Н.Алтанхуягийн Засгийн газар саалийн ганцаас минь салгачих вий

Монголын Засгийн газрын санал энэ төдийхнөөр л хязгаарлагдсан бололтой юм. Гэвч ийм нам гүм байдал холоос ирэх шуурганы угтал байж болзошгүй гэсэн мэдээлэл яваад байна. Саяын хурлын үеэр монголчуудын чихэнд нэг шинэ нэр ус сонсогдлоо. Тэр бол Сергей Викторович Чемезов гэх эрхэм. Ростехнологи компанийн ерөнхий захирлын алба хашдаг нэгэн аж.
Энэ тухай түр орхиод Эрдэнэтээ товч тодотгоё. Эрдэнэт үйлдвэр жилдээ 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Улсын төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг болохоор Саалийн үнээ хэмээн өхөөрддөг. Энэ үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг нь ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг.
Хоёр жилийн өмнө В.Путин ОХУ-ын Ерөнхий сайд байх үедээ Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет-ыг нэгтгэн IPO гаргах асуудлыг хоёр улсын Засгийн газар хэлэлцсэн хэмээн мэдэгдэж байсан нь бий. Гэвч мөнөөх IPO гаргах асуудал орхигдож, Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг 2008 онд байгуулагдаад ганцхан жилийн нүүр үзэж байгаа Ростехнологи компанид В.Путины шийдвэрээр шилжүүлсэн байдаг. Ер нь оросууд урьд нь Эрдэнэт-ийн эзэмшил хувиа хувьчлахаар санаархсан бичиг цаас ирүүлж, тухайн үеийн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг суудлаас нь сугалж байсан удаатай билээ.
Энэ удаад ч тэд ганзага хоосон ирсэнгүй, ОХУ-ын Ведомости сонинд бичсэнээр Эрдэнэт үйлдвэрийн удирдах зөвлөлийн хуралд Сергей Чемезов Хоёр тал өөрсдийн эзэмшлээсээ тус бүр 25 хувийг олон улсын хөрөнгийн биржээр худалдаж стратегийн түнштэй болох саналтай иржээ. Энэ хувьцаагаа Рио Тинто, ВНР Billiton зэрэг дэлхийн томоохон тоглогчид болон ОХУ-ын Нор-никел, Металлойнвеста гэхчлэн акул компанид санал болгох гэнэ. Хэрэв энэ санал хэрэгжвэл Монгол Улс Эрдэнэт үйлдвэр дэх эрх мэдлээ алдаж, багахан хувь эзэмшигч төдий үлдэнэ гэсэн үг. Юун нөгөө давуу эрх, улсын төсвийн гуравны нэг байтугай юм болно. Өөр нэг юм гэвэл тэр 50+1 хувийг хаанахын хэн гэгч хөрөнгө оруулагч авах вэ. Энэ бол том асуудал. Хэрэв оросууд авбал тэд Эрдэнэт-ийн 74 хувийг эзэмшинэ гэсэн үг. Саалийн ганцаа оосорлож өгөөд оросуудад хөтлүүлээд явуулчихлаа л гэсэн үг. Эрдэнэт-ийг гартаа оруулах оросуудын нэг хувилбар энэ байхыг үгүйсгэх аргагүй.
Монголчуудад мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Энэ хэрэглээг нь далимдуулан Эрдэнэт-ийг гуравдагч түншийн гарт өгөх сонирхол оросуудад байхыг үгүйсгэхгүй. Энэ бол тэдний эрх ашиг. Харин үүний хариуд Н.Алтанхуягийн Засгийн газар ямар эмоциор хариу барьсан нь тодорхойгүй. Одоохондоо бол дуугүй байснаар бүтэж үхэхгүй гэсэн хандлагатай байх шиг. Оросууд өөрийн 25 хувийг арилжсан орлогоороо Удакон-ы зэсийн ордод хөрөнгө оруулалт хийж, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг бас л Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байхаар тооцож буй бололтой юм. Тэгэхээр ОХУ-ын нутаг дахь Удакон-ы зэс хайлуулах үйлдвэрт Монголын талын 25 хувийн орлого бас шингэнэ гэсэн үг. Давхар нүүдэл хийх далд санаа. Чит мужийн нутаг дахь Удаконы зэсийн асар их нөөцтэй уурхайг Ростехнологи эзэмшдэг. Тэгэхээр уурхайдаа хэрэгтэй байгаа зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт-ийн мөнгөөр босгох холын санаархал биш гэж үү, энэ. Ах нар дүү нартаа ийм л хөөрхөн юм ярьж санал болгоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Эрдэнэт-ийнхээ 25 хувийг худалдаад олсон орлогоороо ОХУ-д баригдах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх юм байна. Том гүрний толгой дээгүүр тохуурхал гэдэг энэ биш үү. Хэлсэн болсон, хийнэ гэж тэд зүтгэнэ. Ядаж байхад газрын тосны хэрэглээ маань бүхэлдээ тэдний гарт байдаг. Монголчууд оросуудын өмнө чих зөөлөнтэй байх нэг шалтгаан нь энэ.
Эрдэнэт-ийг эмтлэх энэ санал нь тус үйлдвэрт технологийн шинэчлэлт хийхэд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаатай холбоотой гэнэ. Тухайлбал, техник технологийн шинэчлэлд нэн даруй 402,2 сая ам.доллар хэрэгтэй бөгөөд ийм хэмжээний хөрөнгийг Ростехнологи, Монгол Улсын Засгийн газрын аль нь ч гаргах бэл бэнчин үгүй. Байгаагаа зарах амархан. Нэг удаа мөнгөтэй болоод ар хормойгоороо урд хормойгоо нөхчихөж болно. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гээд нүдээ аниад хүртчихэж болно. Гэвч олон жилийн турш тогтвортой олох ашиг маань буурна.
Наанадаж жилийн ашиг хоёр дахин багасахаар байна. Ганцхан жишээ гэхэд ОХУ 2009 онд 27,3 сая, 2010 онд 34,4 сая, харин 2011 онд 75,7 сая ам.долларын ногдол ашгийг Эрдэнэт-ээс хүртжээ. Эндээс анзаарвал ногдол ашгийн хэмжээ жилээс жилд өссөн байна Энэ жилийн тухайд зэсийн дэлхийн зах зээлийн үнэ савалгаатай байсан хэдий ч тус үйлдвэр 145,9 сая ам долларын ашигтай ажиллахаар байгаа. Энэ ашгаасаа үйлдвэрийн шинэчлэлд жил жилээр зориулаад байх боломж бий гэсэн эдийн засагчдын санал бас байх юм билээ. Гэвч энэ мэт бодит боломжоос илүүтэй ашиг сонирхол давамгайлаад, байгаа юм биш үү гэсэн хар сэр байна.
Зүгээр нэг захын Иван Эрдэнэтэд санаархахгүй. Асар хүчтэй нэр нөлөө, эрх мэдэл байх хэрэгтэй. Ийм нэгэн нь Сергей Чемезов. Тэрбээр В.Путинтэй Германд хамт ажиллаж бүр нэг байранд амьдарч байсан сайн андууд гэлцдэг. Гадаад тагнуулын албаны хашир хандгай бололтой. Тэр цагаас хойш В.Путин хаана байна, тэнд Сергей Чемезов бас байсаар иржээ. Хүссэн цагтаа Путин рүү утасддаг, уулздаг цөөхөн хүний нэг нь Чемезов гэсэн. Түүнийг бас Путины үед төрсөн төрийн том олигархуудын нэг хэмээн нутаг нэгтнүүд нь ярьдаг аж. Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн товчооны гишүүн, нэр нөлөөтэй нэгэн. Эхнэр Екатерина Игнатова нь Москвагийн Этаж сүлжээ ресторан болон хэд хэдэн томоохон компанийн хувь эзэмшигч ажээ. Харин Оросын төрийн мэдлийн Ростехнологи-ийн бүрэлдэхүүнд нь 663 үйлдвэр газар, 12 холдинг багтдаг бөгөөд дэлхийн 70 гаруй орны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.
Ирэх оны гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан Зөвлөлийн ээлжит хурал болно. Тэр үеэр мөнөөх 25 хувийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Н.Алтанхуягийн Засгийн газрын өмнө хүндхэн шалгуур болж энэ асуудал тавигдах магадлалтай. Түүнийг тэсч, эх орны эрх ашгийн өмнө хад цохио шиг ханхайж чадах уу.
П.Булган