил архины үнийг дор хаяж 20000 төгрөг байхаар архины онцгой татварыг огцом нэмэгдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр 6500-8500 төгрөгөөр зарагдаж байгаа Ерөөл архийг 25000 төгрөгөөр авч уугаад байх хүн аяндаа цөөрнө. Дэлгүүрт 25000 төгрөгөөр зарагдаж байгаа архи баар, ресторанд 70000 төгрөгөөс дээш үнээр зарагдах нь ойлгомжтой. Тэгвэл 600 мянган төгрөгийн цалинтай хүн хэдэн удаа дэлгүүрээс архи авч, хэдэн орой ресторанд тансаглах нь тодорхой. Энэ хүмүүсийн ард гэр орон, хань ижил, үр хүүхэд нь байх л учиртай. Тэгвэл нэг удаа 100 мянган төгрөгөөр ресторанд тансаглаж, нэг оройг зугаатай өнгөрүүлсэн хүн дахиад дөрвөн орой 100 мянган төгрөг ресторанд тушааж зүрхлэх болов уу.

Ерөөсөө хүн төрөлхтөн нийтийн хэрэглээ, тансаг хэрэглээ хоёроор л нийгмийн аливаа асуудлуудыг зохицуулсаар ирсэн. Яах вэ. Сардаа сая гаруй төгрөгийн цалинтай хүмүүс нь хэдэн орой ч ресторанд суусан хамаагүй. Харин дундаж цалинтнууд тэдний хөлд чирэгдээд байж яагаад ч чадахгүй. Хамгийн энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй арга нь одоогоор энэ л баймаар.

Түүнээс гадна БНСУ, Япон зэрэг орны хавтгайрсан архидалтыг даван туулсан бодит туршлага нь тансаг хэрэглээний хатуу градустай архинаас илүүтэй хүн амынхаа ихэнх хэсэгт нь зориулсан бага градустай согтоох чадвар сулхан архи хэрэглээнд нь голлодог.

20, 25, 30 градусын архи хаа сайгүй тааралдах ч Солонгосын гудамжинд согтуу хүн олж харна гэдэг бараг л боломжгүй. Яагаад гэвэл тэнд нийгмийн сэтгэл зүй нь нийтээрээ архидах, донтох байдлыг даван туулж, нийгэм нь эрүүлжиж чадсан учир энэ асуудалд ач холбогдол өгөхөө больсон. Тэгээд ч архи ууж, гутрал зовлонгоосоо түр зуур ч болтугай ангижрахыг хүсэмжлэх нийгмийн бухимдал, ажилгүйдэл, ядуурал тэнд байхгүй.

Түүнээс гадна бүх төрлийн дэлгүүр, баар, ресторан, шөнийн цэнгээний газрууд 18 насанд хүрээгүй хүмүүст архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй болж энэ төрлийн зөрчилд авах арга хэмжээг бодитойгоор чангаруулах шаардлагатай. Энэ ажилд Улаанбаатар хотыг бүрэн камержуулах, хяналт шалгалтыг өндөр түвшинд явуулах зүй ёсны шаардлага урган гарч байгаа юм. Насанд хүрээгүй хүмүүст энэ төрлийн үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг дахин сэргээх эрхгүйгээр хураан авч, мөнгөн торгуулийг огцом нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ бүхний эцэст бүх нийтийн замбараагүй архидалтаас хамгийн хурдан ангижрах үр дүнтэй арга нь архины онцгой албан татварыг нэг шил архи дор хаяж 25000 төгрөг байхаар нэн даруй нэмэгдүүлэх явдал мөн. Энэ ажлыг даруйхан хэрэгжүүлж эхэлье, Х.Тэмүүжин сайд аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button