Бэлгийн цөөнх гэхээр ДОХ гэж ойлгодог болчих вий
Гей миссээ шалгарууллаа. Mr. Beaty-2012 мисс шалгаруулах тус тэмцээнийг зургаа дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Энэхүү тэмцээнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Мэдэхгүй байх нь ч аргагүй дээ. Уг тэмцээн зохиогдож эхэлсэн цагаасаа хойш нууцлагдмал байдлаар явагдсаар иржээ. Чухамдаа манайд бэлгийн цөөнх иргэдийг нийгэмд нээлттэй хүлээж авах цаг нь ирээгүйд гол учир байгаа юм. Тэдний хувьд эрх чөлөөгөө мэдэрч эрх дураараа байдаг ганц өдөр нь энэ аж. Тус тэмцээнийг ЛГБТ төв, Хамтдаа төв, Залуус эрүүл мэнд төв, Хүний эрх-Залуучууд-Эрүүл мэндийг дэмжих төв зэрэг төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулдаг. Уг нь бол гей, лесби, бисекс, трансжендер хүмүүс бэлгийн чиг баримжаагаараа энгийн хүнээс өөр боловч яг бидэнтэй адилхан шүү дээ. Энэхүү тэмцээнд нийтдээ найман гей мисс оролцсон юм. Шалгаруулалтын нээлтэд өмнөх таван удаагийн тэмцээнд тэргүүлсэн миссүүд хүрэлцэн ирсэн байлаа. Харин ерөнхий шүүгчээр манай гоо бүсгүйчүүдийн дунд өөрийн нэрээ дэлхийд гаргаж чадсан загвар өмсөгч, мисс бүсгүй ирсэн байв. Нэрийг нууцлах нь зүй ёсны хэрэг биз ээ. Эдгээр бэлгийн цөөнх гэх иргэд төрөхдөө л бусдаас өөр төрсөн юм билээ. Зарим нь олдмол гэдэг боловч манайд байдаг бэлгийн цөөнх иргэд ихэвчлэн төрөхдөө бэлгийн сонирхол нь өөр төрдөг аж.
Кино үйлдвэрийн ойролцоо нэгэн шөнийн цэнгээний газар болсон уг тэмцээнийг үзэхээр ирсэн хүмүүсийн ихэнх нь гей хүмүүс байлаа. Зарим нь тэмцээнд оролцож буй найз нөхдөө дэмжихээр иржээ. Нийтдээ найман гей бүсгүй оролцож яг л мисс шалгаруулах тэмцээний адил монгол үндэсний хувцастай мисс, авьяаслаг мисс, асуулт хариулт, усны хувцастай, гоёлын даашинзтай гэх мэт албан ёсны шалгаруулалтууд явагдсан юм. Гей мисс бүрийн мөрөөдөл, хэлэх дуртай үгийг сонирхоход бүгд мөнхийн хайртай учрах, дэлхийн мисс болох, дуучин болох гэх мэт бусадтай яг адилхан зүйлийг хэлж байсан боловч эдгээр нь тэдний хувьд биелшгүй мөрөөдөл нь байв. Урлагийн номерын хэсэг дээр тав дугаартай оролцогч зураг зурж үзүүлсэн юм. Тэрбээр зургаа тайлбарлахдаа Суурь өнгийг хараар зурсан. Энэ нь нийгэмд амьдарч буй бүх хүмүүс. Биднийг хүлээж авч буй төсөөлөл нь хар байдаг. Тиймээс хар өнгийг сонгосон. Харин дээрх жижигхэн хэсэгт шаргал өнгийн цэцэгнүүд зурж дээр нь саа цацаж өгсөн. Энэ бол бид. Яагаад гэвэл бид өөрөө өөртөө сэтгэл хангалуун, гэгээлэг гялалзсан байдаг учраас шаргал өнгөөр онцолж зурсан юм гэж тайлбарлалаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөм хэлсэн юм. Нийгэмд байнга хар бараан талаас нь үнэлүүлдгээс болоод өөрсдөө хүртэл дарамтанд орчихсон юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Яагаад бэлгийн цөөнх хүмүүсийг онцлоод байна вэ гэхээр тэд нийгэмшиж чадахгүй байгаагаас болоод нуугдмал амьдралаар амьдардаг болчихож. Ингэснээр тэд өнөөх ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчид болоод байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Яагаад тэд энэхүү халдварт өвчний тээгчид болчихов. Учир нь халдвар тээгчдийн багагүй хувийг бэлгийн цөөнх эзэлдэг юм билээ. Тэдний цөөн биш хэсэг нь суурьшмал бус, гэр оронгүйгээс хамаатан садныхаараа хоног төөрүүлж, зочид буудлаар амьдарч эхэлдэг байна. Ингэснээр бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдөх томоохон шалтгаан болдог аж. Байнга л бусдаас нуугдаж, хэн намайг доромжлох бол, хэн муухай харах бол гэдгээс айж чичирсээр нууцлагдмал амьдрал тэдний хувьд арай боломжит хувилбар болдог гэнэ. Нуугдаж амьдардаг газар нь мэдээж өнөөх буудал юм. Тэдэнд ажлын байр хомс. Гаднах төрхийг нь хараад л Уучлаарай манайд танд тохирсон ажлын байр байхгүй гэх хариултыг ихэвчлэн өгдөг гэнэ. Ингээд тэд өнөөх биеэ үнэлэх зам руу ордог аж. Иймээс ДОХ-ын халдвар тээгчид болдог юм байна. Эдгээр хүмүүсийн дунд байнга судалгаа явуулдаг аж. Судалгаа нь гей болон бисекс залуусын бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх талын бэлгийн эрүүл мэндийн боловсролын түвшинг үнэлэхэд оршдог юм билээ. Гей эрчүүд бүгд эмэгтэйлэг шинжтэй, лесбин эмэгтэйчүүд болгон эршүүд байдаг гэдэг маш өрөөсгөл ойлголт бөгөөд бэлгийн чиг баримжааны хувьд өөр байдгаас бусдаар бол бидэнтэй адилхан л хүмүүс.
Бидэнтэй адилхан хүн гэж хүлээж авах ойлголт сэтгэлгээ манайд байхгүй. Тэд зөвхөн бэлгийн чиг баримжаагаараа л онцгой. Гэтэл яагаад хүнээс нуугдан байж амьдрах ёстой юм бол. Хүн болгон хуулийн өмнө эрхээ эдэлж үүргээ хүлээх ёстой. Тэд эрхээ эдэлж чадаж байна уу? Тэднийг хаана ч явсан элдвээр хэлж доромжилдог байдал одоо ч хэвээрээ. Манай нийгэмд тэд ил гарч ирэх цаг хэзээ юм бол. Энэ тал дээр шийдвэр гаргагчид ямар нэг зүйл боддог болов уу. Уг нь аль ч улс оронд нийт хүн амын 2-6 хувь нь бэлгийн ижил чиг баримжаатай төрдөг судалгаа гарсан байна. 1973 онд АНУ-ын сэтгэц, мэдрэлийн эмч нарын холбооноос бэлгийн чиг баримжаа бол төрөлхийн зүйл, сэтгэц, мэдрэлийн өвчин биш гэж албан ёсоор нотолсон байдаг. 1992 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан юм байна. Эрдэмтэд судалснаар хүн эхийн хэвлийд бүрэлдэн бий болоод дөрвөн cap болоход тэр хүүхэд ямар бэлгийн чиг баримжаатай болж төрөхөө олчихсон байдаг гэнэ. Энэ нь хүн эмэгтэй, эрэгтэй, монгол, хятад, хаана хэн болж төрөхөө сонгодоггүйтэй адил төрөхөөс ч өмнө бий болдог. Нэг үгээр том болсон хойно нь ч өөрчлөгдөх боломжгүй зүйл юм. Бэлгийн чиг баримжааг гурав хувааж үздэг. Тухайлбал, хетеросекс буюу эсрэг хүйсийн бэлгийн харьцаа. Бэлгийн чиг баримжааны хувьд эсрэг хүйстэй хүндээ татагдах. Гомосекс буюу ижил хүйсийн бэлгийн харьцаа. Бисекс гэдэг нь эрэгтэй, эмэгтэй аль, алинд нь татагдах юм байна.
Өнгөрсөн долоо хоногт ДОХ-ын 116 дахь тохиолдол илэрсэн. Долоо долоо хоногоор, илрээд байвал цөөхөн хүн амтай манай улсын хувьд аюулын харанга дэлдэх нь ээ. ДОХ-той иргэдийн олонх нь бэлгийн замаар халдварласан бол 100-гийн 20 хувь нь гадны нөлөөтэй бөгөөд янз бүрийн зүйлээс халдвар авсан судалгаа байна. Тэдний дийлэнх нь эрэгтэйчүүд мөн бэлгийн цөөнх хүмүүс байдаг аж. ДОХ-ын халдвар тээгчдийн хувьд бэлгийн чиг хандлага нь хэвийн, нөхөр, хүүхэдтэй хүмүүс олон байдаг аж. Эрэгтэй болон гомо хүмүүс ДОХ тусдаг гэх ойлголт байдаг. Харин халдвар авсан иргэдийн олонх нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Хүн бүр эрх чөлөөтэй байх эрхтэй. Тэд ч бас эрх чөлөөтэй байхыг хүсдэг биз. Тиймээс тэдэнтэй харилцахдаа үг хэллэгнээсээ эхлээд анхаарах ёстой. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар бэлгийн хавьталд орох гэж буй санаатай, санамсаргүй бүх тохиолдолд бэлгэвч хэрэглэхийг зөвлөсөн. Өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд өөртөө анхаарал тавих ёстойг анхааруулсаар байгаа билээ.
Ингээд гей мисс шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн нэгэн гей залуугаас хэдэн зүйл тодрууллаа.
-Сайн байна уу. Хэн гэдэг вэ. Энэ тэмцээнийг өмнө нь үзэж байв уу?
-Сайн. Хоёр дахь удаагаа үзэж байна. Намайг О гэдэг.
-Та хэзээнээс эхэлж бэлгийн чиг хандлагын хувьд бусдаас өөр гэдгээ мэдсэн бэ?
-10 жилд байхдаа л охидтой нийлдэг байсан. Хөвгүүдтэй нийлэхээр санаа бодол нийлдэггүй. Байнга л ам зөрчихөөд байдаг. Харин охидтой хэл амаа амархан олчихдог. Ярилцахад их сайхан байдаг. Ерөнхийдөө 10 жилээ төгсөөд л өөрийгөө арай өөр сонирхолтойг мэдсэн.
-Одоо ямар ажил эрхэлдэг вэ?
-Хувийн компанид дизайнераар ажилладаг.
-Энэ тэмцээнд хэнийг дэмжих гэж ирсэн бэ?
-Бидэнд зориулсан иймэрхүү тэмцээн, уулзалт болох нь ховор шүү дээ. Хэн нэгнийг дэмжих гэж ирээгүй ээ.
Ч.Сувдаа