Сонгуулиас сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв?
жилд нэг удаа сонгодог. Ээлжит сонгуулиас хойш даруй дөрвөн cap өнгөрчээ. Энэ сонгуулийн дараагийн үе шат болох орон нутгийн сонгууль хүртэлх өнгөрсөн дөрөвхөн сарын хугацаанд юу болоод өнгөрөв өө? Монгол оронд хууль дээдлэх ёс алдагдаж анархист дэглэм тогтлоо. Энэ дүгнэлтийг бататгах хангалттай хууль бус үйлдэл, дарангуйлал, түрэмгийлэл газар авав.
Баримт 1 -УИХ-ЫН ДАРГЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН СОНГОВ
Сонгуулиар дөнгөж бүрдсэн парламентын даргыг сонгох чуулганыг хамгийн ахмад гишүүн удирдах ёстой. Нийт 69 гишүүн тангараг өргөснөөс 40 хувь нь хуралдаанд оролцоогүй байтал гишүүдийн хоёр дахь ахмад настан гэх хүнээр чуулганыг удирдуулан УИХ-ын даргаар З.Энхболдыг томиллоо. Хүчирхийлэл, түрэмгийлэл газар авахын энэ эхлэлээс хойших Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг бизнесийн бүлэглэл эзэлж, олигархиуд жирийн бизнес эрхлэгчдийг хяхан хавчиж.үйл ажиллагаа явуулах боломжийг нь хааж боож эхэлсэн төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж сайтуудыг ч хаах ажиллагаа явагдаж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч П.Жамьян Хувалз-уудаас салах хувь заяагүй ард түмэн юм даа нийтлэлээрээ эрх баригчдын багийг жинхэнэ утгаар нь хуулж, үнэн дүр төрхийг нь нүдэнд харагдтал илчлэв.
Тэрбээр Ардчилсан намд итгэж найдаж явсан цаг хугацаа минь ард үлдлээ хэмээн шогширцгоож байгаа олон хүн бий. Тэдний энэхүү итгэл сэтгэлийг ардчиллын баг өмссөн хэдэн хувалз л үгүй хийчихлээ. Хувалз гэдэгт одоогийн засгийн эрхийг барьж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга С.Баярцогт, АН-ын булгийн дарга Д.Эрдэнэбат зэрэг олон хүнийг нэрлэж болно. Энэ хүмүүс л улс үндэстнийг маань төр, засагтай нь самрах эхлэлийг тавьчихаад байна. Шинэ төр, засгийн эхний мөчөөс л хүчирхийлэл, дарангуйлал үнэртэж байсан. Одоо бүр гаарлаа. Процессыг эргэж харъя. УИХ-ын даргыг сонгохдоо зөвшилцөх хуультай. Тэгсэн чинь Ардчилсан намын удирдлагууд хамгийн том сөрөг хүчин болох МАН-тай зөвшилцөлгүйгээр УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчин сонгосон. Чуулганы танхимын тал нь эзгүй байхад УИХ-ын даргаа сонгочихдог ийм гажиг явдал парламентын түүхэнд ганц ч удаа тохиолдож байгаагүй юм. Бас хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл хуралдааныг даргалах хуультай байтал түүнээс олон дүү Л.Цогоор удирдуулсан билээ. Ардчилсан намын удирдлагууд хуулийн ийм л заалтыг мэдэхгүй байв гэж. Харин тэд сөрөг хүчнийхээ дуу хоолойг олон түмнээс холтгохын тулд л ийм увайгүй, арчаагүй байдлыг санаатай зохион байгуулсан юм. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилж байгаагаас болж, парламентын ардчилал сэхээний тасагт очиж, дахин сэхэхгүй болтлоо устах аюулд ирээд байна. Ардчиллын баг өмсөгчид л ардчиллыг булшлах юм биш биз дээ. Ардчилсан нам засгийн эрх авснаас хойш ардчиллын төлөө амь амьдралаа зориулсан хүмүүст юу наалдав аа гэж тунгаагаад нэг үзье.
Тэртээх 20-иод жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр жаварт хайрагдан цогтой тэмцэж явсан нөхдийн ихэнхэд албан тушаалын амтат бялууны зүсэм ч ноогдсонгүй. Эрх мэдлийн хуваарилалт намын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний үзэмж, тааллаар явагдаж өнгөрлөө. Төр засгийн удирдлагыг жинхэнэ ажил хэрэгч байдлаар нь биш, хэн мөнгөтэй вэ, хэн миний сонгуулийн сурталчилгаанд тамхины хавтага шиг дагаж навсаганав гэдгээр бүрдүүлж байгаад үнэхээр харамсаж байгаагаа Ардчилсан намын олон мянган гишүүн илэрхийлж байна. Монголын ардчиллын төлөө амь амьдралаа золиослон зүтгэж ирсэн Дарь.Сүхбаатар, иргэн Ламжав, Батбаяр буюу Баабар, Энхбат, Цогтбаатар, Баасандаш, Санжаасүрэн …. гээд шударга тэмцэгчид хаана явна. Та нар үгээ хэлэх цаг болсон юм биш үү. Өнөөдөр Алтан гадас-ынхан Монголын ардчиллын төлөө амиа зольж явсан хүмүүсийн нэрийг ч хэлэхээс эмээж байх шиг байна. Ийм увайгүй явдлыг өөгшүүлэхгүй тэмцэх хүмүүс нь ардчиллын партизанууд хэмээн ард түмэн итгэж байна… гэж ил тод хэллээ.
Баримт 2 -ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛАН ӨӨРЧЛӨВ
Дээрх хууль зөрчилтийн анхны алхмын бий болгосон шкоолоор төр засгийн бүх үйл ажиллагаа хууль зөрчин хийгдэх боллоо. Хууль тогтоомжийг өөрсдөдөө зориулан өөрчлөх боллоо. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуулийг олонхоороо түрээ барьж шийдсэн. Нэгдүгээрт хууль тогтоомж нийтлэг явах ёстой байтал нийтлэг бус явсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд оруулах гэж байгаад Үндсэн хуулийн цэцийн шатанд унасан Тойрогт нэр дэвшсэн хүн ялагдсан ч 28-аас дээш хувийн санал авбал намын нэрсийн жагсаалт руу гулсаж шилжих… тухай заалтыг сая Орон нутгийн сонгуулийн хуулинд маш нууцлагаар тусгаж, гулсдаг хууль баталсан. Боловсон хүчний нөөцгүй, орон нутагт ажиллах хүч багатай сул талаа дарж, өөрсдийн хүнээ ямар нэгэн аргаар л гаргаж ирэх далд зорилго юм. Тойрогт нэр дэвшсэн хүн намын нэрийн жагсаалтаас дээгүүр байвал гулсаж нэрийн жагсаалтаар сонгогдох заалт л даа. Сонгох сонгогдох эрхэнд халдаж байгаа үйлдлийг нь засахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан ч хэлэлцэхгүй явсаар байгаад хэдхэн хоногийн дараа болох санал хураалт АН-д ашигтай хуулиар явахаар болсон.
Тэрчлэн УИХ-ын сонгуульд цоо шинээр туршсан автомат машин нь 100 мянган санал хүчингүй болголоо хэмээн хяналтын тооллого явуулъя гэхэд АН ганцаараа суурин дээрээ хад чулуу шиг суусаар тэрхүү төмөр хэрэгслийн эргэлзээг арилгаагүй байна. Тийм хэрэгслээ одоо дахин ашиглахаар, АН өөртөө л ашигтай байдлаар шийдлээ. Мөн сонгуулийн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлыг шүүх шуурхай шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Гэтэл одоогийн энэ хуулинд цагдаа, шүүхийн аль нь хэрхэн шийдвэрлэхийг асар бүрхэгдүүлэн тусгасан. Шүүх үзэмжээрээ шийдэж болохоор хуулиндаа заасан байх юм.
Баримт 3 -ТӨРИЙН ДАНХАР БҮТЭЦ
Шинэ сонголт бүрийн дараа эрх барьж байгаа улс төрийн хүчнээс ард түмэн сайн менежмент, сайн засаглалыг хүсдэг. Харамсалтай нь, энэ сонгуулийн дараа AH яамдын тоог нэмж, тэр тоолонгоор жинхэнэ болон дэд сайдуудын хамт төрийн нарийн бичгийн дарга нарыг хууль бусаар томилов. Шадар, тэргүүн шадар сайд гээд Зуун яаманд жаран ухна гэлтэй агуу төлөвлөгөө сэтгэж олжээ. Хэд хэдэн яамдыг хувааж жижиглэн, агентлаг, газар, хэлтсүүдийг цомхотгосон нэртэй ч улсын үйлдвэрийн газар байгуулж, улс орон ард иргэдэд үр ашиггүй, ивээл энэрэлгүй үзэл суртал үнэртүүлэх боллоо. Бүр социализм, коммунизмаасаа долоон дор юм боллоо.
Баримт 4 -ТӨСВӨӨС ТҮМНИЙХЭЭ ХУВИЙГ ХУЛГАЙЛАХ БОЛОВ
Албан тушаалын бялуугаа хүртээмжтэй байлгах зорилгоор бий болгосон олон яам, тамгын газрууддаа тааруулж хэдэн зуун тэрбумыг төсөвлөсөн хэр нь ард түмнээ бүсээ чангалахыг шаардаж эхэллээ. Ард түмэнд ил тод байх ёстой улсын төсөв хэдэн дарга нарт зориулсан хөрөнгө болон нуугдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн мэдэлд шинэчлэл нэрийн дор юунд зориулах нь тодорхойгүй 50 тэрбум төгрөг тусгах хүртлээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Монгол хүний амьдралд нэмэр болох ганц ч төгрөг улсын төсөвт суусангүйгээр барахгүй цалин, тэтгэвэр нэмэх, өндөр настан, амьжиргааны баталгаажих түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хямралаас хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зардалд засаг юу ч хялайлгасангүй. Олон жил ардын хүүхдийг сурган хүмүүжүүлсэн багш нар, сургуулийн эмч, тогооч, галч гээд туслах ажилтнуудын тэтгэвэртээ гарахдаа ганц удаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хойш нь урагш нь татаж ад үзэн арагш нь хаялаа.
Харин ч тэд түмний эмнэлгийг булаан, махыг магнаг болгож, бензиний үнэ өсгөж, сонгуулийн амлалтаа умартсан Засгийн газрын хөтөлбөр баталж, уран олборлон, атомын цахилгаан станц барихаар улайрч эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгойн ордыг ашиглах гэрээг Монголын ард түмэнд ашигтай өөрчлөх зорилгоосоо татгалзлаа. 50 тэрбумынхаа задаргааг мөн л нууцалсаар.
Баримт- 5 -МОНГОЛЧУУДЫГ ӨРӨНД УНАГАХ ӨӨР НЭГ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газар таван тэрбум доллар буюу долоон их наяд төгрөг болох бонд гаргахаар болж эхний 1,5 тэрбум доллар нь оны өмнө орж ирэх аж. Улсын төсөв болон мөнгөний бодлогод ч суугаагүй энэ галзуурмаар их мөнгө хяналтгүй төрийн тод дүр болж ард түмнээ дааж давшгүй өрөнд унагах алхам болно гэж эдийн засагчид зовниж байна. Таван тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын бүтэн жилийн төсвөөс давсан мөнгө. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд манай улс 11,5 тэрбум долларын өр тавьж Дархан, Эрдэнэт, Хөтөл зэрэг дагуул хот байгуулсан төдийгүй олон арван үйлдвэр, аж ахуйн газар, эмнэлэг сургууль гээд улс оронд хэрэгтэй бүхий л бүтээн байгуулалтыг босгож, өр зээлээ барагдуулсан юм.Тэгвэл их өрийн тавин хувьтай тэнцэх энэ мөнгийг юунд зориулах нь тодорхойгүй, мэдээлэл нь нууц байгаа нь энэ таван тэрбум долларыг Ардчилсан намын таван фракц нэг нэгээр нь авах гэж байна гэсэн хардлагыг дагуулж байна.
Баримт 6 -ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА БОЛОВ
Төрийн албан хаагчдыг хоморголон халж, ах дүү, амраг садангаа эрээ цээргүй чихэх болов. Хамгийн сүүлийн жишээ гэвэл С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн газрын тосны газрын дарга болов. Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Монголын цахилгаан холбоо компанийн захирал, Г.Уянгын нөхөр МОНЦАМЭ-гийн дарга гээд л хөвөрнө. Баянгол дүүрэг гэхэд С.Эрдэнийн вант улс болжээ. Түүний эхнэр, хүү, жолооч гээд 16 хүн нэр дэвшиж байгааг түүнтэй Баянгол дүүрэгт нэр дэвшсэн С.Одонтуяа шүүмжлэхэд С.Эрдэнэ – Миний хайрт нэр дэвшиж байгаа, тэгээд яах гээв… хэмээн хариулжээ. Ийн АН-д сэтэртэй л бол гудамжинд явсан нохой ч төрийн ажил хийхдээ тулснаар энэ талбар сульдаж байна. Төрийн албан хаагчдын амьдрал ахуй, үр хүүхдийнх нь сургалтын төлбөр зэргийг орхиё л доо. Хамгийн гол нь тэдний дийлэнх нь тогтмол орлого цалингаа барьцаалан байрны зээлд хамрагдсан. Гэтэл одоо ажилгүй болсон тэд байрныхаа өр зээлийг ч төлөх боломжгүй гацаанд орохын цаана гэр бүл нь болох дор хаяж 3-4 хүний ахуй амьдрал гудамжинд гарч байна. Ийн олуулаа хөгжинө гэсэн АН-ын уриа хагас сая хүнийг орлогогүй, ядуусын эгнээ РҮҮ түлхэв. Олуулаа хөгжих биш, цөөхүүлээ баяжих гэж тэд төрийн алба руу зүтгэх нь энэ…
УИХ-ын дэд дарга С.Баярцогт ах С.Баярбатыгаа Эрчим хүчний яамны газрын дарга болгосон бол УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж ах Ш.Төмөрбаатарыгаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга болгожээ. Энэ цуваа ингээд зогсохгүй цааш хөвөрнө. Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болсон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг садангийн дүүгээ Хөдөлмөрийн яамны төрийн нарийн болгож, 25 настай хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болгосон. Хяналтгүй бол бүхнийг хийж болно гэж тэд тооцсон бололтой.
Баримт 7 -ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ АЛХМААСАА УХРАВ
Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их зэс, молибдений нөөцтэй. 45 сая тонн зэс, 1600 тонн алттай. Гэтэл 31 жилийн дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 16 хувиар нэмэгдүүлнэ гэж РиоТинто Монголын Засгийн газрын байгуулсан гэрээнд заасан. Маш ашиггүй гэрээ гэдгийг хэлээд байгаа ч олонх хөдлөлгүй аварга Д.Бат-Эрдэнэ нарын 26 гишүүн ганц саналаар ялагдан Оюутолгой Монголд ашиггүй байх хувилбарыг энэ парламент олонхоороо түрэн шийдлээ. Сонгуулийн өмнө тоть шиг давтан ярьж байсан амлалтаа МАХН-хан ч умартан албан тушаалын бялуутай хамт идэж орхих нь тэр.
Монголын тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Дэлхийд бол хамгийн бага татварт орно. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр зогсохгүй хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Хэдийгээр монголчууд Оюутолгойгоос 50-60 хувийн ашиг хүртэнэ гэдэг ч амьдрал дээр 30 хувийн ч ашиг авч чадахгүй учраас өөрчлөх шаардлагатайг хэчнээн хэлж сануулсан ч талаар болсон. УИХ-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайд Монголын талын хувь эзэмшлийг 51-ээс доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн ч Ардчилсан нам үзэл бодлоосоо ухарч олуулаа Оюутолгойг Монголын ард түмэнд ашигтай байлгах амлалтаасаа ухарсан юм. Гадныхантай гэрээ хийснээс хойш Оюутолгойн нөөц хоёр дахин нэмэгдсэнийг тооцож судлахгүй орхигдуулж байгааг эрдэмтэн мэргэд хариулт нэхэн асуусаар байна.
Баримт 8 -ЦЭЦИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БУС АРДЧИЛСАН НАМ
Одоогийн УИХ-ын дарга гэгдээд байгаа З.Энхболдыг сонгохын тулд Ардчилсан нам Шударга ёс эвсэл, Иргэний зориг-Ногоон нам болон бие даагч гишүүдийн хамтаар эр зоригтойгоор Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн юм. Тийн Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Ардчилсан нам болсныг ард түмэн мэдэрсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг 36 хүнээр бүрдүүлж эхэлсэн л бол түүнээс хойш 2,3-хан хүн байсан ч ирцийг хүчинтэйгээр тооцон асуудлаа хэлэлцэн баталдаг шинэ санаачилга гарган УИХ-ын ажиллагааг шуурхайлдаг болов. Ийм байдлаар есдүгээр сарын 14-нд гишүүдийн ирц хүрэхгүй болмогц байхгүй гишүүдийн картыг шургуулж, цахилгаан самбар дээр ирц бүрдсэн мэтээр тохируулга хийхийг Тамгын газрын ажилтнуудад үүрэг болгосон. Бүр нэг цагийн дотор биелүүлэхгүй бол Ажлаас чинь хална… гэж хүчирхийлэн шөнийн 11 цаг 30 минутад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг 16-хан хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Баримт 9-АРДЫН ХҮҮХЭД ТҮРҮҮЛЖ БОЛОХГҮЙ НААДАМ
АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нараас даруй 6658 сонгогчийн санал илүү авсан Д.Чинзориг, С.Төмөрхүү нарыг шүүхээр далайлган УИХ-ын гишүүнээс татаж буй нь Ардын хүүхдүүдэд хаалттай Архины үйлдвэрийн эзэнд нээлттэй парламент бий болох дүр зургийг харууллаа. Өөрсдийнхөө тараасан мөнгө
төгрөгийг тас нууж, олны саналыг илүү авсан нэгнээ сонгуулийн өмнөөс л гоочлох төлөвлөгөөтэй байсан нь илт. Сонгуулийн санал хураалтаар ялагдал хүлээснийхээ дараа МАН-ын хоёр биш, бид тэр танхимд орно хэмээн сонгуулийн штабынхантайгаа Г.Батхүү, Д.Зоригт нар ярьж суусан гэх. Одоогоос таван сарын өмнө ярьж байсан нь өнөөдөр биеллээ олж, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан гэх хуурамч жүжиг бичиж, найруулан зодуулсан нь зодуулаагүйгээ үүрч явна гэгчийн үлгэр болж байна.
Баримт 10 -ХӨШӨӨ ДУРСГАЛТАЙ ТЭМЦСЭН НЬ
Лениний хөшөөг нэгэн амралтын өдөр хотын дарга сүр дуулиантай буулгасан. Буулгах болсон тайлбараа хойч үе муухай коммунизмаар хүмүүжих гээд байна гэсэн юм. Улс төр бизнесийн бүлэглэлээс хараат бус судлаач Д.Ганхуягийн хөшөөг буулгасны дараа бичсэн нэгэн шүүмждээ Коммунизмыг үзэн ядаж харааж болно. Гэхдээ энэ үеэр олдсон тусгаар тогтнолоо хамт нулимчихаж яагаад ч болохгүй. Учир нь ТУСГААР ТОГТНОЛ ганцхан байдаг юм. Монголын тусгаар тогтнол Ленин тэргүүтэй Зөвлөлт засгийн хүчээр эх гараагаа авсан юм. Одоо Лениний хөшөөг нураалаа. Монголын тусгаар тогтнолыг 1919 оны аравдугаар сарын яг энэ өдрүүдэд Сүй Шү Жан устгасан билээ.
Монголын тусгаар тогтнолыг устгасан энэ ойг тэмдэглэж Монголд тусгаар тогтнол олж өгсөн Лениний хөшөөг нурааж байгаа юм биз дээ. Ингээд оронд нь эсвэл Сүй Шү Жаны… хөшөөг барьж таарах байх… Одоо хөшөө нураадаг энэ нөхдүүдийн нүүрэн дээр Монгол Улс ТУСГААР ТОГТНОЛОО алдаж болзошгүйг би онцлон анхааруулж байна… гэж бичлээ.
Төгсгөлийн оронд
-ХЯНАЛТГҮЙ ТӨР ХЯМРАЛД ХҮРГЭНЭ
Монгол Улсад олигархын дарангуйлал тогтож эхэлж буй нь энэ үеийн эмгэнэл юм. Женко-гоос эхлээд арилжааны томоохон банкууд, бусад томоохон бизнесийн 70 гаруй хувь нь АН-ын гарт бий. Шуудхан хэлэхэд архи, тамхи, мах, талх үйлдвэрлэл, хэвлэлийн бизнес бүгд АН-ын мэдэлд байна. Өдгөө улстөрчид нь Шоронд чинь явуулчихна шүү… гэх үгийг хайр гамгүй унагах болсон нь төрийн эрх мэдэл, бизнесийнхээ тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөнд эрдэж тийм бяртай болсон шиг байна. Шүүхээр ямар ч шийдвэр гаргуулж, АТГ-аар гэмгүй хүнээс ч өө сэв эрж хайн шалгуулж, улс орон даяар айдас хураалаа. Монголчуудыг хагалан бутаргаж, айдас хүйдэст автуулж, Монголын төрийг дарангуйлагч болгон хувиргах нь хэнд хэрэгтэй вэ? 2,8 сая Монголчуудад л лав биш. Бутарга тэгээд захир гэсэн коммунист дэглэмийн ноёрхол 21-р зуунд Монгол улсад ирнэ хэн санах билээ. Хяналтгүй төр, ардчилсан коммунизм ийнхүү хямралын үүдийг нээдэг ажээ.