Нийслэлийн МАН-ыг шүүхэд өгчээ
800 орчим сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг өнгөрсөн 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргажээ. Тус намынхан нийслэлийн өмчийн байрыг багагүй хугацаанд түрээсэлсэн. Ингэхдээ сүүлийн хэдэн сар түрээсийнхээ мөнгийг огт төлөөгүй гэнэ.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд түрээсийн мөнгөө төл хэмээн гурван ч удаа хандаж, удирдлагуудтай нь хүртэл уулзсан байна. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 490 сая төгрөгийг төлөөгүй гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ. Тиймээс түрээсийн мөнгөнөөс гадна бусад зардлыг тооцоод 800 сая төгрөг нэхэмжилж шүүхэд өгөхөөс өөр арга байгаагүй гэнэ.
Энэ тухай нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Ер нь өнгөрсөн хугацаанд МАН шиг ийм өндөр түрээс төлөлгүй явсан түрээслэгч Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгэгдээгүй. Улс төрийн нам гэхээр бусад байгууллагаас ялгаатай байх ёсгүй. Нийслэлийн өмчийг хэрэглэсэн, түрээсэлсэн төлбөрөө төлөх нь зүйн хэрэг. Аль нам, улс төрийн хүчин байх нь чухал биш. Энэ хугацаанд хянадаг шалгадаг газар нь юу хийж байсан юм. Аудит хаана байсныг одоо асуух хэрэгтэй л болж байна. Гол нь зах зээлийн нийгмийн зүй ёсны харилцаагаар л асуудалд хандана. Тиймээс МАН нийслэлийг гомдолгүй, хохиролгүй болгох ёстой гэв.