Монголын нууц товчоо-г сонсдог боллоо
Монголын нууц товчоо зохиолын сонсдог эхийг нийтийн номын сангуудад түгээх үйл ажиллагааны нээлт өнөөдөр болсон юм. Энэ талаар Монгол Улсын Үндэсний номын сангийн менежер Н.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Монголын нууц товчоо түүхэн зохиолын сонсдог эхийг Оюу толгой компаниас өнөөдөр гардуулсан гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Оюу толгой компани манай номын санд СD хэлбэрээр Монголын нууц товчоо зохиолын сонсдог эхийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. Энэ удаад СD-ээр нь 50 ширхэгийг бэлэглэсэн. Үүнийг хөдөө орон нутгийн номын сангуудад тараах ажлыг удахгүй эхлүүлнэ.
-Орон нутгийн номын сангуудад яаж тараах вэ?
-Одоо юм бүхэн амар хялбар болж дээ. Сар болгон аймгийн төв номын сангуудын ажилтнууд ирж манайд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагддаг юм. Энэ үеэр өгнө. Мөн электрон хэлбэрээр нь тун удахгүй Үндэсний номын сангийн сайтад тавина. Тэгэхээр http//www.nationallibrary.mn/ хаягаар ороод электрон хэлбэрээр нь сонсох, татах боломжтой болно. Албан байгууллага, хувь хэн ч сонсч болно оо гэсэн үг.
-Одоогоор сайтдаа тавиагүй байгаа гэсэн үг үү?
Тийм ээ. Одоогоор Оюу толгой компанийн цахим хуудсаар ороод сонсч болно.
-Монголын нууц товчоо-г бүрэн эхээр нь багтаасан уу?
-Тийм ээ. Нийт хоёр багц СD байгаа.
-Зохиолыг нь хэн уншсан бэ?
-Боловсрол суваг телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Г.Оюунбат уншсан.
Г.Уянга
Olloo.mn