Германы иргэн болчихсон уу гэх нь Монголоосоо урвачихсан уу гэсэнтэй адилхан сонсогддог

Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд, 2010 онд Зураг хэмээх галлерейгаа нээжээ. Э.Отгонбаяр өнгөрөгч зун 28 дахь бие даасан үзэсгэлэнгээ Монголынхоо ард түмэнд дэлгэн танилцуулсан юм.

-Таныг бурхны зургийг зургаан жил гаруй хугацаанд судалсны эцэст зурж эхэлсэн гэж сонссон?

-Монгол зураг судалж, зурахын тулд бурхны зургийг судлахгүй бол болохгүй гэж би боддог. Олон төрлийн тиг жаягтайгаас гадна зурах арга барилын хувьд мөн тийм төрлийн техник шингээсэн байдаг. Тиг жаягийг нь баримтлахаасаа илүүтэй урлагийн бүтээл гэдгээр нь харах дуртай. Би бурхдын зургийг зохиож зураагүй, түүнээс суралцсан. Амьтай юм бүхэнд бурхан байдаг юм уу даа. Тэгээд бурхан бүтээхээр эрэлд гарсан юм. Ямар бурхан бүтээх вэ гэж их удаан бодсон. Бүтээх бурхнаа олсныхоо дараа Яагаад ингэж удаан бодсон юм бол оо гэж өөрөөсөө ичсэн шүү. Тэр бурхан маань миний аав, ээж хоёр байсан.

-Та зурагтаа аливаа юмыг ихэвчлэн олон тоогоор дүрсэлсэн байна. Энэ нь ямар нэгэн утга учир агуулдаг уу?

-Амьдрал баялаг шүү дээ. Би олон төрлийн зүйлийг нэг дор хөдөлгөөнд оруулж тоглох дуртай.

-Таныхаар зураг зурах нь тоглоом тоглохтой адил гэж үү?

-Би хийх ёстой гэж бодож зурдаггүй. Зураад сууж байх нь надад таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ нь надад ямар нэгэн ээдрээтэй тоглоом шиг санагддаг. Тиймээс ч тоглох гэдэг үг таарах юм шиг.

-Нэг зурагт олон үйл явдлыг багтааж, түүнийгээ нэг бүрчлэн задалж харуулсан байна. Ямар зурагт тань хамгийн олон зүйл багтсан бэ?

-Зарим зураг маань маш нарийн, жижигхэн. Хүмүүс анх хараад ямар нэгэн бодит зүйл байгаа эсэхийг нь анзаардаггүй. Би түүнийг зурахад их цаг зарцуулсан. Тэр утгаараа хүмүүс ч бас удаан харж байж учрыг нь олдог юм шиг санагдсан. Бидний амьдарч байгаа нийгэмд хүн бүр бүхнийг чадах мэт өөрсдийгөө бодож байдаг. Үнэн хэрэгтээ байгалийг хэзээ ч, хэн ч захирч чадахгүй. Хүний хийсэн үйлдлийн үр дүнд байгаль дэлхий сүйрч, тогтвортой байдал алдагдаж, гамшиг, галт түймэр, цөлжилт явагдаж байна. Энэ бүхний хариуцлагыг хүн хүлээнэ. Ийм утгаар бүтээлээ Хүн гэж нэрлэсэн юм.

Би энэ бүтээлдээ 11 мянган хүнийг Бичил хүн-ээр сэтгэж зурсан бөгөөд санаа нь хүн бүр адилгүй, өөр өөр ааш араншин, өнгө төрхтэй байдгийг харуулахыг зорьсон. Зургийг хүмүүс харахдаа олон өнгөний зохицол мэт ойлгоно. Ойртоод харах тусмаа олон төрлийн байрлалтай хүн гэдгийг мэдэх юм.

-Диваажин хэмээх цуврал их сонирхол татлаа. Ямар түүхтэй, хэрхэн бүтсэн, ямар онцлогтой бүтээл вэ?

-Чи өнгөтэй зүүдэлдэг үү. Би бүр багаасаа л өнгөтэй зүүдэлдэг байсан. Дотроо тольтой, өнгө өнгийн хагархай шилтэй, дуранг нь эргүүлэхээр өнгө бүрийн дүрс харагддаг бөөрөнхий дуран тоглоом байдаг байсан даа. Яг тиймэрхүү алагласан өнгөөр зүүдэлдэг. Тэр зүүдэнд алагласан цэцэрлэгт хүрээлэн, өнгө өнгийн нүцгэн хүмүүс нисэлдэж, бүжиглээд л, хөөцөлдөж тоглоод байдаг байлаа. Багадаа түүнийг зурах юмсан гэж ерөөсөө бодож байсангүй. Хожим оролдоод амжилттай болсноос хойш зүүдээрээ олон зураг зурсан.

-Одоо ч өнгөтэй зүүдэлдэг үү?

-Хааяа. Тэр даруйд нь цаасан дээр буулгах гэж хичээдэг. Гэвч тэр зургууд бол зүүдээ олон талаас нь харах гэсэн оролдлогууд. Зургуудаараа кино хийх бодолтой байгаа. Би анх энэ зургаа Диваажин гэж нэрлэхийг хүсээгүй юм. Хүмүүс л Чиний диваажингийн зургууд чинь… гээд байхаар нь тийм нэр өгчихсөн.

-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Танд Там нэртэй цуврал бүтээл байгаа болов уу гэж хайгаад олсонгүй?

-Бид өөрсдөө л диваажин болоод тамыг бүтээдэг шүү дээ. Би тамын тухай зурсан. Гэхдээ Там гэж нэрлээгүй.

-Германд амьдарч уран бүтээлээ туурвих нь Монголд амьдрахаас хэр ялгаатай вэ?

-Том хот, олон хүн, илүү боломж… Эндхийн хүмүүс урлагийг их хүндэлж, үзэж сонирхохдоо гайхмаар шүү. Олон улсын чанартай үзэсгэлэн гарлаа гэхэд түүнийг үзнэ гэдэг тийм амар биш. 1700-гаад оны үед амьдарч байсан Испанийн зураач Гоягийн үзэсгэлэнг үзэх гэж би дөрвөн цаг дугаарласан. Зарим хүн ном, шатраа сандалтайгаа аваад ирчихсэн байдаг гээд бод доо.

-Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсын 60-аад үзэсгэлэнд оролцсон гэсэн. Гадныхнаас юуг нь хамгийн сайн сурав. Бас тэдэнд юугаараа гайхуулж явна?

-Гайхуулахаар юм ч ховор доо. Хүмүүс Би Монголоороо гоёдог гэж ярьдаг. Харин энд монгол хүн гэхээр их сонин санагддаг юм шиг байна лээ. Монголоос ирсэн зураач гэхээр Монголын түүхийн талаар их асуудаг. Ихэнх нь энэ тал дээр буруу ойлголттой явдаг юм би лээ. Монголын нууц товчоо зурагт ном маань энэ ойлголтыг бага ч гэсэн өөрчлөөсэй гэж хүсдэг. Тэд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг дайчид байсан, бүх зүйлийг нурааж сүйтгээд л, бүхнийг хүч чадлаараа шийддэг хүмүүс мэтээр ойлгодог. Бас өөрийн гэсэн соёлгүй улс мэтээр ярих нь ч бий. Монголын ёс заншил, соёл, угсаатны зүйг номоороо түлхүү харуулахыг хичээсэн. Харин сурсан юм их шүү. Хүн байгаа орчноосоо өөрөө ч мэдэлгүй суралцаж байдаг юм болов уу.

-Монголдоо ирж амьдрах уу?

-Тэгэлгүй яах вэ. Түрүүн чи надаас Германы иргэн болчихсон уу гэж асуусан даа. Тэр асуулт надад Монголоосоо урвачихсан уу гэсэнтэй адил сонсогдсон шүү. Монголдоо очно. Гэхдээ эх орондоо очиж амьдрах арай болоогүй. Бид нүүдэлчин ард түмэн. Жаахан нүүх хэрэгтэй байна. Учир нь эндээс сурах юм их байна. Уран бүтээл гэж дуудуулах сайхан ч үүгээр хоолоо олж идэх хэцүү. Миний мэдэх чадалтай олон уран бүтээлчид энэ давааг давалгүй шантарч, өөр ажилд орсон байдаг. Миний хувьд давах ёстой даваа болоод, хүрэх ёстой зорилгоо сонгочихсон. Одоо мацах л хэрэгтэй. Ухрах зам байхгүй. Гэхдээ би агуу том бүтээл хийнэ гэж ярихгүй ээ. Миний хийсэн зүйлийг хүмүүс ойлгоход би түүнээс сэтгэл ханамж авдаг. Энэ л хангалттай.

-Том хотод амьдарч байгаагийн хувьд агуу зорилго тавьсан уу?

-Монгол зургийг хөгжүүлэх юмсан, орчин үеийн хандлагад оруулах юмсан гэсэн хүсэл зорилго олон уран бүтээлчийн дунд байдаг байх. Манайхан зургийг Уран зураг, Монгол зураг гэж хоёр ангилж ярьдаг. Уран зураг манайд маш сайн хөгжсөн, уран бүтээлчид сүүлийн үеийн бүх чиглэлээр бүтээлээ туурвиж байгаа нь бахархууштай, харин бидний үндэсний урлаг болох монгол зургийн хөгжил тийм ч сайн биш байгаа нь ажиглагддаг.

Монгол зураг гэхээр уламжлалт реализм санаанд буудаг. Энэ ойлголтыг өөрчилмөөр байна. Хэдий болтол нөгөө л бурхны зураг, баатар, анчин, үлгэр домгийн сэдэвтэй аж байдлын хэлбэрээр байх ёстой юм бэ. Энэ сэдвээр олон зуун жилийн өмнө зурж л байсан шүү дээ. Монгол зургийн техник гайхамшигтай, үүнийг ашиглаж чөлөөт сэтгэлгээний орчин үеийн урлагтай хөл нийлүүлсэн зүйл хийх бүрэн боломжтой. Манай уран бүтээлчид маш их чадвартай, бүтээлүүд нь өөрийн гэсэн хэв маяг, донж төрхтэй байдаг нь сайхан. Монголын урлагийг олон улсад таниулахын тулд сайн менежмент л дутагдаж байна.

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button