Хөгжил үгүйлэгдсэн орон нутагт эрх мэдэл олгоё

хараад байхад гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр гавьтай зүйл хийчих санаа оноо харагдсангүй. Манайд нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжөөд 20 жил болж байна. Энэ хугацаанд орон нутаг төдийгүй тогтолцоо нь хэрхэн хөгжиж вэ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тухайн нутаг дэвсгэрийн онцлог, нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцооны талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байгаа бол. Өнөөдөр орон нутагт цагаан захтай улстөрч бус хүрз барьсан төрийн хар хүн хэрэгтэй байгааг тэд ойлгож байгаа гэж найдъя.
Тэгээд ч улстөрч болох эрхэм анхан шатнаас нь сум, баг, хороогоор хэсч, хүнээ таньж, нутгаа нүдэлж байж хөгжил ярих хэрэгтэй. Юутай ч Засгийн газрын тэргүүн орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бид орон нутагт иргэдээ сайхан амьдруулахын тулд өөрчлөлт шинэчлэлтийн олон асуудлыг шийднэ. Орон нутгийн удирдлагууд өөрөө санаачилгатай байвал юм хийж бүтээж болдог. Орон нутагтаа, төрсөн сум сууриндаа иргэдээ сайхан амьдруулахын тулд эхний ээлжинд Замын Үүдийн чиглэлийн 62 км зам, Зүүн, Баруун тийш болон Баруун тэнхлэгийн босоо замыг гүйцээнэ. Мөн эрчим хүч, дулааны асуудлыг эхний ээлжинд шийднэ. ЖДҮ болон Сум хөгжлийн сангийн мөнгийг ч үргэлжлүүлнэ. Аймаг орон нутгийн удирдлага та бүхэнтэй ганц удаа уулзах биш cap бүр уулзана. Эцэст нь ганц зүйлийг хэлэхэд та бүхэн амаар, хоёр чихээр биш, жижиг ч гэсэн асуудлыг цаасан дээр буулгаж бодитойгоор шийдэж байхыг мөрдлөг болгож ажиллаарай. Хүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэйгээр ажлаа хийж Монголдоо, монгол нутагтаа иргэдийнхээ сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд Шинэчлэлийн Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллах болно хэмээж байсан.
Манай улс нийслэл, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 1700 шахам баг хороонд хуваагдаж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай. Иргэдийн хурал нь иргэдээсээ сонгогдож, тэдний хүсэл сонирхлын төлөө ажилладаг байгууллага. Өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод амьдрал, хөгжлийн асуудлыг биеэ даан шийдвэрлэдэг, гаргасан шийдвэр нь тухайн орон нутагтаа хэрэгжиж биелэгддэг, иргэд олон түмний санал бодолд тулгуурлан ажилладаг үндсэн зарчимтай, уг нь. Харин өнгөрсөн хугацаанд ИТХ нь жилд ганц хоёрхон удаа хуралдах төдийгөөр ажлаа хязгаарлаж тулгамдсан, ээдрээтэй асуудал бүрийг дор бүр нь хэлэлцэх, иргэдтэйгээ ярилцаж санал бодлыг нь сонсож, судалж, боловсруулах, хянаж шалгах, зааж зааварлах замаар хүн бүртэйгээ, төрийн бус байгууллага бүхэнтэй, аж ахуйн нэгж, албан газар болгонтой тулж ажиллаж хэвшээгүй гэх шүүмжлэлд өртдөг.
Ер нь сайн засаглалыг хөгжүүлэх гол зарчим нь иргэд олон түмнийг идэвхтэй татан оролцуулах замаар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгоход чиглэдэг. Гэвч иргэдийн хурал энэ талаар гавьтай ажил зохион байгуулахгүй байгаа нийтлэг дутагдал байдгийг удирдлагууд нь өөрсдөө ч ярьдаг юм билээ.
Өнгөрсөн хугацаанд орон нутгийнхан төсвийн орлогоо өөрөө бүрдүүлж захиран зарцуулах эрх олгохыг шаардсаар ирсэн. Наанадаж л орон нутгийнханд боловсон хүчнээ томилох эрх байдаггүй, төвөөсөө шууд хараат байдаг нь хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн гэж үздэг юм билээ. Манай улсын нийт сумдын 51,7 хувь нь 3000-аас доош хүн амтай жижиг нэгжтэй. Аймаг, сумын төвийн хооронд гуч хүрэхгүй километр зайтай 27 сум байдаг байна. Ийнхүү жижиг сумдын тоо олширсноор зардал чирэгдэл нэмэгдэж нийгмийн үйлчилгээ чанаргүйдэж, ажилгүйдэл, ядуурал ихсэж бизнес хөгжих орчин бүрдэж чадахгүй байгаа нь орон нутгуудын нийтлэг зовлон гэнэ. Тиймээс сонгуульд нэр дэвшигчид зөвхөн сонгогдохын төлөө бас сонгогдсоныхоо дараагаар орон нутагт үгүйлэгдэж байгаа хөгжлийг урагшлуулахын төлөө зүтгэх хэрэгтэй болов уу.
Орон нутгийн хөгжлийн асуудлаар зарим аймгийн удирдлагуудын байр суурийг сонслоо.
БИД ШИЙДВЭР ГАРГАХДАА ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ БОДОЛЦДОГ
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Санжжав
-Аймаг, орон нутгийн үйл ажиллагаа тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагч, иргэдийн хүчин чармайлтаар боломжийн хэмжээнд явж байна. Төр, засгаас иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг ч үнэлж байна. Манай аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүд их ажилсаг. Хүмүүс амьдралын төлөө зүтгэсэн. Тийм учраас зах зээлийн энэ нөхцөлд ажил, амьдралын асуудлаа зохицуулж чаддаг. Түүнчлэн ард түмнээс манай аймгийнханд үүрэг болгодог тариа ногоо тарих, хурааж авах ажлаа манай иргэд, аж ахуйн нэгж нэр төртэй гүйцэтгэдэг. Орон нутгийн хөгжлийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш бид шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог идэвхжүүлэхийг бид зорьдог. Ер нь иргэдийн төлөөллийн хурал зөв хандлагаа тогтоож чадсан. Бид шийдвэр гаргахдаа иргэдийн эрх ашгийг бодолцдог. Иргэдийн төлөөллөөр орон нутгийн хөгжлийг шийдвэрлүүлж байгаа нь бидний хамгийн зөв алхам байлаа. Одоо энэ хүрсэн амжилтаасаа ухарч болохгүй юм. Иргэд өөрсдөө төлөөллөө сонгох ёстой. Баг дээр гэхэд шууд ардчиллын зарчим явагддаг.
ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХАД ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга н.Доржсүрэн
-Нутгийн өөрөө удирдах байгууллага шинэ тогтолцоогоор яваад 20 жил болжээ.Нутгийн өөрөө удирдах байгууллага шинэ тогтолцоогоор явж ирснээр сайн тал ч байна. Бас цаашид анхаарах, засч залруулах зүйл ч байна. Тухайлбал, өмнө нь нэг мандат дээр нэг л нэр дэвшигч гарч ирдэг байсан бол одоо нэг мандат дээр хоёроос дээш нэр дэвшигч өрсөлдөж байна. Дээр нь Засаг дарга, түүний Тамгын газар төрийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан бол хурлын төлөөлөлд хамрагдах болсон. Энэ бол бас нэг дэвшил юм. Цаашид орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах талаар зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Тэр дундаа орон нутагт боловсон хүчнийг томилох эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй юм. 2007 онд агентлаг, төрийн байгууллагын томилогоог Засаг дарга нар хийдэг байлаа. Зөвхөн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын томилгоо л босоо тогтолцоотой байсан юм.
Өнөөдөр энэ асуудал учир дутагдалтай байгаа. Аймгийн төсвийг батлахад ч учир дутагдалтай байна. Зөвхөн өөрийн аймгаар жишээлэхэд Өвөрхангай аймагт 43 байгууллага байдгийн гурван салбарынх нь төсөв л аймгаас хамаардаг. Тухайлбал Засаг даргын Тамгын газар, хурал, зэрэг. Бусад нь босоо тогтолцоотой. Ер нь тэгээд дээрээс ирсэн хуулийн төслийг тэр чигээр нь шахуу гар өргөн батлаад явуулж байна.
Үүний зэрэгцээ төр, Засгийн газрын чиг үүрэг, шатлал ямар байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Батлах хамгаалах, хуульзүй гэх зэрэг байгууллагыг төр, засаг дээрээсээ хянаж, хариуцах ёстой байх. Нийгмийн халамж, боловсрол, тээвэр зэргийг тухайн аймагт хариуцуулан шийдвэл ямар вэ. Жишээ нь өнөөдөр сумын эмнэлэгт асуудал үүслээ гэхэд эмнэлгийн дарга, Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, ЭМЯ, тухайн аймгийг хариуцсан яамны хэлтсийн дарга гээд нэг асуудлаар бүх шатны долоон хүн дамжиж байна. Гэтэл үүнийг суманд хариуцуулаад явж яагаад болохгүй гэж.
Татвар төлөлт дээр ч төр, засаг дээрээс чиглэл өгсөөр байна. Орон нутагт төсөв санхүү дутагдалтай л байдаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг цаашид иргэддээ илүү ойр, тулж ажиллах бололцоог нь бүрдүүлэхийн тулд дээрх асуудлууд дээр төр, засгийн шийдвэр үгүйлэгдэж байгааг шинэ парламент, Засгийн газар анхаарч ажиллах байх гэж найдаж байна.
Н.Энхбат