Х.Тэмүүжин сайд аа, хуулийн дээгүүр залрах ломбардуудыг анхаараач
Бараг л хууль бүтэх үйл явцыг оноод хэлчихсэн нь энэ. Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, өнөөдөр манай улсад 400 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгждэг юм байна. Гэхдээ хэрэгждэгээсээ хэрэгждэггүй нь илүү олон аж. Батлагдсанаасаа хойш салхи ороогүй хуулиудын нэг нь Монгол Улсын иргэний хуулийн 286-р зүйлийн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох тухай заалт. Уг хуулийн 286.3 зүйлд Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн зөрүү мөнгийг буцаан олгоно гэж заасан байдаг. Гэвч манай барьцаалан зээлдэх газрууд буюу ломбардууд хуулиа мэддэггүй, эсвэл хуулийг юман чинээ тоож үздэггүй бололтой. Иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлийнх нь хугацаа дууссаныг ч сануулдаггүй, эд зүйлийг нь борлуулчихаад үлдсэн зөрүүг нь буцааж олгодоггүй өнгөрдөг. Уул нь аливаа нэг байгууллага иргэдэд заавар өгөхийн тулд дотоод дүрэм журам, холбогдох хууль тогтоомжийг зарлалын самбартаа тавьсан байх шаардлагатай байдаг. Гэвч манай улсад ийм жишиг төлөвшиж чадахгүй л байна.
Иргэний хуулийн 286-р зүйлийн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох тухай заалтыг та мэдэх үү гэсэн 100 Хүнээс авсан санал асуулгад 91 хүн огт мэдэхгүй гэж хариулсан бол, үлдсэн нь хуулийг зөрчих гэж баталдаг биз дээ гэж хариулсан байна.Үүнээс харахад хууль нь хүчин төгөлдөр байсаар байтал иргэдийн хуулийн мэдлэг сул байдлыг далимдуулан ломбардууд залилан хийсээр байна.
Тухайлбал Д.Уранчимэг гэх эмэгтэй 2012 оны наймдугаар сарын зургаанд Начин заан ХХК-ийн Хан-Уул салбарт 0007985 гэрээг байгуулж монетон бөгж 30 хоногийн хугацаатай 50.000 төгрөгөөр барьцаанд тавьжээ. Тус ломбард барьцаанд тавьсан эд зүйлийг хугацаа нь дууссанаас 50 хоногийн дараа зарж борлуулдаг гэрээг байгуулдаг боловч иргэн Д.Уранчимэгийн барьцаанд үлдээсэн хөрөнгийн хугацаа өнгөрөөд 45 хоног болсон ч огтхон ч сануулж хэлээгүй байна Мөн иргэн М.Эрдэнэболд нь Заан барьцаалан зээлдүүлэх газартай 0006662 гэрээг байгуулж FUJIFILM дижитал аппарат 35000 төгрөгөөр энэ оны аравдугаар сарын долоонд тавьжээ. Хугацаа нь өнгөрсөн найманд дууссан байсан ч тухайн ломбарднаас сануулж холбоо бариагүй байна. Хуулийн заалтандаа барьцаалагч этгээд зээлдэгчийн барьцаанд тавьсан хөрөнгийнх нь хугацаа дуусах дөхөж байгааг сануулах хэрэгтэй гэж заасан байдаг ч ломбардууд энэ мэтээр огтхон ч сануулахгүй байсаар.
Хугацаа дууссан эд зүйлээ авах буюу хугацааг нь дахин сунгуулах гэхэд хоног хэтэрсний алданги тооцох байдлаар мөнгө хүүлнэ. Тухайлбал Заан барьцаалан зээлдүүлэх газарт 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Баасанхүү нь G Mobile hisense HS-C 1110, Nokia загварын гap утаснуудыг 14 хоногийн хугацаатай 30.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Тус ломбард цахилгаан бараа, гар утсыг хугацаа нь өнгөрснөөс хойш 10 хоногийн дараа зарж ломбардны орлого болгоно заасан гэрээгээ зөрчин дээрх иргэний барьцаанд үлдээсэн эд зүйлийг найм хоногийн дараа зарсан байна. Энэ мэт ломбарданд өөрсдийн эд хөрөнгөө алдсан хүмүүс тоогоо алдаад байгаа. Гэвч иргэд хуулиа мэддэггүй учраас үүний эсрэг арга хэмжээ авч чаддаггүй, эд хөрөнгөө алдсаар л байна. Үүнд анхаарал тавьдаг байгууллага ч алга. Иргэд ч гомдлоо зохих газраар нь шийдүүлэхгүй тэгсгээд өнгөрчихөж байна. Ер нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ломбард байдаггүй гэх сэтгэхүй нийгэмд бий болж үүнтэй ч эвлэрээд сурчихаж. Батлагдаад л тоосонд дарагддаг эдгээр хуулиудыг баталсаар байгаа парламент эргээд иргэдийн өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг энэ мэтийн хуулиудынхаа хэрэгжилтэд хэзээ анхаарал хандуулдаг болох вэ.
Мөн хэрэгжилтийг дээд зэргээр хангах ёстой ажилтнуудаа хэзээ сэрээх вэ, Хууль зүйн сайд аа. Ломбард ч гэлтгүй Иргэний тухай хуульд хэрэгждэггүй заалт нэгээр тогтохгүй байна. Тухайлбал 202 дугаар зүйлийн 202.1. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин, төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн заалт огтхон ч хэрэгждэггүй. Энэ мэтчилэн нийтийн болоод иргэдийн эрхэд халдан хохироосоор байгаа хүчин төгөлдөр гэж хэлэхэд хэцүү хуулиуд хэзээ хуулийнхаа үүргийг гүйцэтгэх вэ.
М.Эрдэнэболд