Их буучид-ын бөмбөгдөлт

Манчестер Юнайтед энэ тойрогт өвдөг шороодсон. Тэдний бүдрэлтийг заналт дайсан Манчестер Сити нь овжин ашигласнаар 2012-2013 оны улирлын тоглолт эхэлснээс хойш тэргүүн байрт анх удаа бичигдсэн юм. Ингээд 12 дугаар тойргийн тоймыг хүргэе.

Энэ тойргийн онцлох тоглолт нь Хойд Лондоны дерби байв. Арсенал, Тоттенхэм хоорондоо тулахыг ийн нэрлэдгийг манай уншигчид сайн мэдэх биз ээ. Энэхүү хоёр багийн тулаанд олон гоол ордог уламжлал энэ удаад ч давтагдаж, алаг бөмбөгийн хорхойтнуудыг ээлжит удаагаа баярлууллаа. Тоглолтын өмнө Тоттенхэм-ийн зүгээс, тодруулбал дасгалжуулагч Андре Виллаш Боаш, довтлогч Эммануэль Адебайор нар өрсөлдөгчөө доош нь хийсэн утгатай мэдэгдэл хийж байсан. Харин Арсенал-ын дасгалжуулагч Арсен Венгер үүнийх нь хариуг хэвлэлээр бус тоглолт дээр нэг мөсөн өгөхөөр шийдсэн бололтой. Франц дасгалжуулагч 4-2-3-1 хувилбараа хэрэглэсэн юм.

Харин Андре Виллаш Боашийн сонголт сонирхол татлаа. Тэрбээр энэ улирлын турш хэрэглэсэн 4-2-3-1 хувилбараасаа татгалзаж, 4-2-2-2-ыг сонгосон юм. Өөрөөр хэлбэл Жермайн Дефо довтолгоонд Арсенал-ын хуучин цэрэг Адебайортой хосолсон. Энэхүү шийдвэр үр дүнгээ богино хугацаанд өгч, ердөө 10 дахь минутад эхний гоол орсон. Дефогийн хөнгөхөн цохисон бөмбөгийг Войцех Щенсны барьж авч чадаагүй. Үүнийг нь Адебайор гэсгээж, гоолын дансанд нэрээ бүртгүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл Виллаш Боаш сонголт үр дүнгээ өгч эхэлсэн. Гэвч түүний бүхий л хөдөлмөрийг гоолын эзэн Адебайор тун удалгүй баллаж орхисон юм. Того эр тоглолтын 18 дахь минутад эсрэг багийн гол найруулагч Санти Касорлагийн эсрэг бүдүүлэг тоглолт хийснийхээ төлөө шүүгч Ховард Уэббээс улаан хуудас хүртсэн. Өөрөөр хэлбэл Тоттенхэм талбай дээр нэг тоглогчийн дутуутай үлдлээ. Ингэснээр тоглолтын хэмнэл эрс өөрчлөгдөж, Арсенал-ын талбай дээр бүрэн ноёрхох үндэс тавигдсан гэж хэлж болно.

Үүнийг батлах мэт 24 дэх хоромд Тео Уолкоттын дамжуулалтаар Пер Мертезакер мөргөж гоолдсон нь ердөө эхлэл байв. Үүний дараа Лукас Подольски, Оливье Жиру, хохирогч Касорла нарын Их буучид-ын шинэ цэргүүд гоолын дансанд нэрээ бүртгүүлснээр Арсенал нутагтаа ялалт байгуулах нь тодорхой болсон билээ. Тоттенхэм-ийн лидер Гарет Бэйл 71 дэх хоромд гоол хийсэн нь зочдын сүүлчийн амжилт байв. Харин талбайн эздээс Уолкотт 90+1 минутад тоглолтын эцсийн цэгийг хатгасан.

Улирлын тав дахь ялалтаа байгуулснаар Арсенал руу ирэх шүүмжлэл бага зэрэг намдсан. Тэд 19 оноотой болсноор зургадугаар байр руу дэвшиж, гол зорилго болсон Аваргуудын лиг-ийн эрхээс холдсонгүй. Харин Тоттенхэм Премьер лиг-ийн сүүлчийн гурван тоглолтод дараалан ялагдсанаар наймдугаар байр руу ухарлаа. Хэдийгээр Хойд Лондоны дерби сүр дуулиантай болсон ч энэ тоглолтын нөлөө Премьер лиг-ийн аваргын хувь заяанд бус дөрөвдүгээр байрын төлөөх өрсөлдөөнд л хамаатай.

Лондоны Челси-гийн хувьд Хар сар нь эхлээд байна. Цэнхэрүүд арваннэгдүгээр сард олон оноо алддаг бичигдээгүй хуультай. Үүнийг батлах мэт Премьер лиг-ийн дундаж баг Вест Бромвич-д сөхөрсөн юм. Челси өнгөрсөн улиралд Аваргуудын лиг-т түрүүлсэн. Гэсэн ч ийм амжилтад азаар хүрснийг нь ярих хүн өдгөө олон байна. Тэгээд ч дасгалжуулагч Роберто Ди Маттеогийнх нь зэс цухуйгаад эхэллээ. Итали тэр тийм ч мундаг мэргэжилтэн биш бололтой. Аваргуудын лиг шиг хасагдах системээр болдог тэмцээнд азаар түрүүлж болно. Харин олон тойрог үргэлжлэх лигийн тэмцээнд азтай нь бус чадалтай нь аваргалдаг. Харин Челси болон ноён Ди Маттео энэ шалгуурт тэнцэхгүй бололтой. ОХУ-ын тэрбумтан Роман Абрамовичийн баг улирлыг уламжлал ёсоор эрч хүчтэй эхлүүлсэн ч өдгөө энэхүү бензин нь дуусчихаад байна. Тэд энэ сард Премьер лиг-ийн хоёр тоглолт хийхдээ Суонси Сити, Ливерпүүл-ийг хожиж чадаагүй билээ.

Челси-тэй холбоотой өөр мэдээлэл дуулгая. Багийн ахлагч Жон Терригийн торгуулийн хугацаа дууссан ч талбайд гарахгүй байгаа. Шалтгаан нь өвдөгний гэмтэл. Тэрбээр ойролцоогоор гурван долоо хоногийн турш тоглох боломжгүй юм. Харин багийн дэд ахлагч Фрэнк Лампардын багтаа тус болох мөч ойртсоор байна. Булчингийн гэмтлийн улмаас өнгөрсөн сарын 24-нөөс хойш тоглоогүй хагас хамгаалагч дараагийн тоглолтод ч оролцож магадгүй аж.

Энэ тойргийн өөр нэгэн дуулиан нь Манчестер Юнайтед-ын бүдрэлт байв. Тэд томчуудыг үе үе гөвөх дуртай Норвич-ийн ээлжит золиос болсон юм. Хэдийгээр Улаан чөтгөрүүд тэргүүн байраа алдсан ч хашир Сэр Алекс Фергюсоны баг Премьер лиг-т түрүүлэх хамгийн өндөр боломжтой хэвээр. Учир нь тэд шийдвэрлэх үед тун сайн тоглож, улирлын төгсгөлийг гайхалтай сайн хийдэг уламжлалтай. Харин тэдэнтэй өрсөлдөх хамгийн өндөр боломжтой баг нь Манчестер Сити юм. Улирлын тоглолт замиынхаа 1/3-ийг туулаагүй байгаа ч аваргын цом Манчестер хотын хоёр багийн аль нэгэнд нь очих нь тодорхой гээд биччихвэл арай эртэдсэн хэрэг болчихгүй байгаа.

Д.Нанжид

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button