Манайх гэр хорооллынх ч яндангүй айл
тогны халаалт гээчийг тавиулсан юм. Тэгээд ч энэ хавийнхан хязгаарлалтын бүсэд орсон болохоор цахилгааны хөнгөлөлт эдэлнэ хэмээн тооцож, айлуудын туршлагаас судлан байж, өөрсдөө халаалтаа хийсэн.
Энэ халаалтыг хэрэглээд яг нэг жил боллоо. Харамсалтай нь, манайхыг Цэвэр агаар төслөөс халаалтынхаа хэрэгслийг аваагүй гэх шалтгаанаар өнөөх хөнгөлөлтөд нь хамруулсангүй. Ажил ихтэй манай гэр бүл 8-9 бичиг баримтыг нь бүрдүүлэх завгүй гүйсээр урин дулаантай золгосон. Ийнхүү хөнгөлөлт, энэ тэрийг нь эдлээгүй ч манайх гэдэг айл тохилог орон сууцнаас дутахааргүй, яндангүй байшиндаа илч, дулаантай, сайхан л амьдарч байна.
Мэдээж, нүүрс, түлээг бодвол цахилгаан халаагуур жаахан үнэтэй санагдах байх. Манайх 2, 4, 6 кВт-аар халаах сонголттой. Өвлийн ид хүйтэнд хамгийн дээд зэргээр нь халаахад сард 180 мянган төгрөг төлдөг. Өнгөрсөн сард 75500 төгрөг гарсан. Шөнийн цахилгаанаас өөр хөнгөлөлт эдлэхгүйгээр шүү. Харин Цэвэр агаар төслийн хөнгөлөлтөд орчихсон бол эндээс дор хаяж 30-60 мянган төгрөг хасагдана гэж тооцож байгаа.
Сард төлсөн 180 мянган төгрөгөө 30 хоногт хуваан тооцвол өдөрт 6000 төгрөг гарна. Хэрвээ манайх түлээ, нүүрс түлдэг байсан бол энэ мөнгөөр юу авах вэ. Жижиг савлагаатай 1500 төгрөгийн нүүрс гурван уутыг, бас түлээний мод нэг уутыг авбал их юм. Ийм хэмжээний түлээ, нүүрсээр нэг бүтэн өдрийг арайхийн давна. Бас дээрээс нь үнс нурам, тоос тортогтой зууралдана гээд ажиллагаа ихтэй. Үүнийгээ цэвэрлэх гэсээр хайран цаг нар, хүч хөдөлмөрөө шавхана. Бас нүүрснээс гарсан тоос тортгоо цэвэрлэхийн тулд багагүй угаалгын хэрэгсэл зарцуулна. Гэрийн дулаанаа нэг хэмд барьж чадахгүй.
Хамгийн гол нь утаа үйлдвэрлэгч болж, амьсгалж байгаа агаараа бохирдуулан эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Энэ жил манайх Цэвэр агаар төсөлд хамрагдаж, хөнгөлөлтөө эдлэх бодолтой байгаа. Тэгвэл эдийн засагт хэмнэлттэйн дээр үргэлж халуун дулаан орчинд тав тухтай өвөлжинө.
Манай гэр бүлийнхэн таньдаг мэддэг хүмүүстээ цахилгаан халаагуурын талаар сурталчилдаг болсон. Та ч бас үүнийг хэрэглэх, агаарын бохирдлоо бууруулах боломжтой.
Э.Мөнхзаяа