Нарны гүүрийн халтиргааг дайрга цацаж аргална

Анхны цаснаар л гэхэд Нарны гүүрэн дээр халтиргаа үүсч 16 машин мөргөлдсөн хэрэг гарсан. Энэ тус гүүрний уруудах хэсэгт халтиргааны хамгаалалт хийгээгүйтэй холбоотой гэсэн. Түүнчлэн халтиргаанаас хамгаалах наалтыг хүйтний улиралд хийх боломжгүй гэж байсан. Тиймээс энэ өвөл давс, элс цацаж аргалахаас өөр аргагүйг холбогдох хүмүүс нь хэлж байсан. Үүнд ямар арга хэмжээ авах болон энэ өвөл нийслэлчүүд халтиргаа, гулгаагүй өвөлжих боломж хэр байгаа талаар Нийслэлийн ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн мэргэжилтэн О.Оджаргалаас тодрууллаа.
-Нарны гүүрийн халтиргаа, гулгааг давс, бодис цацаад арилгаж чадахгүй гэж албаныхан хэлсэн. Тэгэхээр гүүр халтиргаагүй өвөлжих боломжийг яаж шийдвэрлэх вэ?
-Японы талд Нарны гүүрэн дээр халтиргаанаас сэргийлэх ажил хийх хүсэлт явуулсан гэсэн. Гэхдээ Нарны гүүр, Нарны замын хэсэгт ордог учраас Хот тохижилтын газар хариуцаж гүүрний халтиргааг арилгана. Давс, бодисоос гадна дайрга цацах арга хэмжээ авна. Мөн Залуу зохион бүтээгч уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлийг зам талбайд хэрэгжүүлэхээр хамтран ажиллах саналыг тавиад байна. Энэ нь зөвхөн Нарны гүүр гэлтгүй, явган хүний зам гээд бүх хэсэгт ашиглах боломжтой.
-Энэ өвөл замын халтиргаатай хэрхэн тэмцэх вэ?
-Зам талбайн халтиргаа гулгааг өмнөх жилүүдэд арилгаж байсан зарчмаар явуулна. Их тойруу, Нарны замын халтиргааг Нийслэлийн Хот тохижилтын компани хариуцна. Харин бусдыг нь дүүргүүдийн ТҮК-иуд хариуцаж, замын халтиргаа, гулгааг арилгана.
-Энэ жилээс давс, бодис цацахад тусгай төхөөрөмж ашиглана гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Япон улсад үйлдвэрлэсэн 150 кг жинтэй, нэг тонн бодис хадгалдаг, гар удирдлагаар бүрэн тоноглогдсон нэг машин авсан. Тусгаар тогтнолын талбайд туршилтаар ажиллуулж үзсэн. Гурваас зургаан метрийн радиуст бодис цацдаг. Ган төмрөөр хийсэн учраас зэвэрдэггүй. Жолоочийн хажууд нэг хүн сууж уг төхөөрөмжийг удирдаж явна. Цаг хэмнэсэн, ажлын бүтээмж өндөртэй төхөөрөмж гэж тодотгосон. Тиймээс төвийн зургаан дүүрэгт нэг нэгийг авч өгөх юм. Дүүргүүд олон үйлдэлтэй машин техниктэй. Дээрээс нь тусгай тоноглогдсон бодис, давс цацах төхөөрөмжтэй болохоор энэ өвөл халтиргаа, гулгаанаас хамгаалах ажил харьцангуй үр өгөөжтэй байх болно. Нийслэлд өвлийн турш 10-14 удаагийн давтамжтай их хэмжээний цас ордог. Эхний цас оролтоор замын халтиргааг хэрхэн арилгаж байгааг иргэд удахгүй харах болно. Бодис, давс нийлүүлэгчээр НВАР компани тодорсон.
-Замын халтиргаа, гулгааг арилгах ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Одоогоор тендерийн ажил явагдаж байгаа учраас хөрөнгийн хэмжээг хэлэх боломжгүй. Жилд 40-60 тонн бодис, хайрга дайрга 10-20 тонныг дүүрэг бүр нөөцлөх албан бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд нийт 300 тонн давс, бодис нөөцөлж байсан. Энэ жил ч ялгаагүй. Нарны гүүрийг халтиргаагүй өвөлжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас тодруулахад, Энэ гүүрээр өвөл машин явах боломжтой. Зуны дугуйтай машинууд хурд хэтрүүлж яваад, нэг нь тоормоз гишгэхээр гулгаад осол гаргачихаад байсан. Одоо бол хоёр гурван хоногийн өмнө цас ороход зүгээр байгаа. Учир нь машинуудын хурдыг сааруулах анхааруулга тавьсан. Машинууд өвлийн дугуйгаа тавьж байна. Мөн уг зам дээр давс асгаж байгаа. Тиймээс осол аваар гарахгүй байгаа. Энэ өвөлдөө халтиргаанаас хамгаалах наалтыг хийх боломжгүй. Гэхдээ давс, дайрга цацаад халтиргаагүй байх боломжтой гэж байлаа.
Б.Азаа