Хошууч А.Мөнхбат Гуравхан цагдааг хааш нь шидэх вэ гэж байсан
нар сүйтгэж байхдаа сум орон нутаг, иргэдтэй нь давхар түйвээсэн. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч мөн л нинжа нартай хэрэлдэж, хөөцөлдөж, тэмцэж явсаар зодолдож, эцэстээ тахир дутуу болсон юм. Хэсгийн төлөөлөгчийг орой ус авахаар явж байхад нь нинжа нар араас нь осковдож /үзүүртэй төмөр/ ухаан алдуулсан байна.
Хэсгийн төлөөлөгч олон сар эмчилгээ хийлгэсэн боловч тахир дутуу болж, группт ороод ажлаасаа чөлөөлөгджээ. Алт ухуулсангүй гэж хорссон нинжа нар албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн амьдралаар ингэж тоглочихсон юм. Энгийн иргэнийг байтугай цагдаагийн алба хаагчийг ч алж чадах хүмүүс гэдгийг энэ жишээ хэлээд өгөх биз.
Өнөөдөр нинжа гэх бүлэглэл энд тэнд хэдэн зуугаар нь ухсан нүхэндээ өөрсдийнх нь дургүйг хүргэсэн хэдэн хүнийг булж орхисныг хэн ч хэлж мэдэхгүй. Ухах талбайгаасаа болж хоорондоо муудалцаж, зодолдох асуудал байнга гардаг. Тэнд хууль дүрэм гэж байхгүй учраас хэн өрсөж, хөдөлгөөн хийсэн нь амьд үлддэг хуультай гэдгийг цагдаа нар ч ярьж байна лээ. Хутга, үзүүртэй төмрөөр зэвсэглээгүй нинжа алт ухаж, амьд үлдэнэ гэдэг тун хэцүү аж.
Хамгийн сонирхолтой нь, ухаж байгаа нүхэндээ хөлгүй, тахир дутуу хүн оруулахыг илүүд үздэг гэсэн. Хөлгүй хүн зай бага эзэлнэ, ийшээ тийшээ явж алга болчихоод байхгүй, ухуулж байгаа эзэн зөвшөөрсөн тохиолдолд л нүхнээсээ гарч болно. Ерөөсөө гарын дорх барлаг. Жаахан дургүй хүргэвэл тэнд нь булчихад хэн ч мэдэхгүй. Ийм л аймшигтай, хэрцгий бүлэглэл Монголд бий болоод арваад жилийн нүүрийг үзлээ.
Цагдаагийн машин мөргөсөн нинжа нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн
-Нинжа нар танай хэсгийн машиныг мөргөсөн гэсэн. Хэр олон удаа эсэргүүцэл үзүүлж байсан бэ?
-Бид Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар гар аргаар алт олборлогчдыг тараахаар ирсэн. Цөөхөн цагдаа үнэхээр хүч хүрэхгүй юм билээ. Нинжа нар биднийг машинтайгаа бүсэлж ирээд л дайрч байсан. Машинаас бөөнөөрөө өргөж, Гуравхан цагдааг хааш нь шидэх вэ. Монголд нинжа буцсан түүх байдаггүй юм гэхчилэн хашхиралдаж байсан.
Дараа нь аймгаас 45 хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй машинтай алба хаагчид ажиллаж байхад бас л нинжа нар бөөнөөрөө бүсэлж үзсэн. Та нар энд юу хийх юм бэ. Шийдвэр гаргаж чадахгүйгээс хойш биднийг чөлөөтэй ажиллуул гэж дайрч, заналхийлсэн.
-Цагдаагийн машин мөргөсөн этгээдүүдийг олж тогтоосон уу?
-Илрүүлсэн. Манай машиныг мөргөсөн хүмүүсийг саатуулж, тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн. Одоо мөрдөн байцаалтын шатанд явж байна.
-Аль аймгийн хүмүүс байсан бэ?
-Говь-Алтай аймгийн харьяат таван залуу байсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл алга. Удахгүй бидэнд мэдээлэх байх.
-Нинжа нар шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч болон нутгийн малчдын биед халдсан тохиолдол бий юу?
-Байгаа. Бид нинжа нарын машиныг хөөж явахад бусад нь урдуур дайрч орж ирээд хойноос, урдаас мөргөж байсан. Нутгийн малчдыг байнга дарамталдаг. Шөнө орой малчдын гэрт очиж Машиныхаа бензин, тосыг өг, ус өг, хоол хий, мах авна гэх мэтээр дарамталдаг гэсэн. Манайх говь, цөлөрхүү нутаг болохоор нутгийн иргэдийн усыг дээрэмдэж, булаах тохиолдол их гарч байсан.
Нутгаа сүйтгүүлж байгааг харахад сэтгэл өмөрдөг юм
-Нинжа нарын хөлд үрэгдэж байгаа гол хүмүүс нь нутгийн малчид. Хэр их дарамт шахалт ирж байна вэ?
-Нинжа гэдэг чинь Дөрвөлжин сумын Бухын толгойд ирсэн гэсэн. Сүүлдээ манай нутагт орж ирээд есдүгээр сарын 20-ноос хойш маш хэцүү болсон. Малчин бидний хувьд сэтгэл зүйн маш том дарамтанд орж байна. Үе дамжин амьдарч ирсэн газар нутгийг маань ингээд ухаж, сүйтгээд эхлэхээр дотор өмөрөх юм. Хөөж, тууж эсэргүүцэл үзүүлээд ч нэмэргүй.
Сүүлдээ хөөлөө гэж уурладаг юм уу, яадаг юм, шөнө гэрийн гадаа байсан морь, малны тушаа, чөдрийг аваад явуулчихна. Нөгөөдхөө хайна, хулгайлчихсан ч юм уу гэж бодно. Мориороо хонь хариулдаг мань мэтийн хүмүүс өглөө босход морьгүй болчихсон байх жишээтэй. Үнэхээр хэцүү.
-Нутгийн малчдаас байнга хоол, ус нэхдэг гэсэн?
-Усны асуудал хүнд л дээ. Манайх зөөврийн устай. Эхэндээ ус гуйхаар нь өгдөг л байлаа. Сүүлдээ ч зөөврийн устай хүмүүс хүн болгонд өгөөд байхаар өөрсдөө уух усгүй болсон. Энэ байдлаа хэлэхээр Хар ус харамлаж байна гэж уурлана. Сум орон нутагт олон хүн цугларчихаар шатахуун тасарчихна. Шатахуун олдохгүй бол усандаа хүрэхэд бэрх.
-Уснаас өөр зүйл гуйх уу?
-Хоол нэхдэг л юм. Байнга мал авна гэж ирнэ. Өгөх нэг хэцүү, өгөхгүй байх бас хэцүү.
-Худалдаж авах уу?
-Тэгнэ. Эр хонь 160.000 төгрөгөөс дээш үнэтэй. Нинжа нар ирсэн болохоор малын ханш өссөн л дөө. Манайх яг нинжа нарын дэргэд шахам байдаг болохоор их хэлмэгдэнэ шүү.
-Нутгийн иргэний хувьд газар нутгаа ухуулахад хэцүү л байдаг байх. Ер нь одоо энэ нутгийг нинжа нараас яаж хамгаалах ёстой юм бол оо?
-Үнэхээр сэтгэл өмөрдөг юм байна. Өдөржин цагаан манан татаад л, орой нь бөөн гэрэл чийдэн болчихно. Дуу чимээ ч гэж хэцүү. Шөнө хонь мал үргээж, наашаа, цаашаа давхилдаад л. Зарим шөнө бүтэн нойртой ч хонохгүй. Цагдаа нар ирж л нам жим боллоо. Гэхдээ явахаар нь дахиад л хүрээд ирэх байлгүй дээ.
-Улаан толгой орчмыг өвөлжөөний бүс нутаг гэх юм билээ. Энэ жил өвөлжих боломж бий юу?
-Ямар ч байсан дөрвөн айлын өвөлжөө бий. Нэг айлын өвөлжөөний яг урд нь газар ухаад, өвөлжөөний хашаан дотор нь машинаа оруулаад тавьчихсан байгаа юм. Өтөг дээр нь отоглоод, хашааны модоор нь гал түлчихсэн байсан. Сая эзэн нь очиж хашаагаа буулгаж авсан гэсэн. Одоо хаана өвөлждөг юм билээ гэчихсэн явж байна лээ. Адаглаад ухсан нүхэнд нь мал унаж үхнэ.
Энд мод маш ховор учир нинжа нар чинь тааралдсан модоо аваад л түлчихэж байгаа юм. Говь нутаг тачир ургамалтай болохоор хангай газрынхан шиг хүссэн уулынхаа аманд очоод буучихаж болдоггүй юм. Арай гэж сонгож авсан өвөлжөөний газрыг маань ингээд сүйтгэчихээр бид ч ирээдүйгүй л болж байна даа.
Цөхөрсөн малчид, цөөхөн цагдаа нар нинжа нарын эсрэг үнэхээр хүч хүрэхгүй. Цаадуул нь шийдчихсэн, наадуул нь айж эмээсэн янзтай л байна лээ. Алт илэрсэн бүс нутгийг хамгаалалтад авсан цагдаа нар тарах л юм бол Ургамал сум сүйрэх нь ойлгомжтой. Мэдээж цагдаагийн хүчээр нь дарсан болохоор дараагийн удаа улам ч хорсолтойгоор газар нутгийг сүйтгэх биз.
Үргэлжлэл бий…
Түрүүч ¹216 /1553/, 217 /1554/