Арван сарын дотор 197 сурагч эрүүлжүүлэгджээ

Мөн эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн дотор 18 хүртэлх насны хүүхэд 1221, эмэгтэйчүүд 4428 байжээ. Архи ууж согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэж, ноцтой зөрчил гаргасан хүний тоо 12129-д хүрсэн байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 8612 хүн жолоо барих эрхээ хасуулжээ. Нарийвчлан гаргасан тооцоо судалгаанаас үзвэл, улсын хэмжээгээр нийт 98057 хүн эрүүлжүүлэгдсэн, тэдгээрийн 49367 нийслэл хотод байжээ.
Эрүүлжүүлэгсдийн дотор эрхэлсэн ажилгүй 78969, хувиараа хөдөлмөр эрхлэгч 7598, оюутан 1258, төрийн албан хаагч 1274, сурагч 197, тэнэмэл золбин 108, малчин 4139 байна. Нэгэн сонирхолтой ч гэмээр юм уу,эсвэл аймшигтай, гутамшигтай гэмээр ч юм уу баримт байх юм. Архидан согтуураад гудамж талбай, олон нийтийн газарт ухаанаа алдаад үхсэн амьд нь мэдэгдэхгүй нам уначихсан 1108 хүнийг, мөн хаана юу хийж, яаж яваагаа огт мэдэхгүй болчихсон, гэр орон очих газраа ор тас мартаж, санахаа больсон ухаан мэдрэлгүй согтуу 8687 хүнийг цагдаа нар эрүүлжүүлж амь насыг нь аварсан байна.
Эхний арван сард бүртгэгдсэн нийт 18252 гэмт хэргийн 14.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Ийнхүү архидан согтуурсантай холбоотой тоо баримтыг харахад хэн хүний сэтгэлийг зовоож, цөөхөн хүн амтай Монгол Улсад маань юу болж байна даа, одоо ер нь яана даа гэж халаглахад хүрч байна. Энэ улс төр засагтай, хууль цаазтай, эзэнтэй юм бол анхаарч дорвитой арга хэмжээ авахгүй бол болохоо байжээ гэж бодогдох юм.
Цусны үнэр авсан чоно шиг мөнгөнд шунасан баячууд эрх мэдэл, хөрөнгө мөнгөндөө дулдуйдан архи согтууруулах ундааг ус гол мэт савлаж, бусад орноос хэдэн мянган тонноор нь оруулж ирээд борлуулж байна. Гэтэл төр засгийн эрх мэдэлтнүүд архидан согтуурахтай тэмцэнэ гэж дуугарахаас ажил хэрэг болгосон зүйл даанч алга. Ерөнхийлөгч архины оронд сүүгээ өргөж ууцгаая гэж хоосон уриалсан, тоож байгаа хүн ч алга.Архины дэлгүүр, зоогийн газарт цагийн хязгаар тогтоолоо гэж сүржигнэсэн. Уудаггүй нь унтаад өгдөг, уудаг нь унаад өгдөг цагаар хязгаарлалаа гээд бас ямар ч үр дүн алга.
Бодоод үз дээ өнгөрсөн 10-хан сарын хугацаанд 4428 эмэгтэй, 200 шахам арав гаруй насны хүүхэд архидан согтуурч эрүүлжүүлэхэд хүргэгджээ. Энэ бол манай улсад архидалт хавтгайрч, хөдөө хотгүй хөлхөлдөж, хөгшин хөвөө, эр эмгүй согтуурдаг болсны бодит баримт, аймшиг түгшүүрийн харанга биш гэж үү.
З.Батсүх