Ч.Ганзоригоос бусдыг нь солино, гэхдээ одоохондоо

хийгээд том том татаастай нөхдийн нэр дуулдаж эхэлсэн билээ. Тэгвэл Төрийн өмчийн хорооныхон өчигдрийн турш хуралдаж, даргынх нь өрөөний үүдээр хүн ойртоход ч бэрх өнжив.
Учир нь энэ өдөр тус компанийн Зөвлөлийн хурал эхэлсэн бөгөөд тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг болон орлогч захирлуудыг өөрчилж оронд нь шинээр томилох захирлуудын асуудлыг хэлэлцэх нь гэсэн яриа хэвлэлийнхний анхаарлыг энэ зүгт хандуулж байлаа. Эрдэнэт үйлдвэрийг эрх барьж буй нам, эвсэл мөнгөний машинаар ашиглаж, төсвийн мөнгөний багагүй хэсгийн хангадаг учраас саалийн үнээ хэмээн цоллодог. Энэ ч утгаараа эрх баригч намуудын улс төрийн гол хандивлагч болдог бөгөөд энэ удаад УИХ болоод Засгийн газарт олонхийг бүрдүүлж чадсан гэх Ардчилсан намынхан Эрдэнэт-ийн ерөнхий захирал болон орлогч нарынх нь суудлыг хуу хамахаар төлөвлөсөн тухай дуулдаж байлаа. Эдгээр эрхмийн тоонд УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Да.Ганболд нараас гадна Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ангийн анд гэгддэг Эрдэнэс MGL ХК-ийн захирал асан Б.Энэбиш нарын нэр дуулдаж байв. Ардчилсан намтай хамтарч засаг барьж буй гэдэг утгаараа МАХН ч үүнээс үмх чимх ашиг харж л суугаа. Харин хамгийн боломжтой нэр дэвшигч нь Д.Одхүү. Түүнийг ил тодоор дэмжих том хүч нь Их хурлын дарга З.Энхболд. Хэдэн жилийн өмнө хамтдаа энэ үйлдвэрийн хаалга эвдэж байсных, үүнийхээ төлөө З.Энхболд зүтгэхээс аргагүй. Тийм болохоор ерөнхий захирлын суудал эзэнтэй болчихсон байх. Одоо зөвхөн оросуудтай тохиролцоод томилгоо хийх л үлдсэн гэх юм билээ. Хэрэв МАХН, АН-тай тохироонд хүрвэл Шударга ёс эвсэл-ээс УИХ-ын сонгуульд Орхон аймагт өрсөлдсөн Д.Галбаатар орлогч болж магадгүй гэцгээж байсан.
Гэхдээ нөлөө бүхий нэгэн улстөрч энэ мэдээллийг эрс няцаав. Тэрбээр Энэ суудалд суухын төлөөх тэмцэл эртнээс эхэлж янз бүрийн хүний нэр дуулдаж байгаа. Харин одоогоор Ч.Ганзоригийг солих тухай ярихгүй. Орлогч нарыг сольж таарна. Тэгээд ч манай тал 51 хувийг нь эзэмшдэг гэдэг утгаараа Оросын талд түрүүлж хүсэлт тавьж энэ удаагийн хурлыг хийлгэж байгаа. Мөн томилгооны асуудлыг хөндөхийн өмнө том шалгалт оруулсан. Энэ удаагийн Зөвлөлийн хуралд оролцохоор Эрдэнэт-ийн ОХУ-ын талын 49 хувийг эзэмшигч Ростехнологи компанийн ерөнхий захирал С. Чемезов ирсэн. Тэрбээр мөн Монголросцветмет нэгдлийн Зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөсөн бөгөөд хурал энэ сарын 15, 16,17-нд болох тов тодорсон гэсэн юм. Ямартай ч энэ удаагийн хуралд хоёр талаас ач холбогдол өгч буй бөгөөд сүүлийн долоо хоногийн турш Эрдэнэт үйлдвэр шалгалтынхны хөлд дарагдан бужигнаж буй юм байна.
Л.Оюун