Худалдааны төвүүд дээр ноцсон гал хариуцлага хаана байдгийг л харууллаа

Гэнэтхэн томоохон дэлгүүрүүдэд чөтгөр шүглэсэн аятай ар араасаа галд автацгаан эгээтэй л үнс нурам болчихоогүй үлдсэн. Зарим худалдааны төвд ассан гал ч харьцангуй гайгүй бололтой. Багахан газрыг хамруулсхийгээд хохирол багатайхан өнгөрсөн. Тэгэхээр Улаанбаатар хотыг тойрсон дэлгүүр худалдааны төвүүд юуны учир ар араасаа түлэгдэн шатав гэх бодлыг хэн хүнд төрүүлж байсан юм. Мэдээж хэрэг, гал гарсан шалтгаанууд нь ч тов тодорхой байсан бөгөөд хуучирч муудсан цахилгааны утаснуудаас улбаатай байж. Үүнээс үзэхэд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төвүүдийн барилга байшин ихээхэн хуучирч муудан цахилгааны утас монтаж нь зэвэрч хэзээ мөдгүй хаврилдан гал гарах нь холгүй байдагтай ихээхэн холбоотой.

Саяхан нийслэлийн Баянгол дүүрэгт орших MB худалдаа үйлчилгээний төвд гал гарчээ. Азаар тус төвд ассан гал бага хэмжээг хамарсан байсан тул нийслэлийн Онцгой байдлын газрынхан унтраасан. Мөн хэдэн жилийн өмнөхөн Бөмбөгөр худалдааны төвд аймшигт гал гарч Алтан хатагтайг нэлээд хэдэн тэрбумын өрөнд унагаж түрээслэгчдийг нь өмссөн хувцастай нь л үлдээж байсан гашуун түүх бий. Иргэд бид хаана хаанаа болгоомжтой, анхааралтай ажиллахыг сануулах хэрэгтэй байна. Худалдаачид хэдэн төгрөгийн төлөө амь биеэ хайрлахгүй ажиллаж байх зуур түрээслэгчид чанар муутай ажлын байраар иргэдийг хангаж хэдэн бор юм олохоо л бодно. Энэ зуур чанар муутай баригдсан ажлын байр нь удалгүй үнс нурам болчихно. Ийм байдлаа үргэлжлүүлсээр байх уу.

МВ-Д ГАРСАН ГАЛ ГАГНУУРЫН ОЧНООС ҮҮДЭЛТЭЙ

Дуучин Д.Болдын В продакшныхаа анхны суурийг тавьж байсан газар бол MB их дэлгүүрийн байр билээ. Тус байр хэдхэн хоногийн өмнөхөн галд автаж хонгилын хэсгээсээ шатаж эхэлсэн. Онцгой байдлын газрынхан ч ирсэн даруйдаа ажилдаа орж галын нөхцөл байдлыг тодруулахаар дотогш нэвтэрсэн билээ. Онцгой байдлын аврагчдын ажил мэргэжлийн хүнд хэцүү ч иймэрхүү үед мэдрэгдэж, тэдний эр зоригийг бахадмаар. Нийслэлийн Онцгой байдлын газрынхан ч яахав. MB дээр гарсан галыг нэг их сүртэй, сүйдтэй зүйл биш хэмээн хэлж сандарсан иргэдийг тайвшруулсан юм. Албаныхан хэлэхдээ, МВ-д гарсан галын шалтгаан нөхцөл нь гагнуур хийж байснаас үүдэлтэй хэмээн эхний байдлаар дүгнэгдлээ.

БАЯЛАГ ХУДАЛДААНЫ ТӨВИЙНХӨН ГАЛААС БОЛЖ НЭЛЭЭД ХОХИРОЛ АМСЛАА

Өнгөрсөн зун гэнэтхэн ойр ойрхон дэлгүүр худалдааны төвүүд дээр галын дохио хангинаж Онцгой байдлын аврагчдыг түргэн авахуулсан юм. 3,4 дүгээр хороололд орших Баялаг худалдааны төв дээр нэлээд их хэмжээг хамарсан гал гарч Онцгой байдлын аврагчдыг түргэнээс түргэн авахууллаа. Ачлал дэлгүүрийн хойно орших тус үйлчилгээний төвд дүрэлзсэн гал өндрөө авсныг хэлэх үү аврагчид унтраахад нэлээд бэрхтэй байсныг тухайн үед хэлж байлаа.

АНУН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АГУУЛАХ БҮХЭЛДЭЭ ҮНС НУРАМ БОЛСОН ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ

Электрон барааны дэлгүүрүүдийн нэг болох Анун худалдааны төв нийслэлдээ л томоохонд тооцогдох үйлчилгээний газар. Гал гарсан шалтгааныг албаныхан цахилгааны утаснаас үүдэгдсэн хэмээн түвэггүйхэн оношийг нь тогтоож байсан. Гэхдээ уг гал нь тус газрын дэлгүүрийн байранд азаар нэвтрээгүй өнгөрсөн. Харин агуулахыг нь тэр чигээр нь түлээд өнгөрсөн билээ. Өнгөрсөн зун УИХ­-ын сонгуультай, галын дуудлагатай халуухан зун байсан. Юм юм үзсэн нүргээнтэй зуныг өндрөө авсан галын дуудлагуудаас эхлээд хэцүүхэн зүйлс жин дарсан гээд асуудал их байлаа.

МУУДСАН ЦАХИЛГААНЫ УТАСНААС БОЛЖ ИЙСТ ШАТЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт орших Ийст төвд мөн л гал гарч ойр хавийн оршин суугчдын тав тухыг гэнэтхэн алдагдуулсан. Тус газарт ассан галыг албаныхан мөн л муудсан цахилгаан, монтажтай холбон тайлбарлаж байсан билээ. Ямартай ч эл хэрэг явдал иргэдэд анхаарал болгоомжтой байхыг үе, үе сануулаад байгаа юм аа.

ВЫСТАВКА ХУДАЛДААНЫ ТӨВ ХОНГИЛЫН ХЭСГЭЭСЭЭ ШАТАЖ ЭХЭЛСЭН

Өнгөрсөн долоон сарын эхээр Выставка худалдааны төвд гал гарсан. Яаралтай гал унтраах дуудлагыг нийслэлийн онцгойгийнхон хүлээн авав. Яахаараа шинэчлэгдээд удаагүй Выставка дээр гал гардаг юм бэ хэмээн зарим иргэд итгэж ядан байсан. Газар дээр нь ажилласан албаныхан ноцсон гал зөвхөн хонгилын хэсгийг хамарсныг хэлж байв. Мөн л шалтгаан нь Хятад улсаас оруулж ирсэн чанар муутай цахилгааны монтажнаас болсон гэх оношийг дуулгасан. Газар дээр нь ажилласан аврах ангийнхан ч тухайн үед хэлэхдээ, гал цахилгааны утаснаас үүдэгдэн гарсан тул унтраахад бэрхтэй байсан гэж байсан юм.

Энэ мэт явдлууд иргэд бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулж байсныг нуух юун.

Эцэст нь барилгын компанийнхан, бизнес эрхлэгчдэд сануулж хэлмээр хэдхэн үг байна. Шинээр ашиглалтад өгөхөөр бэлтгэж буй байшин барилгууддаа хуучирч муудсан эсвэл урд зүгийн чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэж хэдэн төгрөг унагасан болж бусдын амь нас болоод эрүүл мэндээр хохироохгүй байхыг зөвлөе. Шинээр баригдсан барилга хүлээж авахдаа улсын хяналтынхан ажилдаа шударгаар хандмаар байна. Чанаргүй материалаар баригдсан барилга, цахилгааны утас бусдыг эд материалаар төдийгүй амь насаар нь хохироож байна.

Х.Баярцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button