Сайншанд дахь ирээдүйн бүтээн байгуулалттай танилцлаа
суманд боллоо.
Энэ удаагийн уулзалт нь Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутагт зохион байгуулж буй хоёр дахь уулзалт гэдгээрээ онцлог байв. Уулзалтыг өмнө нь Завхан аймагт зохиож, хэвлэл мэдээллийнхэн хангай нутгийн бүтээн байгуулалттай танилцаж байсан билээ. Харин энэ удаад говь нутгийн сүр жавхланг биширч, Сайншанд сумын бүтээн байгуулалттай танилцаж яваад ирлээ.
Дорноговь аймгийг Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн өлгий нутаг гэдгээр нь андахгүй. Миний хувьд энэ нутагт анх хөл тавьсан. Сайншанд суманд өнгөрсөн дөрвөн жилд багагүй ажил амжуулсан гэдэг гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, цэвэр орчноос илэрхий байв. Тус хотынхон өнгөрсөн дөрвөн жилд АН-ыг сонгон итгэл хүлээлгэж, олон ажил хийлгэсэндээ сэтгэл хангалуун байна.
Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сумын дөрөвдүгээр багийн нутагт орших Сайншанд-80 цогцолборыг баатар Данзанваанчигийн хөшөөний дэргэд байгуулж, хүүхэд, хөгшдийн амрах, зугаалах таатай орчинг бүрдүүлжээ. Мөн төв доторх хатуу хучилттай замыг шинэчилж, түүний дагуу гэрэлтүүлэг тавьсан байна.
Түүнчлэн Сайншанд сумын иргэд дунд оврын автобусаар зорчдог болжээ. Нутгийн удирдлагууд иргэдийнхээ тав тухтай байдлыг бий болгож, тохилог автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй, оюутнуудад 150, энгийн иргэдэд 300 төгрөгөөр үйлчлүүлж байв.
Мөн Монголын энергийн төв гэгддэг Хамрын хийд рүү хатуу хучилттай зам тавьж байгаа аж. Энэ мэтчилэн нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц олон ажил хийсэн байв.
Ардчилсан засгаараа дэмжүүлье, аймаг сумдаа үйлдвэржүүлье гэсэн уриатай оролцож байна
Сэтгүүлчидтэй уулзах цаг 411 уулзалтыг тус аймгийн АН-ын удирдлагууд хүндэтгэлийн Соёмбо цогцолбор-ын зааланд хийсэн юм. Энэ цогцолбор ашиглалтад ороод долоохон хонож буй аж.
Энэ цогцолборт хурим найр, томоохон хэмжээний уулзалт гээд иргэддээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхаар босгожээ.
Хүндэтгэлийн өргөөний дотоод зохион байгуулалт нь үнэхээр сэтгэл хөдөлгөм болжээ. Сэтгүүлчид хүндэтгэлийн өргөөний тэргүүн сандалд тухлан, зураг татуулж, энэ удаагийн уулзалтаа баталгаажуулсан юм. Ёстой л орчин үеийн хааны өргөө гээд хэлчихмээр дүр зураг буусан шүү.
Ингээд АН-ынхны Сэтгүүлчидтэй уулзах цаг 411 уулзалт эхэллээ. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга П.Ганхуяг, аймгийн орлогч дарга, аймгийн АН-ын дэд дарга Ж.Галбадрах нар болон бусад албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
Уулзалтын зорилго нь Дорноговь аймагт АН-ын зүгээс хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулахад оршиж байлаа. Дорноговь аймгийн АН-ынхан орон нутгийн сонгуульд Ардчилсан засгаараа дэмжүүлье, аймаг сумдаа үйлдвэржүүлье гэсэн уриатай оролцож байгаа бөгөөд сонгуульд 14 сумын нийт тойргийн хороодод 300 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус аймгийн иргэдтэй уулзахдаа Дорноговь аймаг хөгжлийн алтан байршилтай гэж хэлсэн байдаг. Тиймдээ ч аймгийн АН-ынхан ирэх дөрвөн жилд Хамрын хийд, Хүслийн уул зэргийг түшиглэсэн аялал жуулчлал, үйлдвэржилтийн бодлогод тулгуурлан нутгийн иргэдээс саналыг нь сонсож Шинэ Дорноговь-2 тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан байна.
Уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Өнгөрсөн дөрвөн жил бодлогоо тодорхойлсон жилүүд байсан гэдгийг онцолж байв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих талаар тусгасан. Энэ хүрээнд аймгийн удирдлагууд аж үйлдвэрийн цогцолборыг барихаар судалгаа шинжилгээний шатанд ажиллаж байгаа гэнэ. Уг цогцолборын хүрээнд таван том үйлдвэр барьж түүнийг дагалдан 50 жижиг үйлдвэр баригдах ажээ. Орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулчихвал энэ төслийг урагшлуулахын төлөө ажиллах гэнэ.
Өнгөрсөн дөрвөн жилд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, өмнөд бүсийн төмөр замыг барьж байгуулахтай холбогдуулаад орон нутагт бэлтгэл хангах ажлыг нэлээд хийсэн юм байна.
Мөн улсын хэмжээнд Улаанбаатар төмөр замын коллежийн дараа орох хувийн хөрөнгө оруулалттай Төмөр замын коллежийг байгуулжээ. Коллежийг жилд 200 хүн төгсдөг бөгөөд ажлын байрны хувьд хүрэлцээтэй байдаг гэнэ. Аймгийн ИТХ-аас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар олон ажил хийсний үр дүнд цэвэр ус үйлдвэрлэдэг гурван компани байгуулагдсан байна.
Хийморио сэргээж, хүслээ даатгаад ирлээ
Сумын хөгжил дэвшилтэй танилцаад үдээс хойш Монголын энергийн төв гэгддэг хамрын хийд, Хүслийн уулыг зорив. Дорноговь аймагт оччихоод энергийн төвд очихыг хүсэхгүй хүн гэж үгүй л болов уу.
Хүслийн ууланд очиж өөрсдийн юу хүссэнээ шивнэж залбираад буухад нар шингэж байв. Тиймээс ч хамрын хийдэд очих эсэх талаар нэлээд ярилцлаа. Учир нь оройн 2100 цагийн галт тэргээр хот руу буцах тул амжихгүй юм шиг санагдсан. Гэтэл нэгэнт Сайншандад ирчихээд Хамрын хийдийг харанхуй ч гэсэн очиж үзье гэсэн шийдвэрийг гаргаад зорьцгоов. Нутгийн иргэдийн хэлж буйгаар хүссэн хүн бүхэн тэр ариун газарт очиж чаддаггүй гэнэ.
Ийнхүү бид харанхуй шөнө энергийн төвд оччихоод хийморио сэргээж, ажлаа бүтээж, хүслээ даатгаад буцсан юм.
В.Дондовдорж