Ардчилсан намын үед ардчилал, шударга ёс нас нөгчлөө

байгаагүй хачин жигтэй үзэгдэл 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа болов. Ардчилсан сонгуулиар ард түмэндээ үнэлэгдэн олонхийн санал авч гарч ирсэн хүмүүс УИХ-д сонгогч олноо төлөөлж чадахгүйд хүрэв. Парламентын удаа дараагийн сонгуулиар янз бүрийн зөрчил, маргаан гардагч ч энэ удаагийнх шиг ард түмний олонхийн санал авч чадаагүй нь парламентад тангаргаа өргөх гээд улайрч байсан нь үгүй юм. Ялалт байгуулсан хүмүүсийн өмнүүр хөндөлсөн УИХ-ын гишүүн болно хэмээн шүүх, сонгуулийн байгууллагаар далайлган уухайлан зүтгэсэн тохиолдол анх удаа Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид дээр гарлаа. Ардчилсан нам үүссэн цагаасаа эхлэн ардчилал гэсэн үгээр мөн ч их гоёсон доо.

Даанч энэ намын засаглалын үед ардчилал, шударга ёсыг өөрсдийн гараар булшлах гээд улайрч байгаад нь ард түмэн харуусан халаглаж байна. Бүх нийтийн сонгуулийн дүнг шүүхийн байгууллагаар хүчээр баллуурдуулж байгаа Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болдог л юм бол ёс суртахууны шийтгэл оноох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлэх болжээ. Ингэхдээ тэднийг алхам тутамд нь өндөг, лоолиор шидэж, муу үйлийг нь сануулж байхыг уламжилж байна.

Ийм шийтгэлийг насан туршдаа ард түмнээсээ амсах учиртай хүмүүс бол яах аргагүй тэд. Эзэн Чингис Тангуд улс бий гэдгийг өглөө болгон сануулж бай гэж зарлиг буулгасантай адил өглөө бүр Төрийн ордон уруу ирэх замыг нь тосч тэднийг өндөг, улаан лоолиор нүүлгэхэд юу нь болохгүй гэж. Ард түмний саналыг хууль шүүх, эрх мэдэл, мөнгөний хүчээр булааж авсных нь шанг ичих булчирхай, эмээх сэтгэлгүй энэхүү хоёрт өглөө бүхэн хүртээж байхад илүүдэхгүй. Ийм л тавиланг ичиж эрээлхэхгүй сонгосон тэдэнд юу хийж, ямар замаар шаргал ордонд заларсныг нь сануулж байя. Угаасаа энэ хоёр бусдад чичлүүлэх хангалттай шалтгааныг өөрсдөө л бий болгосон шүү дээ.

Төрөлх нутагтаа тайван алхах, сонгогч олонтойгоо нүүр бардам уулзах эрхээ УИХ-ын гишүүн хэмээх албан тушаалаар арилжчихсан увайгүй нөхдөд хууль шүүхийн өмнө хүчгүй ард түмэн ийм л шийтгэл оноож байна. Маргааныг хянан шийдвэрлэдэг хууль хяналтын байгууллагууд, сонгуулийг гардан удирддаг байгууллагууд нь бүгд Ардчилсан намын шууд хяналт, дохио зангаагаар хөдөлж байгаа өнөөгүй нөхцөлд ард түмэн тэмцлийн иймэрхүү арга замыг сонгохоос ч өөр яахав. Шүүхэд зарга үүсгэлээ гэхэд ард олны дэмжлэг аваагүй талыг нь зөвтгөнө, сонгуулийн төв байгууллагад хандвал дарга нь улстөрийн шалгуураар шийдвэр гаргана, УИХ-ын даргад хүсэлт тавихаар мэдэн будилж бултана, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эрхэм төрийн тэргүүндээ уламжлах гэтэл Би Ардчилсан намын талд л үйлчилнэ гэсэн бичиг духан дээрээ наачихсан аятай аашилна. Нөхцөл байдал ийм л байгаа болохоор ард түмэн Г.Батхүү, Д.Зоригт нарт алхам тутамд нь хууль бус үйл ажиллагааг нь сануулж, ёс зүйн цээрлэл хүлээлгэхээс өөр арга замгүй хэмээн үзэж байна.

Нутгийн олныхоо саналыг архи, мөнгөөр удаа дараа худалдаж авсан учраас өвөрхангайчууд Г.Батхүү, Д.Зоригт нараас залхсандаа энэ жилийн сонгуулиар эсрэг санал өгсөн билээ. Гэтэл сонгуульд унасан шалтгаа нутгийн зон олондоо тохож, өгөөгүй санал, дайгаагүй итгэл, хүсээгүй сэтгэлийг нь шүүх, сонгуулийн төв байгууллагын хууль бус хүчин чармайлтаар шууд дээрэмдчихлээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Гэвч сонгуульд өчүүхэн нэр хүндээсээ болж өвдөг шороодсон тэд өнөөг хүртэл доголон нулимстай, нутгийн олноо занасан байдалтай УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр улайрч байна. Тэд чуулганы танхимд, бүр цаашилбал өрөө тасалгаандаа юу ч гэж уран донгодсон хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийг нь энэ цаг мөчөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэвтрүүлэхгүй байхыг уриалж байна.

Шүүхээр хүссэн шийдвэрээ гаргуулж, СЕХ-гоор дэмнүүлэн, УИХ-ын даргаар хамжуулан, төрийн тэргүүнээр бамбай хийн УИХ-д ичиж зовохгүй тухалж байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг энэ цаг мөчөөс эхлэн үг хэлэх эрхэнд нь хориг тавья. Хууль үйлчилдэггүй хүмүүст ийм л арга замаар хуульчлан тогтоогоогүй ёс зүйн цээрлэл хүртээж, увайгүй аргаар олж авсан УИХ-ын бүрэн эрхээсээ сайн дураар татгалзтал нь тэмцэцгээе. Өвөрхангай аймгийн тухай, өвөрхангайчуудын талаар ам нээх хүн чанар, ёс зүйн хэлтэрхий ч үлдээгүй хүмүүст энэ л арга яг тохирно.

Тэгээд ч ард түмний сонголтыг хууль хяналтын байгууллагын шийдвэрээр булааж байхад сонгууль явуулах хэрэг байгаа юм уу гэж ард олон эрх баригчдаас асууж байна. Хууль бус үйлдэлтэй ингэж зоригтой тэмцэл өрнүүлэхгүй бол Ардчилсан нам ардчилал, шударга ёсыг булшилж, орон нутгийн сонгуулиар өгсөн саналыг маань Өвөрхангай шиг булааж авахаас ч сийхгүй шүү. Энэ засгийн үед ардчилал нас нөгчлөө.

Н.Бүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button