Д.Одхүү бүдгэрэв

хамтарсан зөвлөлийн ээлжит 48 дугаар хуралдаан болж, дарга нарынх нь халаа сэлгээ явагдав.
Монгол Улсыг 40-өөд жил угжиж яваа цорын ганц саалийн үнээ-ний дараачийн эзнийг тодруулах хэл ам, ашиг сонирхол дагуулсан хуралдаан бүхнийг амарч байх хооронд нам жимхэн болоод өнгөрсөн нь учиртай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шинэчлэл-ийн Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхол, далд өрсөлдөөн нэлээд эртнээс явагдсан ч Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй дундын зөвшилцөлд хүрч, горилогч талууд ч сэтгэл хангалуун үлдэцгээсэн сурагтай. Эрдэнэт үйлдвэрийн дараагийн босс-оор бараг л тодроод байсан УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн замд тойроод гарах аргагүй бул хар чулуу тээгэлдэж, гялалзаж байсан тэрбээр бүдгэрсэн нь энэ удаагийн хурлын шийдвэр хурлаасаа өмнө гарчихсан байсны нотолгоо юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа ч татгалзах эрхгүй саналд тушигдсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрээр дахин хоёр жил саалийн үнээ шувтрах буян хишиг түүнд оногдсон нь энэ хурлын гол онцлог.
Бүх төрлийн албан тушаалтнуудыг ёстой л сэлэм гялс, толгой бөндгөс зарчмаар халж, сольж байгаа шинэчлэлийн Засгийн газар мөнгөний авдар дээрээ Ч.Ганзоригийг дахин хоёр жил зайдагнах эрх олгосон нь дээрээс шидсэн чулуу хэрхэн байндаа тусдагийг харуулсан явдал боллоо. Нөгөөтэйгүүр, хамгаалж хаацайлах нөмөр нөөлөггүй эрхмүүд хаашаа ч хийсч болдгийн жишээг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх дарга үзүүлж, хэл амгүйхэн шиг ажлаа хүлээлгэж өгчээ. УИХ-ын гишүүн асан Симба Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх дарга саяхан л Монголын Олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгчийн ажлаа ч хүлээлгэж өгч харагдсан.
Хараад байхад дарга нар нэг л өдөр мандан бадарч, эрх мэдлийн оройд залардаг ч хожмын өдөр хэн ч биш болж, хэргэм зэрэг, тушаал мяндгаас хагацахыг нь харахад даг цагаараа байдаггүй-н гашуун үнэн амтагдах шиг. Ийнхүү өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн их эзэн Чингис хааныг мэндлүүлж, олон арван хүний энгэрийг одон медалиар цоолсон бол зарим нэгнийг албанаас нь мулталж, Д.Одхүү тэргүүтнийг бүдгэрүүлж орхив оо, хөөрхий.
Д.Түвшин