Хятадын нүүрсний зах зээл дээр өрсөлдөх нь тодорхой, харин яаж
34.7 сая тонн, зэсийн баяжмал 945 мянган тонн, төмрийн хүдэр 9.9 сая тонн, жонш 571 мянган тонн олборлоно хэмээн төсөөлж байгаа. Үүнд ирэх оны эхний улиралд ашиглалтанд орохоор тооцсон Оюутолгой компанийн 382 мянган тонн зэсийн баяжмал, 802 мянган унци мөнгө, 424 мянган унци алт олборлох тооцооллыг оруулж тооцсон хэрэг. Мөн тус компани ирэх онд 151.3 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Гэвч энэ бүх тоог үзэхэд ирэх онд яагаад ч биелэх боломжгүй мэт. Тодруулбал, манай улс энэ онд 24 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн хэдий ч эхний арван сарын байдлаар дөнгөж 14 сая тонныг урд хилээр гаргажээ.
Манайх коксжсон нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс 50 хувиар хямд зардаг
Өнгөрсөн жилээс Хятадын эдийн засаг удааширч, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт багассанаас манай улсын нүүрсний салбарынхан эрсдэлд ороод байна. Иймээс манай улсын экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх оныхоос 30 сая ам.доллараар дутсан байна. Эдийн засгийн судалгаа, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, эдийн засагч А.Энхманлай Монголын коксжсон нүүрсний экспортын шинжилгээ судалгааг хийжээ.
Манай улсын нүүрс экспортлогч компаниуд тээврийн зардлаа хэмнэсэн тохиолдолд нэг тонн нүүрснээс 20 хүртэлх ам.долларын ашиг олох боломжтой гэнэ. Гэтэл Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэл тээвэрлэхэд нэг тонн нүүрсний зардал 15 ам.доллар болдог байна. Мөн хилээр гаргахад зургаан ам.долларын татвар төлдөг аж. Энэ мэт урсгал зардлаа хасаад тооцоход ашиг нь маш бага гарчээ. Иймд нүүрсний компаниуд дорвитой өсч чаддаггүй байна. Тухайлбал, манай улс коксжсон нүүрсээ дэлхийн зах зээлийн ханшаас 50 хувиар хямд зардаг аж. Мөн автомашинаар тээвэрлэдэг учир хорогдол ихтэй гэнэ.
Гэтэл Австрали улс нүүрсээ далайгаар тээвэрлэж Хятадад нийлүүлдэг. Тиймээс бага зардлаар их ашиг олдог байна. Коксжсон нүүрс хамгийн их хэмжээгээр гардаг нь Гашуун сухайтын боомт. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт экспортолсон нүүрсний 62 хувь нь Гашуун сухайт, үлдэж буй 34 хувь нь Шивээ хүрэнгийн боомтоор гарчээ. Мөн Ярантын боомтоор гаргаж байгаа. Улсын хилийн хол, ойроос шалтгаалан дээрх боомтуудаар гарах нүүрсний үнэ харилцан адилгүй.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Гашуун сухайтын боомтоор гарч байгаа нүүрсний нэг тонн нь 114 ам.доллар байжээ. Судалгаанаас үзэхэд, Австрали нэг тонн нүүрсээ 217 ам.доллараар зарж байгаа бол манай улс 109 ам.доллараар борлуулж байна. Харин нүүрсээ боловсруулсан тохиолдолд манайх 50 гаруй ам.долларын нэмэгдэл ашиг олох боломжтой аж. Нүүрсийг дэлхийн стандартад нийцүүлж боловсруулахад нэг тонн тутамд 26 ам.долларын зардал гардаг байна. Энэ тооцоог хийснээс хойш манай улсын нүүрсний үнэ улам унасныг энд дурдах хэрэгтэй.
БНХАУ 504 сая тонн коксжсон нүүрс олборложээ
Дэлхийн нүүрсний ассоциацийн мэдээллээр, өмнөх онд олборлосон коксжсон нүүрсний хэмжээгээр Монгол Улс дэлхийд долоодугаарт байгаа гэнэ. Өмнөх оны байдлаар БНХАУ 504 сая тонн коксжсон нүүрс олборлон уг жагсаалтыг тэргүүлжээ. Хоёрдугаарт Австрали (146 сая тонн), гуравдугаарт АНУ (82 сая тонн) бичигджээ. Монгол Улс өмнөх онд 22 сая тонн коксжсон нүүрс олборлосноор долоодугаарт оржээ. Манай улс нүүрсний 162 тэрбум тоннын нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт ордог. Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай. Нэгэн үе Монгол Улс, Хятадын нүүрсний импортын зах зээлийг Австралиас булааж байна гэх аястай нийтлэлүүд хэвлэлүүдээр гарч байсан. Энэ нь оргүй биш бололтой. Одоогоос гурван жилийн өмнө Хятадын коксжсон нүүрсний эрэлтийн 11 хувь нь Монголд, 65 хувь нь Австралид ноогдож байв.
Гэвч Монголд ноогдох дээрх хувь өмнөх оны байдлаар 45 хүртэлх хувь болж, Австралийнх 23 болж буурсан байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Нэг ёсны Монгол Улс нь Австралийн гол өрсөлдөгч болж чадсаныг харуулж байна. Гэвч дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч Хятадын аж үйлдвэрлэл буурснаас металлургийн коксжих нүүрсний үнэ энэ оны эхэн үеэс 28 орчим хувиар буурав. Үүнээс болж Rio Tinto Австрали дахь нүүрсний ордын ажилчдаа цомхотгохоор болжээ. Мөн ВНР Billoton-ы орлого нэг жилийн өмнөхөөс 401 хувиар багасчээ. Олон улсын үнэлгээний Standart and poors агентлаг коксжих нүүрсний үнэ ирэх 12 сарын хугацаанд өсөхгүй байхыг сануулсан байна.
Олон улсын Эрчим хүчний агентлагийн тооцоолсноор эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрснээс гаргаж авдаг Хятад улсын хэрэглээ 2035 он гэхэд. 75 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь Монголын нүүрс экспортлогчдын хувьд таатай мэдээ боловч 115 тэрбум тонн нүүрсний нөөцтэй урд улсын хувьд нүүрс гаднаас авах нь тийм ч чухал биш. Үүнийг манайхан ойлгох учиртай. Хэрэв Хятад улс нүүрс импортоор авахгүй гэвэл манай улсын эдийн засаг хүнд цохилтонд орно. Гэхдээ Хятад улс нь дэргэдээ байгаа хямд өртөгтэй нүүрснээс татгалзах нь юу л бол.
Үнийн уналтыг ашиглаж нүүрснийхээ импортыг нэмэгдүүлжээ
Сүүлийн үед БНХАУ-ын эдийн засагтай холбоотой сайн мэдээ дуулдах болов. Өнгөрсөн сард дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг бүхий тус орны экспорт өсчээ. Bloomberg-ийн мэдээлж буйгаар бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт нь 11.6 хувиар өссөн нь сүүлийн таван сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүнчлэн импорт 2.4 хувиар дээшилсэн байна. БНХАУ-ын Коммунист намын шинэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэх болсон нь цаашид үр дүнгээ өгнө гэдэгт шинжээчид итгэж байгаа гэнэ.
Ирэх хоёр сард экспортын хэмжээ нь арваас доошгүй хувиар өсөх таамаг бий. Хэрэв ингэвэл тэд богино хугацаанд алдагдлаа нөхөж чадна хэмээн Bank of America-ийн БНХАУ-ыг хариуцсан ахлах эдийн засагч Лиу Тин ярьжээ. Мөн тус улсын Эрчим хүчний хорооноос Хятадын эрчим хүчний хэрэглээ 4-6 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгджээ. Үүнийг дагаад нүүрсний импорт ч нэмэгдэх хандлагатай байна. Гаалийн мэдээллээс үзэхэд, Хятад улс энэ оны эхний найман сард 185 сая тонн нүүрс гаднаас импортолсон нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин их буюу 46.3 хувиар өсчээ. Чинхуандао хэмээх нүүрсний арилжааны хамгийн том далайн боомтод наймдугаар сард тонн нүүрс 635 юань байсан бол есдүгээр сард 325 юань болжээ. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан үнэ ч гэсэн үнийн уналтыг ашиглаж нүүрснийхээ импортыг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна.
Энэ бүхэн нь манай улсын хувьд сайн мэдээ. Харин одоо яаж нүүрснийхээ үнийг нэмж, Австралитай өрсөлдөх вэ? гэдэг нь өнөөдөр толгойны өвчин болоод байна.
Ш.Батцогт