Түмнээ түшиж, төрөө хянахгүй бол болохгүй нь

Учир нь, ард түмнийхээ дунд 90 жилийг элээсэн тэр л хүчний орон зай яах аргагүй өнөөдрийн нийгэмд үгүйлэгдэх боллоо. Тийм ч учраас ууган хүчнийхэн энэ удаад нутаг, усныхаа итгэлийг хүлээсэн жирийн иргэнийг энэ төрд илгээх сонголтыг бий болголоо. Энэ бол ард түмнийхээ дуу хоолой болж чаддаг, зон олныхоо хэрэгцээ шаардлагыг мэдэрч чаддаг тэр л хүчний баримталж буй гол зарчим билээ.

Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай. Дэндүү цөөхүүлээ. Гэсэн ч монгол залуус дэлхийн дээвэрт тэмүүлэн, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм боловсрол, их мэдлэг өвөртлөн ирж байна. Мэддэг чаддаг бүхнээ эх орондоо, төр улсдаа зориулахаар тэмүүлэх болж. Тэдний өмнө хаалгаа цэлийтэл дэлгэн угтаж, итгэл найдвар хүлээлгэн, тулах цэг нь болж чадсан улс төрийн хүчин бол МАН. Баталгаа нь энэ удаагийн Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс харагдаж буй юм. Намын 30 мянга гаруй гишүүн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөнөөс анхан шатны үүрүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүдийн саналаар нэр дэвшигчдийг сонгов. Сонголтоор орон нутгийн сонгуульд 8000 гишүүн нэр дэвшихээр болжээ. Үүнээс 1386 нэр дэвшигч аймаг, дүүргийн хуралд, 7000 гаруй нэр дэвшигч сумын хуралд нэр дэвшинэ.

Аймаг, дүүрэгт нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд. Тухайлбал, Сэлэнгэ аймагт намын нэрсийн жагсаалтаар дэвшигчдийг эмэгтэйчүүд тэргүүлж буй. Хамгийн чухал нь МАН 4/25-ын зарчим буюу эмэгтэйчүүд, залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг жигд төлөөлүүлэх зарчим баримталдаг. Мөн нэр дэвшигчдээс 40 хүртэлх насны залуус 52 хувь, 41-52 насных 29 хувь, 53-аас дээш насных 19 хувийг эзэлж байгаа юм. Улс орны урагшлан хөгжих шаардлагын улмаас шинэ нийгмийг байгуулах, бүтээх эрхийг шинэ үеийнхэнд өгөх нь чухал гэдгийг МАН олж харсан нь энэ.

Сонгосон төр, итгэсэн итгэл маань Монголыг дэлхийн дайдад өөрөөр тодорхойлох учиртай. Өөдрөг амьдралын эхлэл болох учиртай. Энэ утгаараа энэ удаагийн Орон нутгийн сонгууль монгол хүн бүрийн хувьд асар том утга агуулга, урагшлах хүч, өндийн босч, өсөн дэвжихийн найдвар болж буй. Тиймээс хэнийг сонгох вэ, хэнд итгэж Монголын заяаг атгуулах вэ гэсэн асуултад хариу өгөх эрх энэ цагийн бидэнд эргэх түүхийн хаялга болж оногдлоо.

Мөн жолоодлогогүй төрд хяналт хэрэгтэйг ойрын үед өрнөж байгаа үйл явдал улам бататгах боллоо. Бид Ардчилсан хүчинд өмнө нь нэг бус удаа итгэл хүлээлгэсэн. Гэвч тэд түмний итгэлийг хөсөрдүүлсэн юм. Санал хуваагдаж, хурал хаядаг, асуудлаа гацааж, ард түмнээ туйлдуулдаг парламент бий болсон түүх Монголд бий. Төрийг 1996 онд хүлээн авсан АН дөрвөн жилийн турш дөргүй бух, жолоо цулбуургүй адуу шиг авч давхисан явдлыг одоо ч санаж байна. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргалын Засгийн газрууд ээлж дараалан солигдож, төрийн тогтворгүй байдал жинхэнэ утгаараа нүүрлэсэн он жилүүд. Төрөөс МАН-ыг цэвэрлэх бага хэлмэгдүүлэлт эхэлж, төрийн албан хаагчид олноороо АН-ын сайд дарга нарын халаа сэлгээнд өртөн гудамжинд гарч байв. Яг л тэр үеийн үйл явдал өнөөдөр давтагдаж байгаа нь энэ. АН-ын эрх мэдэлтнүүдийн хамгийн сайн зохион байгуулсан ажил нь өмч хувьчлал нэрээр өөрсдийнхөө халаасыг дүүргэсэн явдал байлаа. Улсын үйлдвэрийн үнэ цэнэтэй газрууд АН-ынхны хэтэвчинд хямдхан багтаж, хялбар олз болсон тохиолдол олон. Эцэстээ АН ард түмэндээ цалинг нь тавих чадваргүй, дансандаа сохор зоосгүй төрийг МАН-д хүлээлгэн өгч байсныг түүх гэрчилнэ.

Ардчиллын алтан хараацайнуудын үс нь бууралтаж, зуугийн талыг хол давж насалсан ч намба суусангүй. Урьдын л ааш, аягаа гаргасан хэвээр. Гагцхүү АН энэ бүх хугацаанд эвдэрчээ. Эрх мэдэлтэй байхын гайхамшиг, эрх мэдэлд хүрэх шунал, эрх мэдэлгүй үлдэхийн гашуун бэрхшээл дунд өөрийнхөөрөө үлдэж чадсангүй. Өдгөө тэд дээрээс нь доош бүхэлд нь атгандаа оруулахыг санаархаж байна. Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлж, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрх олгосон нь хувьчлалаар хумслаад сурчихсан ардчиллынхны аазгайг хөдөлгөв. Ямартаа л хуулийн дээс алхах тэдний хувьд өчүүхэн зүйл мэт авирлаж байна. УИХ-ын даргын суудлыг хууль бусаар хүч түрэмгийлэн авсан нь энэ бүхний баталгаа, нотолгоо. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хуулийг дур зоргоороо өөрчилж, хүч түрэмгийлсэн байдлаар баталж байгаа нь ардчиллынханд ялалт зохихгүй байна уу даа гэх санаашралыг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Яг л энэхүү хэлцийн утгачлал дүү намынханд үгүйлэгдэж байна. Зүй нь эл хүчинд намаа засаад төрөө зас гэсэн ёс суртахуун байх учиртай. Харамсалтай нь, АН намаа засаж, эмхэлж чадсангүй. Тиймдээ ч төр жолоодох цулбуургүй нь хэлэх үг, хийх үйлдэл бүрээс нь харагдаж байна. Цөөнхөө үл хүндэтгэсэн, шүүмжлэлийг хүлээн авахаасаа төвөгшөөсөн тэдний үйлдэл хөгжлийн гараан дээрээ дүүхэлзэж байгаа Монгол Улсад ашиг биш алдагдал л авчрах нь гарцаагүй. Залуустаа халтай, ардын хүүхдүүдэд ааштай, төрдөө тээртэй, тэрбумтнуудад түшигтэй болох зорилго агуулж байгаа нь 2013 оны төсвийг хэлэлцэх үеэр бүр ч тод томруун харагдсан. АН Монголын ардчиллыг өмчилж, хувьчилж авдаг, хувийн компанитайгаа адил санадаг байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам тодорч ирлээ. Энэ бүхнийг засч залруулах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ. Мэргэн ухаан гаргаж, сонголтоо зөв хийх хариуцлагатай үүрэг бидний өмнө өнөөдөр оногдоод байна. Энэ үед Монгол Улсыг нэгдсэн санаа, нэгдмэл удирдлагаар хөгжилд хүргэж чадах улс төрийн хүчнийг сонгохоос өөр гарц харагдахгүй байна.

Монголын түүхийг бүтээж ирсэн түүхэн нам болох МАН-ын хувьд ч ялгаагүй, шинэ цаг үед зохицох, өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлага тулгарсан. Гол нь энэ нам шинэ цагийн сорилтод бүдэрсэнгүй. Харин ч илүү найдвартай, түшигтэй, туршлагатай, итгэл хүлээж чадах том ах гэдгээ бататгасаар өнөөг хүрэв. Тэд ялж, бас ялагдаж үзсэн. Яллаа гээд хашгирч, онгирч гүйсэнгүй. Ялагдлаа гээд тонгордог, толгойгоо даахгүй уйлдаг эрх хүүхэд шиг аашилж байсангүй. Гол нь, ууган улс төрийн хүчин өнгөрсөн хугацаанд намаа засч шинэчлээд, төрөө засахаар тэмүүлж, бүтээж ирснийг түүхэн цаг хугацаа гэрчилнэ. Төрөө засахын хажуугаар намаа шинэчилж ч чадлаа. МАН байгаагүй бол Монгол Улс өдийд ардчиллаар бамбай хийсэн алсын хожоо, харийн санаатай эрхмүүдийн суугуул нутаг, сувдаг шуналын золиос болох байсныг ч эргэн саная.

Ц.Цэнгэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button