Усан бассейныг олноор бий болгоё

оролцдог усан спортын 200 гаруй тамирчин байдаг. Харин усан спортын мастер, дэд мастер тамирчин цөөнгүй ч олон улсын хэмжээний мастер нэг ч байдаггүй байна. Ингээд бодохоор манайд энэ спорт хөгжөөгүй нь харагдаж байгаа юм. Нэг үеэ бодвол усан спортоор хичээллэх залуусын тоо улам нэмэгдэж байгаа ч усан бассейн хүрэлцэхгүй байгаа нь нууц биш. Аятай орчин нөхцөлд, хямд үнээр усан спортоор хичээллэдэг болчихвол ядаж л эрүүл мэндэд хэрэгтэй юм. Гэтэл үйл ажиллагаа явуулж байгаа усан бассейнууд үнэтэй байгаагаас иргэд тэр бүр үйлчлүүлж чаддаггүй гэж байлаа.
Тиймээс олноор бий болговол өрсөлдөөн үүсч үнэ хямдрах юм. Монголын анхны задгай усан бассейн 1960-аад оны үед Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт байжээ. Тус бассейн Орос цэргийн ангийнх байсан бөгөөд 1966 онд улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан гэдэг. Мөн Шар хаданд Оросын цэргийн ангийн 50 метрийн урттай, стандартын шаардлага хангасан усан бассейн байсан ч өдгөө Газар холдинг ХХК-ийн агуулах болсон гэнэ. Орос ах нар Спортын цогцолбор бүхий барилгад 25,50 метрийн урттай усан бассейн барьж 1993 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байжээ. Дээрх барилгын шав Кёкүшюзан цамхагийн зүүн талын хаягдсан байгууламж юм байна.
Нийслэлийн хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг, бие бялдарын хүмүүжил олгох, нийтийн эрүүл мэндийг дэмжих үүднээс 2011 онд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багануур дүүрэгт усан бассейн барихаар болсон билээ. Эдгээр бассейн төлөвлөгдсөн ондоо ашиглалтад орох байсан ч газрын байршил, инженерийн шугам сүлжээнээс шалтгаалан зураг төсөвт өөрчлөлт орсноор барилгын ажил он дамжин үргэлжилж байгаа юм. Харин Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж өнгөрсөн есдүгээр сард техникийн комисс хүлээж авсан. Тус бассейн нь дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбайтайгаараа онцлог бөгөөд орчин үеийн шинэ шийдэл, технологиор бүтээгдсэн байна.
Доод давхартаа фитнес, чийрэгжүүлэлт, аэробекийн өрөөтэй усан спорт сургалтын төв нь жилийн дөрвөн улирлын турш 0700-2200 цагийн хооронд ажиллах юм. Сэлэлтийн гурван замтай нэг дор 30 хүн сэлэх боломжтой бөгөөд өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж. Тэнд 6-гаас дээш насны хүмүүс үйлчлүүлэх хязгаарыг тогтоож өгчээ. Одоогоор усанд сэлэлтийн дөрвөн багш анхлан суралцагч нар сургалт явуулж байгаа аж. Харин Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвүүд тоног төхөөрөмжөө угсарч, ажлын явц 85-90 хувьтай байгаа бол Хан-Уул, Багануур дүүргийнх 70 орчим хувьтай явагдаж байгаа аж. Ямартаа ч энэ ондоо багтаан усан спортын төвүүд үүд хаалгаа нээхээр ажиллаж байгааг албаны хүмүүс хэлж байна лээ.
Одоо нийслэлд Орчлон, Плехановын нэрэмжит сургуулийн Дельфин, Гранд, MCS-ийн Веста клуб, Дельфин, Озон, Баянбүрд зэрэг арав гаруй усан бассейн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо бий. Сая гаруй хүн амтай нийслэлд арай л бага тоо шиг санагдана. Гэтэл стандартад нийцсэн усан бассейн нэг ч байдаггүй гэнэ. Олон улсын стандартаар усан бассейн нь 25×25, 50×25 метр хэмжээтэй байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, бассейны урт 25, 50 метр, өргөн нь 25 метр байх юм. Энэ стандартад дөхөж очсон хоёр бассейн байдаг нь Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт цогцолборын усан бассейн. Нөгөө нь Усан спорт сургалтын төв буюу бидний нэрлэж заншсанаар Төв бассейн юм. Төв бассейныг 1986 онд ЗХУ-ын тусламжаар Монголын Хүүхэд залуучуудын эвлэлийн Төв Хорооны харьяа Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын бассейн нэртэйгээр байгуулж, 2005 оноос Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгожээ.
Том бассейн нь 25 метр урт, зургаан замтай бөгөөд үсрэлтийн 3-5 метр өндөр гурван тавцантай бол жижиг нь арван метр урт, зургаан метр өргөн юм байна. Усан бассейн хүрэлцээ муутай байгаа энэ үед Төв бассейны том нь ажиллахгүй байгаа гэнэ. Учир нь техник, тоног төхөөрөмжид томоохон хэмжээний засварыг сүүлийн арван жил хийгээгүй бөгөөд зургаан жил агааржуулалтын систем ажиллаагүйгээс хлортой усны нөлөөгөөр барилгад зэврэлт их явагдсан байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт гаргаж, ажиллуулж болохгүй гэжээ. Одоогоор жижиг бассейн нь л ажиллаж байгаа бөгөөд нэг дор арван хүн л хүлээн авах боломжтой юм байна. Тус бассейн дээр ШУТИС-ийн Барилга, инженерийн сургуулийн металл хийцийн факультет сорьцын шинжилгээ хийж байгаа гэнэ. Удахгүй дүн нь гарч ажиллуулж болох эсэх талаар эцсийн шийдвэрийг МХЕГ гаргах юм. Уг нь Монголдоо томд тооцогдох Төв бассейн маань хэвийн үйл ажиллагаа явуулаад эхэлчихвэл сайн л хэрэг.
Ж.ГАНЦЭЦЭГ