С.Баяр хаачив

МАН 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд дараалан ялагдал хүлээжээ.

МАН 90 жилийн түүхэндээ ийм хүнд үетэй тулж байсангүй. Аймаг, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд МАН итгэл тээн ялалт байгуулахын төлөө тэмцэлдэж байна. Гэвч энэ намыг сэрээх, эрч хүчтэй, эрэмгий дайчин лидер дутагдаад байна уу гэж харагдахаар байна. Гэнэт тэсэрчихдэг гэмтэй У.Хүрэлсүх их улс төрөөс зайгаа барьж, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсан шийдвэрээс үзэхэд МАН эзэнгүйрч байх шиг санагдахгүй байна гэж үү. Нэгэн үе галын шугаманд явсан, МАН-ын дарга асан С.Баяр шиг намаа зангидаад аваад явах лидер дутагдаж байгааг ажиглагчид хэлж байгаа юм.

Ингэхэд Монгол ардын намын дарга асан С.Баяр хаагуур явна вэ. АНУ-д эмчилгээ хийлгэж эрүүл мэнд нь сайжирсан, гэр бүлтэй болсон, удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэх түүний талаарх таатай мэдээ сонгогдсоноос өөр сураг ажиг алга байгаа юм. УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөөгүй, намынхаа сонгуулийн ажилд ч оролцоогүй улс төрөөс зайдуухан байх болсон. Хааяа ирэн очин АНУ, Монголын хооронд холхичихдог мань эрийн эзгүйд түүнтэй мөр зэрэгцэн шадарлаж явсан У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзлаа. Тэд нам гүмхэн улс төрийн амьдралаас салан тусгаарлаж буй нь юуны учир бэ.

С.Баярыг улс төрд эргэн ирнэ гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд түүнийг намаасаа нэр дэвшин өрсөлдөнө гэх мөрийг ч өөр хоорондоо тавих хүн байгаа билээ.

Мөн түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл бол тэр Монголдоо биш олон улсад томоохон улс төрийн арга хэмжээнд оролцож байгаа сураг ч дуулдаж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хуралд журмын нөхөр С.Батболд, У.Хүрэлсүх нарын хамт оролцож яваа сураг ч дуулдаж байв. Улмаар тэрээр СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хуралдааныг удирдаж олон улсад одтой явааг дуулгадаг. Харин тэр их улс төрдөө эргэн ирэх болов уу, яах бол гэдэг улс төрчдийн анхаарлыг татсаар байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button