Нөхөн тооцуулах хугацаа ирэх оныг дуустал үргэлжилнэ

баталснаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны хүмүүс өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Энэхүү хууль нь хэрэгжиж эхэлснээр 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсан. Үүнийг нь ажилласнаар нөхөн тооцож мөн 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан иргэдийн даатгуулагчаас төлөх арван хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцохоор болж байгаа юм.

Мөн тэтгэврийн насандаа хүрчихсэн хэрнээ ажилласан жил нь хүрэхгүй, эсвэл тэтгэвэрт гарсан ч багаар тогтоогдсон хүмүүсийн бэрхшээлийг амжилттай шийдвэрлэж чадах юм. Тодруулбал, 900 гаруй мянган иргэний ажилласан хугацаа арван жилээр нэмэгдэж, халамжийн тэтгэвэртэй байсан нь тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгож, хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь бүрэн тэтгэвэр тогтоолгож, бүрэн тэтгэвэртэй нь ажилласан жилээ нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.

Түүнчлэн иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох арван хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл нь 80 мянган төгрөг болох аж. Энэ бол иргэнд маш том боломж хэмээн сайд онцолж байлаа. Харин иргэдийн хувьд Нийгмийн даатгалаа нөхөн тооцуулах хугацаа нь өчигдрөөс эхлэн ирэх оны наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ заасан хугацаанд багтаж иргэд бичиг баримтаа бүрдүүлж, шимтгэлээ нөхөн төлснөөр 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тэтгэвэр нь тооцогдох юм байна.

Ажилласан жил нь дутуу иргэд тэтгэвэр авах боломж бүрдлээ

Энэ үеэр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн талаар иргэд төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа?

-Өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн ажилласан жилээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Энэ хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хуулийн гол санаа нь 1990-1995 оны хооронд өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох. Хоёрт, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан иргэдийн даатгуулагчаас төлөх арван хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлүүлэх гэсэн хоёр үндсэн агуулгатай хууль гарсан.

1990-1995 он манай улсын хувьд нийгмийн шилжилт хөдөлгөөний он жилүүд байсан. Үүнтэй холбогдуулан тухайн үед маш олон үйлдвэр, аж ахуйн албан газрууд татан буугдсан, өөрчлөгдсөн. Үүнээс үүдэн тухайн үед 300 орчим мянган хүн ажил хөдөлмөр хийх боломжгүй буюу ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байдаг. Эдгээр иргэдийг ажлын байраар хангах, ажилласан жилийг нөхөн тооцох эрх зүйн боломжийг тэр үеийн төр хангаагүй. Үүнээс үүдэн дээрх иргэд ажилласан жил нь тасарсан. Тийм учраас эдгээр иргэдийн ажилласан жил тасарсныг нөхөх үүднээс төр өөрөө алдаагаа засч, энэ хуулийг санаачилж өргөн барьж, батлуулсан.

Гуравт, нийгмийн даатгалын тогтолцоо шинээр бий болсонтой холбоотойгоор өмнө нь энэ даатгалын тогтолцоог иргэд төдийлөн сайн мэддэггүй, ойлгодоггүй байсан. Тэр битгий хэл зарим төрийн байгууллага ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй байсан шүү дээ. Энэ байдлаас болж урьдчилсан судалгаагаар 705 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх асуудалд дутуу болон бүрэн хамрагдаагүй судалгаа байгаа.

Эдгээр иргэд мөн шимтгэл төлсөн жил нь таван жилээр тасарсан байгаа. Үүнийг мөн зохицуулж байгаа юм. Ингэснээр ойролцоогоор нэг даатгуулагч ажилласан буюу шимтгэл төлсөн жил дээр арван жил нэмэгдэх боломжийг сая орчим буюу 900 гаруй мянган иргэдэд нээж байгаа юм.

-Энэ хууль өнөөдрөөс /өчигдөр/ эхэлж хэрэгжиж байгаа. Харин 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хуулиар нээгдэж байгаа боломж тооцогдож эхэлнэ гэж байгаа шүү дээ?

-Ажилласан жил, шимтгэл төлсөн жилээ нөхөн тооцуулах хүсэлтээ өөрийн харьяа аймаг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж, хуульд заасан баримтуудыг бүрдүүлж өгснөөр энэ хүний тасарсан жилийг нөхөн тооцох боломжтой эсэхийг судална. Ингээд хуульд нийцэж байвал тасарсан жилүүдийн бичилтийг хийж баталгаажуулах юм. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай байгаа. Тэгэхээр өнөөдөр буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны наймдугаар сарын 1-н хүртэл энэ хуулийн бүртгэл судалгааны ажил явагдана. Харин ирэх жилийн наймдугаар сарын 1-нээс эхлэн өргөдөл хүсэлт гомдлыг хүлээж авахгүй. Тиймээс дээрх хугацаанд бүртгэгдсэн иргэдийн судалгаа тооцоог гаргаж, ямар хэмжээний ажилласан жилийн нэмэгдэл гарах нь уу. Үүнтэй холбоотой тэтгэвэр тэтгэмжийн ямар нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэх мэт бүх судалгаа тооцоог гаргаж 2014 оны улсын төсөвт энэ нэмэгдлийг суулгаж, энэ ондоо нэмэгдлүүдийг олгож эхлэх юм.

-Нэмэгдлүүдийг олгоно гэлээ. Тухайлбал, ямар нэмэгдэл олгох вэ?

-Жишээ нь ажилласан жилийг нөхөн тооцсоноор өнөөдөр халамжийн тэтгэвэр авч буй хүн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох боломж руу шилжиж болно. Харин хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэн бүрэн тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Мөн бүрэн тэтгэвэр авч байгаа иргэд ажилласан жил нь нэмэгдсэнээр мөн тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тиймээс энэ нэмэгдлүүдийг олгох үүднээс өнөөдрөөс албан ёсоор бүртгэл эхэлж байгаа юм.

-Дээр даатгуулагч арван хувиа өөрөө нөхөн төлнө гэсэн байна. Тэгэхээр тухайн нэг иргэн хэдэн төгрөг төлнө гэсэн үг вэ?

-1995-2000 оны хооронд шимтгэл төлсөн жил нь тасарсан иргэн энэ хооронд төлөх шимтгэлийн өөрөө төлөх арван хувь буюу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож энэ мөнгийг төлөх юм. Өөрөөр хэлбэл, нийт таван жилийн төлбөр 80 гаруй мянган төгрөг гарч байгаа. Тодруулбал, 1995-2000 оныг дуусталх хугацаанд төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1995-1998 оны долдугаар сарын 1-нийг хүртэл 9600 төгрөг, 1998 оны долдугаар сарын 1-нээс 2000 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл 12000 төгрөг, 2000 оны аравдугаар сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 18000 төгрөгөөр тооцож, нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлэх юм. Ингэснээр 900 гаруй мянган иргэний ажилласан хугацаа арван жилээр боломж бүрдэх юм байна.

-Дээрх журманд ямар иргэд хамрагдах боломжтой вэ?

-Нэгд, 1990-1995,1995-2000 оны хооронд 18 болон түүнээс дээш настай, сургуульд суралцаагүй бол 16 настай байх. Тухайн онуудад хөдөлмөрийн бүрэн чадвараа алдаагүй, хорих ял эдлээгүй, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд хамрагдана. Харин хүсэлт гаргахдаа нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд иргэний үнэмлэх, түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, түүний хуулбар, Хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, Хөдөлмөрийн дэвтэр байхгүй тохиолдолд ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр, түүний хуулбар, Хөдөлмөрийн дэвтэр, ажилласан хугацааг шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тохиолдолд архивын лавлагаагаар баталгаажуулсан дүүрэг, сумын Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлж өгөхөд хангалттай.

Э.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button