Энэ ертөнц үнэхээр сөнөнө гэж үү…
Гэсэн хэдий цахим хуудсуудаар дэлхий сөнөнө эсвэл 80 цаг цахилгаан тасарч, дэлхийн татах хүч суларна, газар хөдөлж, гамшиг нүүрлэнэ, муу санаатан сөнөж, сайхан сэтгэлтнүүд нь үлдэнэ гэсэн янз бүрийн таамаг мэдээлэл гарах болсон. Энэ талаар одон орон судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан 2012 оны 12-р сарын 21-нд юу ч болохгүй хэмээн хариу өгсөн ч зарим нэгний эргэлзээ тайлагдаагүй хэвээр. Сүсэг бишрэлтэй, дэлхий ертөнцийн түм буман онцгой явдалд итгэдэг нэг нь лаа шүдэнзээ бэлтгэн яваа сураг ч байна. Гэтэл энэ өдрийн одон орон судлаачдын хэлснээр дэлхийн нар буцах өдөр аж.
Иймээс Одон орон геофизикийн судалгааны төвийн захирал доктор Ү.Сүхбаатар ард иргэдийг төөрөгдүүлээд буй тэр өдрийн талаар Энэ ертөнц үнэхээр сөнөнө гэж үү гэсэн лекцийг Багшийн хөгжлийн ордонд энэ сарын 17-нд 15 цагт хийх гэж байгаа гэнэ. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан тавих түүний лекцид эл өдрийн талаар сонирхсон, санаа зовнисон хэн ч очиж сонсох боломжтой юм. Гагцхүү эндээс та үнэн зөв мэдээллийг авах болно.
Мөн 2012 оны 12 сарын 21-ны өдөртэй холбогдуулан Одон орон геофизикийн судалгааны төвийн
-2012 оны 12-р сард Дэлхийн төгсгөл ирнэ гэдгийг ямар үндэслэлээр урьдчилан хэлсэн юм бэ?
-Энэ түүх нь Шумерчуудын тэмдэглэснээр Нибиру хэмээх үлгэр домгийн гариг Дэлхий рүү чиглэж байна гэдгээс эхэлсэн. Энэ тухай зөгнөлт зохиолч Зекари Ситчин (Zecharia Sitchin) эртний Месопотамийн Шумерийн соёл иргэншлийн тухай хэд хэдэн номондоо (жишээ нь 1976 онд хэвлэгдсэн 12 дахь гариг (The Twelfth Planet) номонд) Нарыг 3600 жилд тойрдог Нибиру хэмээх гаригын тухай Шумерчууд баримт бичигт тэмдэглэж өгүүлснийг олсон тухайгаа бичсэн байна.Тэрээр Шумерийн судрууд нь харь гаригийн соёл иргэншилтэй Ануннаки (Anunnaki) хэмээн нэрлэгддэг эртний сансрын нисгэгчид Дэлхий дээр зочилж байсныг өгүүлсэн. Мөн түүнчлэн Нэнси Лидер (Nancy Lieder) хэмээх өөр нэг зохиолч өөрийгөө далдыг хардаг харь гаригийнхантай холбогддог болохоо өөрийн Дзетатолк (Zetatalk) вэб хуудсандаа бичээд ζ Тор (Zeta Reticuli) хос одны эргэн тойронд байрладаг Х-гариг буюу Нибиру нь манай Дэлхийд аюул учруулана гэдгийг харь гаригийнхан нь хэлж өгсөн гэжээ. Энэ аюул анх 2003 оны 5 сард болно гэж хэлсэн ч, мэдээж тэр өдөр нь юу ч болоогүй учраас мөргөлдөх өдрийг 2012 оны 12-р сарын 21 болгож шилжүүлсэн. Гэхдээ энэ өдөр нь Одон орны хувьд Өвлийн нар буцах өдөр болно.
-Яагаад 2012 онд Дэлхий сүйрнэ гэж эртний Майячуудын цаг тооны бичиг хэлж байна вэ? Би тэдний он тоолол нь гариг эрхэсийн байршлыг өндөр нарийвчлалтай тооцоолж чаддаг гэж сонссон. Судлаачид эрдэмтэд та нар тэднээс илүү ихийг мэдэж байгаа гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ?
-Аливаа цаг тооны бичиг нь өнгөрч буй цаг хугацааг тэмдэглэн бүртгэж, түүн дээрээ тулгуурлан ирээдүйд болох тодорхой үйл явдлуудыг урьдчилан мэдэхийг зорьдог. Энэ нь Дэлхий даяар байдаг элдэв янзын зурхай, Ностродамусын зөгнөл, лам, бөө, ид шидтэнгүүд аль ч нийгэмд ихэнх хүмүүсийн дунд маш их алдартай байдаг гэдгээс илхэн харагдана.
Майячуудын (Месоамерикийн) он тоолол нь ирээдүйг зөгнөж хэлж чаддаг хүчтэй мундаг гэх ойлголт өнөө нийгэмд маш түгээмэл болж. Гэвч эртний Майячууд 2012 онд дэлхий сүйрэх тухай нэг ч үг үсэг бичиж үлдээгээгүйг анхаараарай. 1966 онд Майкл Д.Көү гэх хүн Майя хэмээх номондоо анх Майячуудын урт он тоолол нь дэлхийн сүйрлийг зөгнөж байж болох юм гэсэн санааг анх гаргаж ирж байсан юм. Өдийг хүртэл тархаж, цар хүрээ хамарсан сүйрлийн талаарх элдэв цуурхал солиорлууд нь энэ хүний номноос хойш цэцэглэсэн гэж хэлж болно. Ингэхдээ ихэнх тохиолдолд өнөөдрийг хүртэл төв америкт амьдарсаар байгаа 3 сая гаруй жинхэнэ Майячуудаас юу ч асуулгүйгээр шүү.
Тухайн цаг үедээ мэдээж Майячуудын он тоолол нь хүн төрөлхтний хувьд мундаг лут амжилт байсан, гэвч энэ он тоолол нь зарим хүний бодоод байгаа шиг өнөөдрийн бидний мэдлэг чадвараас давсан тийм нарийвчлалтай ердөө ч байгаагүй. Наад захын жишээ гэвэл энэ тоололд өндөр жил гэж байдаггүй, тиймээс хэдхэн жилийн дотор улирал солигдох мөчлөгүүдээс зөрчихнө. Энэ зөрөө нь хүнд анзаарагдаад ирэхээр төрийн дээд хуврага нь түүнийг нь залруулж он тооллоо байнга шинээр шилжүүлэх шаардлагатай байдаг байсан (яг л Цезарийн өмнөх эртний Ромын он тоолол шиг).
Ер нь аливаа эртний он тоололууд нь түүх судлаачдын хувьд л чухал болохоос өнөөдрийн бидний цаг хугацааг бүртгэхдээ өдөр бүр хэрэглэдэг нарийн он тоололын хажууд нарийвчлалаараа ойртож ч очихгүй. Хамгийн гол нь эртний ч бай одоогийн бидний хэрэглэж байгаа ч бай, аливаа он тоолол нь ирээдүйн аль нэг цагт ирж буй аюулыг анхааруулах, дэлхийд юу тохиолдохыг урьдчилан мэдэх байтугай яг тухайн 2012 он гэх мэт цаг үед хэн нэгэнд юу тохиолдохыг урьдчилж харуулах ямар ч боломжгүй. Мөн яг Майячуудын он тооллыг судалдаг хүмүүс энэ урт он тоололын мөчлөг нь яг хэзээ дуусах вэ гэдэгт одоог хүртэл санал нэгддэггүй. Өөрөөр хэлбэл энэ урт он тооллыг бидний өнөөгийн он тоололтой синхронизаци хийх судлаачдын санал нэгдсэн зам байдаггүй гэсэн үг, тиймээс Дэлхий сөнөнө гээд байгаа эдгээр хүмүүсийн 2012 оны 12-р сарын 21 гэж хэлээд байгаа Майячуудын он тооллын өдөр нь угтаа аль хэдийнээ олон жилийн өмнө өнгөрчихсөн эсвэл ирээдүйд олон 10 жилийн дараа ч байж болно.
-Миний сургуулийн найзууд бүгдээрээ л 2012 онд дэлхий дээр солир унаж бид бүгд үхнэ гэж байна. Энэ үнэн үү?
-Таны найз нар буруу ярьж байна. Дэлхий бол сүүлт од, бага гаригуудын байнгын бай болж байсан, гэвч томоохон мөргөлдөөн маш ховор. Сүүлийн томоохон мөргөлдөөн 65 сая жилийн өмнө тохиолдож динозавруудыг мөхөөсөн гэдэг. Өнөөдөр НАСА-ийн олон орончид дэлхий орчим дахь бүх томоохон бага гаригуудыг унахаас нь хавьгүй эрт илрүүлэх зорилготой The Spaceguard Surүey нэртэй ажиглалт явуулж байна. Динозавруудыг хөнөөсөн шиг хэмжээтэй аюултай бага гариг байхгүй гэдгийг дахин хэлье. Энэ бүх ажил нээлттэй явагддаг ба бүх илрүүлэлт NASA NEO Program Office-ийн албан ёсны веб сайтад хэвлэгддэг. Өөрөөр хэлбэл 2012 онд юу ч унахгүй гэдгийг өөрсдөө сайтаас харж үнэмшиж болно.
-Нибиру бол худлаа гэдгийг та баталж чадах уу? 2012 онд аймшигт явдал болно гэсэн мэдээлэл их байна. Надад нотолгоо хэрэгтэй байна, учир нь засаг төр биднээс их зүйл нуудаг шүү дээ.
-2012 оны гэсгээлийн өдөр бол худлаа гэж бид батлах нь утгагүй, логикгүй зүйл юм. Энэ асуултыг НАСА-д биш гэсгээлийн өдрийн тухай номлолыг хамгаалагчдад өөрсөд нь тавьж өөрсдөөр нь нотлуулах хэрэгтэй. Хэрэв интернет дээр хэн нэг нь Кливлендээр 15 м урт ягаан өнгийн заан явж байна гэж бичсэн байхад үүнийг худлаа гэж батлаад өгөөч гэж НАСА-д хандахгүй биз дээ. Хэн зарласан тэр нь л баталгаагаа хийх хэрэгтэй. Карл Саганы хэлсэн Ер бусын нотолгоонууд нь түүнийгээ итгүүлэх ер бусын их баталгаа шаарддаг гэсэн үгийг санацгаа. Одон орон судлал Нибиру гариг гэж байхгүй гэсэн маш хүчтэй аргументуудыг гаргаж ирэх түвшинд хүрсэн. Манай нарны аймагт байж болох том гариг (эсвэл ягаан одой гариг) -ийг бид аль олон жилийн өмнө илрүүлэх боломж байсан. Зөвхөн бусад биетэд үзүүлэх гравитацийн нөлөөгөөр нь ч биш, нил улаан спектрийн ажиглалтаар ч илрүүлж болно. НАСА-ийн нил улаан спектрийн хиймэл дагуул (NASA Infrared Astronomy Satellite, IRAS) одот тэнгэрийг бүхэлд нь нил улаан диапазонд самнах анхны ажиглалтаа 1983 онд хийсэн ба хэрэв Нибиру гэж байсан бол дараа дараагийнхаа ажиглалтуудаар илрүүлэх л байсан. Цаашилбал хэрэв Нарны аймгийн голоор 3600 жил тутам маш том масс дайрч өнгөрдөг бол дотоод гаригуудын тойрог замыг хазайлгах нөлөө үзүүлнэ, энэ бидэнд ажиглагдахгүй байгаа.
Миний үгэнд шууд итгэ гэхгүй. Зүгээр л эрүүл ухааныг ашигла гэж хэлэх байна. Та Нибиру-г харсан уу? 2008 онд олон сайт 2009 оны хавар Нибиру энгийн нүдэнд харагдана гэж мэдээлж байсан. Хэрэв том гариг ч бай, ягаан одой гариг ч бай 2012 онд нарны аймгийн төв рүү чиглэн ирж байгаа бол өдийд дэлхий дээрх газар газрын мянга мянган одон орон судлаачид, сонирхогчид аль хэдийн ажиглаж мөрдөж байх байсан. Нибиру-г ажигласан гэх ядаж нэг одон орон судлаачийг та мэдэх үү? Фото зургийг нь ядаж нэг удаа үзсэн юм уу, эсвэл Sky & Telescope гэх мэт одон орон судлалын томоохон сэтгүүлүүдэд ядаж нэг удаа Нибиру-ийн тухай хэлэлцсэн байхыг харсан уу? Зүгээр л бодоод үз дээ. Нибиру хэрэв байсан бол хэн ч нууж чадахгүй шүү дээ.
Г.Уянга
Olloo.mn