Хүчит шонхор хүнсний зах дээр хонины махны бөөний үнэ 4200-4500, үхрийнх 5300-5500 төгрөгийн ханштай байна
(11 дүгээр сарын 11) Хүчит Шонхор хүнсний зах гарч борлуулагч Ц. Чимгээтэй уулзсан юм.
1000 ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ ХАРАХГҮЙ ЮМ БОЛ ЭНД ЗОГСООД ЮУ ХИЙНЭ
-Махны үнэ ханш ямархуу байна даа?
-Ер нь тогтвортой байгаа шүү. Харин өнгөрсөн долоо хоногийн дундуур ялимгүй 200-300 төгрөгөөр өссөнөө эргээд буучихлаа.
-Яагаад өссөн юм бол. Махны нийлүүлэлт муу байв уу?
-Үгүй. Нийлүүлэлт сайн байгаа.
-Тэгвэл яахаараа үнэ нэмэгддэг билээ?
-Сайн мэдэхгүй юм аа. Ченжүүд, Хөдөө орон нутгаас мах ачиж ирэхэд хэцүү боллоо. Бензин шатахуун олдохгүй байна. Бид ШТС-уудыг царай алдан гуйж байж шаг-ийн бензинээр ирж байна гэдэг. Үнэн худлыг нь бүү мэд. Махны ченжүүд бөөний үнээ нэмбэл бид дагаад л нэмэхээс өөр аргагүй.
-Та хонины мах зардаг юм байна. Өглөө махаа хэдээр авав?
-Янз бүр дээ. Махныхаа сайн муугаас болно. Боломжийн тарган мах нь 4500, тааруу нь 4000-4200 төгрөгийн хооронд л байна. Би өдөртөө 2-3 хонины мах авч борлуулдаг. Хонины жижиглэнгийн мах одоо 5500 төгрөгийн үнэтэй байна.
-Нэг хонины мах дунджаар дор хаяхад 25 кг татна. Өдөрт гурван хонины мах зарлаа гэхэд та 75000 төгрөгийн ашигтай ажиллах нь байна шүү дээ. Ядахдаа нэг кг махнаас 500-600 төгрөг унахаар зарж болдоггүй юм уу. Махны үнийг та нар өөрсдөө өсгөчихдөг юм биш үү?
-Өнөөдөр 500 төгрөг юу юм бэ? 1000 төгрөгийн зөрүү харж зогсохгүй юм бол энд байхын хэрэг юу байна. Заримдаа мах зарагдахгүй үнэр орчих гээд хэцүү үе зөндөө л байдаг. За тэгээд мах эвдүүлэх, лангууны түрээс, өдрийн хоол унд, автобус унааны мөнгө гээд биднээс чинь овоо л зардал гарна шүү дээ.
АДУУНЫ MAX 4500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
-Бусад махны үнэ хаш ямар байна?
-Янз бүр. Үхрийн хувьд өнөө өглөө бөөний үнэ нь 5200-5500 төгрөг байсан. Одоо энд оруулж зарж байгаа жижиглэнгийн үнэ нь 6200-6300, ясгүй шулаа мах 6800-7000, гуяны цул 8000-8200 төгрөгийн хооронд байна. Ямааны мах өнөөдөр ховор орж ирсэн. Бөөний үнэ нь 3400-3700 төгрөг байсан. Жижиглэнгийн үнэ нь 4500 төгрөгөөс дээш гарахгүй байгаа
-Адуу, тэмээний мах?
-Тэмээний жижиглэнгийн үнэ 5000-5200, адууных 4200-4500 төгрөгийн үнэтэй байна. Адууны цул шулаа 5000 төгрөгийн ханштай байна. Тэмээний махыг хүмүүс нэг их авдаггүй юм даа. Хотод суудаг говийн хүмүүс л хааяа авдаг. Ихэвчлэн гуанз, ресторан нийтийн хоол хийдэг газрууд авчихдаг юм.
-Хүмүүсийн худалдан авах чадвар ямар байх шиг байна?
-За даа, нэг их сайнгүй байх шүү. Ихэнх нь 3-5 кг мах л авч байх шиг харагддаг. Амьдрал ахуй, авдаг хэд нь хүрдэггүй биз. Уг нь боломж байвал махыг бөөний үнээр гулуузаар нь авах хамаагүй ашигтай. Бод л доо. Нэг шүдлэн хонины мах дунджаар 26 кг болно. Түүнийг 4500 төгрөгөөр үржүүлэхэд 117.000 төгрөг. Үүнээс 26.000 төгрөгийн зөрүү гарч байгаа биз дээ.
-Тийм шүү. Өөрөөр хэлбэл та нарын унагаадаг ашиг тэр биз дээ?
-Тийм.
ӨӨХГҮЙ АЯГҮЙ САЙХАН MAX БАЙНА, АВААРАЙ
-Уучлаарай. Та сонсов уу. Энэ худалдагчийн Өөхгүй аягүй сайхан мах байна шүү, аваарай гэхийг нь. Уг нь өөхтэй нь хамгийн сайн тарган, өөхгүй нь хамгийн муу, өвчтэй өегтэй заазны малынх баймаар?
-За яахав дээ, реклам гэх үү дээ. Одоо хотынхон чинь өөхтэй махнаас айдаг болчихсон. Энд орж ирээд л өөхгүй аль туранхай мах хаа байна хайгаад давхичихдаг юм. Гэтэл хажууд нь сайхан хуруу зузаан өөхтэй мах байж л байдаг. Сайхан тарган шинэ мах байна шүү, аваарай гэхээр Паах өөхтэй юм гэж байгаа улстай чинь юу ярих вэ дээ. Тэгэхээр чинь Өөхгүй, аягүй сайхан мах байна шүү гэлгүй яах вэ. Таны хэлснээр өвөл онд орохгүй яадаг бол гэсэн хэцүүхэн малаа л хүмүүс нядална шүү дээ.
БҮДҮҮН ЭР ХОНИНЫ МАХЫГ 160.000 ТӨГРӨГӨӨР АВЛАА. УУЦ ТАВИНАА
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн өндөр настан П.Жамбаа
-Махны үнэ ханш ямар байна даа? Та ч сайн мах авчээ?
-За мэдэхгүй хө. Дундговиос орж ирсэн мах гэнэ. Бүдүүн эр хонь байх, 36 кг татаж байна. Үнийн хувьд 4500 төгрөгөөр бодоод надад 160.000 төгрөгөөр өгчихлөө. Яах вэ хө бас ч үгүй 2000 төгрөг татсан шүү.
-Наад хонины мах чинь сүүл зузаан, харцага сайтай юм байна. Жинхэнэ цагаан сарын ууц байна даа?
-Харин тийм. Би тэгж бодоод авч байгаа юм. Өвөл болж цагаан cap дөхөхөөр ийм ууцны мах 250.000 төгрөгөөс наашгүй байх шүү. Одоо сайхан хөлдөөгчинд хийчихнэ. Хүйтрээд ирэхээр амбаартаа гаргачихна. Үр хүүхэд, ач гуч цуглараад ирэхэд олигтой ууц тавихгүй бол эвгүй байдаг юм. Өнгөрсөн жилийн цагаан сараар нарийлаад төлөгний ууц тавьчихсан чинь хүүхдүүдэд загнуулсан. Цаадуул чинь нэр нүүр бодохгүй гэх юм байна шүү.
-Одоо хөдөө ч төлөг 100.000 шүдлэн хонь 150.000 мянгаас наашгүй шүү?
-Тийм шүү. Хямдхан авчихлаа. За даа сайн бүдүүн эр хонийг ч бараг 300.000 гэж дуугарах байх шүү. Одоо ч мөнгө нэг их тооноос цаашгүй болчихоод байна. Гэхдээ яах вэ, ноднин, энэ өнгөрсөн хавар, зуныг бодвол махны үнэ хамаагүй буучихлаа. Өнгөрсөн зун үхрийн гуяны цул мах авъя гэсэн чинь 9800 гэж дуугарч байсан. Түүнийг бодвол хамаагүй хямдарчээ. Сая нэг хүн ямааны мах авсан. Бөөний үнэ нь 3500 гэж байна гэв.
ӨӨ ЗҮГЭЭРЭЭ АХ АА. МАНАЙХ ӨӨХТЭЙ MAX ИДДЭГГҮЙ
Их сургуулийн оюутан Үүрийнтуяа.
-Миний дүү мах аваа юу? Ямар үнэтэй байна?
-Үхрийн мах авлаа. Үнийн хувьд янз бүр л байна. Зарим нь 6200 гэж байхад зарим нь 6500 гэж байна. Махны үнэ жаахан буугаад байгаа юм биш үү. Би захаар нэг их яваад байдаггүй л дээ. Өнөөдөр харин гараад ирлээ.
-Чи жаахан бараан мах авчихаа юу даа. Сайхан тарган мах авахгүй. Цаадуул чинь Өөхгүй сайхан мах аваарай гэж байна уу?
-Өө зүгээрээ ах аа. Манайх чинь нэг их өөхтэй мах иддэггүй. Өөхтэй мах авахаар өөх, сүүл нь үлдээд хөргөгч дүүргэчихдэг юм. Одоо өөх, тостой хоол хүний биед муу гээд энд тэндгүй яриад л бичээд байгаа биз дээ. Харин манай аав хааяа Та нар дандаа туранхай мах авч байх юм. Шөл ч гарахгүй. Сайхан өөхтэй дөрвөн өндөр огтлох юм сан гэж үглэдэг гэв.
Ш.Батцогт