Ихрүүдэд өгөх нэг удаагийн тэтгэмж яасан бэ?

ихэр ойролцоогоор 100 төрөлт тутамд нэг, гурван ихэр 800 төрөлт тутамд нэг тохиолдох магадлалтай гэж үздэг. Харин дөрөв түүнээс дээш ихэрлэх нь маш ховор боловч дэлхийн хэмжээнд жилдээ нэгээс хоёр удаа төрдөг байна. Иймээс ихэр хүүхдүүдээ эрүүл асруулж өсгөж байгаа буянтай ээж, аавуудыг ганц удаа ч болов улсаас урамшуулж яагаад болохгүй гэж.
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн халамжийн сангаас ихэр хүүхдүүдэд ганц удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг хэлэлцэж өнгөрсөн долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тогтоол нь гарсан ч одоо болтол ажил хэрэг болсон нь үгүй.
Ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөв хүртэл насны хоёр ихэр бол хүүхэд бүрт нэг сая, гурав ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт таван сая төгрөг байхаар тогтоожээ. Үүнд 2 болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа эх /эцэг, асран хамгаалагч/-д хүүхэд нь 4 нас хүрэхээс өмнөх хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно. Тэтгэмжийг хүүхэд тус бүрээр тооцож олгоно. хоёр ихэр хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд тус бүрт таван сая төгрөг нэг удаа олгоно гэсэн байх юм.
Гэтэл энэ тогтоолыг хэрэгжүүлж, ажил хэрэг болгох гэсээр байтал аль хэдийн дөрвөн сар өнгөрчихөөд байна. Гэтэл уг тогтоолд хүүхэд нь 4 нас хүрэхээс өмнөх хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гээд заачихсан байдаг. Тэгэхээр энэ хугацаанд хичнээн ихэр хүүхэд дөрвөн нас хүрч энэхүү нэг удаагийн тэтгэмжийг авах эрхгүй болж байгаа бол оо… Мэдээж, аваагүй нэгэнд нь харамсалтай шүү дээ.
Зэрэг төрж, зэрэг өсч, нэг хүүхдийн хэрэглээг хоёр, гурав дахин ихэсгэж зарцуулдаг ихэрлэж төрсөн ахан дүүст төр амласан мөнгөө өгмөөр юм биш үү.
Ихэр хүүхэд төрүүлэхэд халамжаас жил бүр нэг хүүхдэд 60 мянган төгрөг гурван нас хүртэл нь өгдөг. Үүнээс өөр халамжийн үйлчилгээ манай улсад байхгүй.
Гэтэл ганц удаагийн энэ тэтгэмж ихэр хүүхдүүдэд ямар их хөрөнгө оруулалт болох вэ гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа байх гэж бодож байна. Тогтоол нь гарчихсан хэрнээ олгохгүй байгаа нэг сая, таван сая төгрөгийг хадгаламжийн дансанд хийлээ гэхэд тэр мөнгө өсч дэвжин хүүхдүүдэд ирээдүйн баталгаа нь болно. Эсвэл орон сууцанд орох гээд бэл бэнчин нь дутаад чадахгүй байгаа аав, ээждээ тус хүргэж, байрны урьдчилгаа мөнгийг нь ч босгож болно. Хүндхэн амьдралтай нэгэнд нь хөл дээрээ тогтох эх үүсвэр нь ч болох юм билүү.
Энэ талаар Монголын ихрүүдийн холбоо сар гаруйн өмнө хэвлэлийн хурал зарлаж, үүгээрээ ихэр хүүхдүүдийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг хэзээ өгөх вэ хэмээн асууж, үүнийг хэрэгжүүлэх шатны хүмүүст хандсан. Гэсэн ч өнөөг болтол хэзээнээс хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.
Дүүрэг, хороодын халамж хариуцсан мэргэжилтнүүдээс энэ тухай асуухаар тогтоол нь гарсан хэдий ч хэрэгжих заавар нь ирээгүй, ямар бичиг баримт яаж бүрдүүлэх талаар бидэнд мэдэгдээгүй гэсэн хариултыг өгдөг аж. Ямартаа ч энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар анхааралдаа аваасай хэмээн олон эцэг эх хүсч байна.
Г.Уянга
Olloo.mn