Г.Энхтайван Урлаг соёл, түүх шастираа олон улсад сурталчилж түүгээрээ байлдан дагуулж чадвал бид дэлхийд тамгатай боллоо гэсэн үг
шинийг эрэлхийлэгч, бүтээгч залуусын тоо, чадвар нэмэгдсээр байгаа билээ. Урлагийн зорилго нь хүмүүсийг яруу сайхан руу хөтлөхөд оршдог хэмээх үг байдаг. Иймд урлагийн хамгийн залуу байгууллагуудын нэг Монголын шинэ үеийн дизайнеруудын холбооны тэргүүн, зураач дизайнер Ганбаатарын Энхтайвантай ярилцсанаа хүргэе.
Тэрбээр уран зураг зурахаас гадна дижитал арт төрлөөр уран бүтээлээ туурвидаг бөгөөд байгууллагуудын лого шошго зохион хийдэг нэгэн юм.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Би Өвөрхангай Аймгийн Сант сумынх. Миний хийж чаддаг ганц зүйл бол зураг зурах байсан. Үүнийгээ бага байхаасаа л мэдэрдэг байлаа. 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа самбарыг дандаа хийнэ. Зурна. Намайг тавдугаар ангид байхад манайх хот руу шилжиж ирснээр Ирээдүй цогцолбор-ын 82-дугаар сургуулийг дүүргэсэн. Дараа нь Үйлдвэрлэл урлалын дээд сургуулийн Уран зургийн ангид элсэн орсноор уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн.
-Анхны уран бүтээл, ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
-Би сургуулиа төгсчихөөд Мөнхийн үсэг группт ажилд орсон.Энэ хугацаанд 11 жилийн хүүхдүүдийн Сурах бичгийн баг-т ажиллаж байсан. Жил бүр сурах бичгийн ном шинэчлэгдэж байдаг болохоор ажил их. Иймээс хоол нойроо умартан сурах бичиг зохиогч багштайгаа хамт хонон өнжин ажиллах үе олон байсан. Энэ хугацаанд ажлын үр шимийг ойлгож, цаашид олон сайхан зүйл хийхийн их хүслэнд автсан даа. Иймээс Монголын шинэ үеийн дизайнеруудын холбоог байгуулан, олон сайхан уран бүтээлчидтэй хамтран нэг зорилгод хөтлөгдөөд явж байна.
-Тэгэхээр энэ хугацаанд хичнээн номын эх бэлтгэж, дизайнераар нь ажилласан бэ?
-Миний тооцоолсноор 30 гаруй сурах бичиг, 200 гаруй ном бүтээсэн байсан.
-Уран бүтээлийнхээ талаар тодруулбал?
Уран зураг зурахаас гадна сүүлийн үед дижитал арт төрлөөр уран бүтээлээ туурвиж байна. Мөн брэнд бүтээгдэхүүний сав баглаа боодол үйлдвэрлэдэг компаниудтай хамтран ажиллахаас гадна байгууллагуудын лого шошго зохион, бүтээж байна. Байгууллагуудын лого шошго бүтээнэ гэдэг маань бас л урлаг шүү дээ.
-Энэ олон хаяг шошгонуудыг харж байхад миний мэддэг, танил логонууд маш их байна л даа. Тухайлбал Залуу лидер төв, Шөлөндөө, Алтай хангайн рекорд гэх мэт байгууллагын логонууд харагдаж байна. Өөрийнхөө урласан бүтээлийг дараа нь харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Гадуур явж байхдаа өөрийнхөө хийсэн хаяг логотой их таардаг л даа. Харахаар өөрөөрөө бахархмаар, сайхан санагддаг.
-Дижитал арт төрлөөр яагаад зурах болов оо?
-Ажил мэргэжилтэй маань холбоотой байх. Хүмүүс үзэг балаар бичдэг байсан бол өнөө цагт компьютер дээр бичихийг илүүд үздэг болсон шүү дээ. Үүнтэй яг адил гараар зурахаас гадна компьютер дээр зурахыг цаг үе, нийгэм маань шаардаж, тэр хэмжээгээр энэ төрлөөр уран бүтээлээ туурвигчид олон болж байна. Зургийн дижитал арт төрөл их хурдацтай хөгжиж байгаа. Ер нь зургийн бүхий л төрөл хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байдаг юм. Тухайлбал, ямар нэгэн бүтээгдэхүүний дизайн загварыг гаргахын тулд эхлээд цаасан дээр гараар зурна. Дараа нь түүнийгээ компьютер дээр биетээрээ ямар харагдах нь вэ гэж зурж, жинхэнэ загвараа гаргаж ирнэ. Харин лого хийхдээ зураад л болчихно гэвэл өрөөсгөл ойлголт шүү дээ. Түүнийгээ заавал үector дүрсээр зурдаг юм. Тэгэхээр лого хийх программ, дижитал арт зурах программууд хоорондоо өөр гэсэн үг.
-Таныг машин дээр зураг зурдаг гэж сонссон юм байна?
-Манайд энэ төрөл хараахан хөгжөөгүй байгаа. Иймээс манай холбооны залуус энэ төрлийн урлагийг Монголд хөгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан. Машин дээр зурахад энгийн нэг будаг, харандаа, багс ашигладаггүй, зориулалтын тоног төхөөрөмж, үзэг хэрэгтэй болдог. Иймээс зурах тоног төхөөрөмжөө бэлдэх, машинаа зурах гараашаа хаана сонгох вэ гээд асуудал их. Гэхдээ өнгөрсөн намар анх машин дээр зурж туршиж үзсэн. Болмоор юм билээ. Хамгийн гол нь зурах багаж хэрэгсэлтэйгээ зөв харьцаж, сурах, дасах нь чухал юм. Гэхдээ шинэ он гаргаад энэ төрлийн ажлыг идэвхитэй хийхээр төлөвлөөд байна.
Машинаа бусдаас содон болгох сонирхолтой залуус байвал бидэнд хандаж болно оо.
-Урын сандаа хичнээн бүтээлтэй вэ. Өөрийнхөө хамгийн хайртай бүтээлээ нэрлэвэл?
-Миний хувьд хийж байгаа бүхэн маань бүтээл болон үлддэг болохоор маш их л дээ. Тоолоход хэцүү. Харин чанартай бүтээлүүдээ нэрлэ гэвэл хэд хэд бий. Нүд, гарын ураа гаргаж цаг хугацааг зарцуулан, оюун ухаанаа дайчлан хийсэн уран бүтээл олон байдаг. Хүний амьдрал богино, урлагийн бүтээл бол мөнх байдаг гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө хийсэн, зурсан, урласан бүгдэд хайртай.
– Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Багшийнхаа талаар яривал?
-Багш маань нэр хүндтэй мундаг зурдаг н.Энхтайван гэж хүн бий. Түүний шавь болсондоо багшаараа маш их бахархаж, хүндэлж явдаг. Одоо ч гэсэн багшаасаа суралцсаар, зөвлөгөө авсаар байна. Хүн насан туршдаа сурсаар насыг бардаг гэж ахмадууд ярьдаг. Энэ үнэн үг юм шүү.
-Мэдээж хүсэл сонирхол нэгтэй залуустай хамтраад уран бүтээл гаргаж байсан байх гэж бодож байна?
-Тэгэлгүй яах вэ. Манай холбоонд чадварлаг сайн зураачид олон бий. Гагцхүү тэднийг дэмжээд туслалцаа үзүүлэх боломж нь хомс юм шиг санагддаг. Өнөөгийн нийгэм цаг үеэ дагаад их өөрчлөгдөж байна. Иймээс ажил мэргэжлийн ямар ч салбарт дизайнер зураач хүний үүрэг их болсон. Үүнийг манайхан одоо л ойлгож байх шиг санагддаг шүү.
-Монголын шинэ үеийн дизайнеруудын холбоог хэзээ байгуулсан бэ?
-Холбоогоо өнгөрсөн жилийн долдугаар сард байгуулсан. Зорилго нь шинэ залуу уран бүтээлч, дизайнеруудын уран бүтээлийн дэмжиж, тэдний орон зайг нийгэмд тэлэх, шинэ гарцыг нээх, нийгмийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх юм. Иймд 12-р сарын нэгэнд манай холбооны залуус уран бүтээлийнхээ үзэсгэлэнгээ I Lopt-д зохион байгуулж байсан. Дараа дараагийн ажлууд төлөвлөгдчихсөн байгаа.
-Таны бодлоор дизайнер зураач гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Дизайнер зураач гэдэг бол аливаа зүйлийн өнгө болоод хэлбэрийн бүхий л зохицлыг өөрийн ур чадвараараа гаргаж чаддаг хүнийг хэлнэ. Уран нарийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжээ илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй л дээ. Урлаггүй бол амьдрал утгагүй гэдэг үг байдаг. Иймээс урлагийг бүтээдэг, түгээдэг хүмүүс бол зураачид юм.
-Саяхан Монголын нэг өнөөдөр нэртэй ном гаргасан байсан. Номныхоо нэрийн талаар тайлбарлавал?
-Монголын шинэ цагийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, алдарт зураач Б.Шарав гуайн Монголын нэг өдөр гээд алдартай бүтээл байдаг шүү дээ. Тэр зургаас санаа авч Монголын нэг өнөөдөр нэртэй шог зургийн номоо хэвлүүлсэн. Монголын нэг өдөр гэсэн алдарт зургаас тухайн үеийн монголчуудын аж амьдрал, ёс заншил зэргийг хялбархан ойлгож мэдэж болдог.
Тэгвэл миний гаргасан Монголын нэг өнөөдөр номд яг өнөөгийн монголчуудын аж байдал, хөгжил, үзэл суртлыг хошин шог зургийн аргаар бүхэлд нь харуулахыг зорьсон. Магадгүй 2030, 2040 онд тэр үеийн хүмүүс энэ номыг хараад, уншаад бидний өнгөрсөнд ийм үе байжээ. Хөгжил нь ийм байсан байж гэдгийг мэдэх байх гэсэн үүднээс Монголын нэг өнөөдөр номоо бүтээсэн юм.
Өнөө үед амьдарч байгаа бид тэр бүр олж хараад байдаггүй нийгмийн алдаа оноо, хүмүүсийн амьдралын хэв маяг, баян хоосны ялгаа, нам улс төр гээд бүх сэдвийг номдоо багтаасан байгаа. Мөн нийтлэгч Гаамп гээд шог төрлөөр бичдэг залуугийн 30 гаруй нийтлэл бас орсон. Би Гаампын нийтлэлийг уншихаараа элгээ хөштөл инээдэг шүү. Тэгэхээр бас хүмүүст ухаарал өгөхийн хажуугаар инээд хөөр бэлэглэсэн бүтээл болсон байх гэж бодож байна.
-Тэгвэл залуу хүний нүдээр өнөөгийн монгол ямар харагдаж байна вэ?
-Аливаа юмыг шүүмжлэлээ гээд эмх цэгцэд ордог бол сайн сан. Гэвч тийм биш нь харамсалтай. Өнөөгийн залуус том сэтгэж, алсыг хардаг байх хэрэгтэй. Зарим нэгэн залуус маань амиа хувиа хичээсэн өчүүхэн бодолтой болоо юу даа гэж бодогддог юм. Бид чинь Аугаа Чингис хаан гээд бахархах түүхтэй хүмүүс. Гэтэл гадны соёлыг хэт шүтэгчид олширч байгаад адилхан залуу хүний хувьд эмзэглэж явдгаа хэлмээр байна. Хэдийгээр залуусын юугаа өмсч, хэрэглэх нь тэдний дур ч гэлээ эр эм нь мэдэгдэхгүй шахам болсон залуус их болжээ. Нөгөө сайхан монгол эр хүний зориг, гүндүүгүй сайхан байдал хаачив аа. Өөрийн орны соёл, зан заншлаа мэдэхгүй хэрнээ гадныхныг хэт шүтэгчид Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөх-ийн үлгэр болох вий гэж бодож байна.
-Эх орныхоо түүх, соёлыг хайрладаг хүндэлдэг залуусын нэгтэй энэхүү ярилцаж байгаадаа баяртай байна. Ер нь та нэлээд үндсэрхэг үзэлтэй хүн үү дээ?
-Надад эх оронч сэтгэл, үндсэрхэг үзэл бий. Өнөө цагт үндсэрхэг хүмүүс ховордсон мэт санагддаг. Бид яагаад дэлхийн улс орнуудыг араасаа дагуулж болохгүй гэж. Урлаг соёл, түүх шастир, зан суртахуунаараа дэлхийн улс орнуудыг байлдан дагуулж, тэд биднийг даган дуурайдаг болвол Монгол улс дахин дэлхийд тамгатай боллоо гэсэн үг. Иймээс орон орны залуусыг Монгол ухаан, ёс суртахууныг биширтэл нь хөгжмөөр байна.
-Залуусыг твиттер, facebook-гүйгээр төсөөлөх аргагүй болсон шүү дээ. Эдгээр цахим хуудсуудаар аялахад танд юу бодогддог вэ?
-Өнөөдөр бид өөрсдийгөө интернэт хаяггүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Мэдээлэл маш хурдан тархаж, жинхэнэ даяаршлыг илтгэж чадаж байна. Хаа байсан дэлхийн нөгөө талд болж буй үйл явдлыг бид гэртээ байж байгаад л мэдэж байна. Энэ гайхалтай биш гэж үү. Мөн залуустай санаа бодлоо хуваалцах, өөрсдийгөө хөгжүүлэх, нэг талбар болсон гэж би ойлгодог. Тэгэхээр бид цахим ертөнцийн эрин үед амьдарч байгаа болохоор бидний үр удам илүү ухаантай төрөх нь аргагүй гэж бодогддог. Ингээд эцэст нь Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн дөрөвхөн боловч хүчтэй үгийг хэлмээр байна.
Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Г.Уянга
Оллоо.мн