Эзэн Чингисээ хүндэтгэхтэй зэрэгцэн орон нутгийн сонгуулийн өрсөлдөөн хурцдав

Төр засгийн тэргүүнүүд, урлаг соёлын алдартнууд эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэн Төрийн ордонд хуран чуулж, Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж нийгмийн олон салбарт амжилтаараа тэргүүлсэн хүмүүст Ардын жүжигчин, Алтангадас гээд төрийн хүндэтгэл үзүүлсэн нь өнгөрөгч долоо хоногийн онцлох чухал үйл явдал байлаа.

Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Төрийн есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, Чингис хаан ба даяаршил эрдэм шинжилгээний бага хурал болж, олон улсын эрдэмтэд Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Монголын түүхийн талаар илт­гэл хэлэлцүүлэв. Гадаадын эр­дэмтэд монголчуудыг мянганы суут хүн, Эзэн Чингисийнхээ ойг тэмдэг­лэж байгаад талархалтай хан­­даж буйгаа илэрхийлж байлаа. Нам­­чирхан талцаж, маргалддаг УИХ-ын гишүүд, энэ өдрүүдэд эв най­рам­далтай найрсаг байж, нэг сэтгэлээр асуу­далд хандаж байсан нь ард түмний таалалд ихэд нийцсэн юм.

Орон нутгийн сонгуулийг угтаж чуулган түр завсарлав

Орон нутгийн сонгууль дөхсөнтэй хол­богдуулан УИХ-ын чуулган түр зав­с­арлалаа. УИХ-ын дарга З.Энх­болд чуулганыг завсарлуулах болсон шалтгаанаа УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, 2014-2016 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруу­лалтыг төлөвлөх асуудлаар иргэд­тэй санал солилцож, саналыг нэгтгэн боловсруулах шаардлагатай хэмээсэн нь гишүүдийг орон нутгийн сонгуулиар тойрогтоо ажил­лах боломжийг нээж өгсөн юм. Ингэс­нээр УИХ-ын гишүүд өөрсдийн тойрог руугаа хүлгийн жолоо залж, орон нутагт улстөрийн намуудын халз тулаан-ыг эхлэв.

Дээрх үйл явдлуудтай зэрэгцэн манай улсад гадаадын төр засгийн тэргүүнүүдийн олон чухал уулзалт боллоо. Тухайлбал, Ерөнхийлөгчийн ивээл дор БНАСАУ, Япон улсын Засгийн газар хоорондын уулзалт манай улсад болов. Манай улсын зүгээс уулзалтад байр сууриа илэр­хийлээгүй зөвхөн хоёр талыг уул­зах боломжоор хангахад анхаарч ажилласан юм. Монгол Улс БНАСАУ, Япон улстай найрсаг харь­цаатай байдаг учир тэд ийнхүү манай улсыг онцлон уулзалтаа зохион байгуулсан нь манай улсын нэр хүндийг дэлхий нийтэд өргөсөн үйл явдал боллоо.

Эрдэнэт үйлдвэрийг Ч.Ганзориг дахин хоёр жил удирдана

Мөн энэ долоо хоногийн онцлох үйл явдал нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Монгол, Оросын хамтарсан зөвлөлийн 48 дугаар хуралдаан болж, ерөнхий захирал Ч.Ганзоригийн сонгуульт хуга­цааг дахин хоёр жилээр сунгасан явдал байлаа. Эрдэнэт үйлд­вэрийн ерөнхий захирлын суудалд нэр нь дурдагдаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, нийслэлийн орлогч Да.Ганболд нарын хувьд энэ шийдвэр гэнэтийн тооцоолоогүй бэлэг болсон нь тодорхой.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Ал­танхуяг ОХУ-ын Ростехнологи корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт, Монросцветмет зэрэг үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо

СЕХ-ноос УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг чуулганы эхэнд буюу энэ сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдлээ. Д.Сарангэрэл даргын хувьд УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 10-т бичигдсэн. Тиймээс хуулийн дагуу Д.Сарангэрэл томилогдож байгаа юм. Ингэснээр УИХ 10 эмэгтэй гишүүнтэй болох аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button