Г.Байгальмаа Барилга барихаас бичиг цаас нь компаниудад хүнд тусдаг

ИРЭХ ЖИЛ ГЭР ХОРООЛОЛД ИЛҮҮ АНХААРАЛ ТАВИНА

-Өнөөгийн барилгын салбар ямар байдалтай байна?

-Ажлаа аваад cap гаруй болж байна. Энэ хооронд зургаан аймаг, нийслэлд хэрэгжиж байгаа барилгын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа. Манай орны хувьд барилга барих хугацаа маш богино. 5-11 сар хүртэл үндсэн ажлаа амжуулах хэрэгтэй болдог. Дээр монголчууд долоо наймдугаар сард амралтын байдалтай амьдраад сурчихсан. Есдүгээр сараас ажил ундарч эхэлнэ. Ингэхээр барил­гын ажил маань хоёрхон сарын хугацаанд эрчээрээ ажиллах боломжтой болчихож байгаа юм. Салбарын хувьд тодорхой асуудал байгаа боловч эрчимтэй хөгжиж байна гэж үзэж болно. Нэг их дордороогүй.

Тодорхой асуудал гэдэг нь.

-Барилгын салбарыг үндсэндээ хувийн хэвшлийнхэн авч явж байна. Ялангуяа өнөөдөр хамгийн эрэлттэй байгаа орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьж байна. Гэтэл барилга барихад өнөөгийн мөрдөж бай­гаа журмаар 130 гаруй зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Хэзээ зөвшөөрөл авч, хэзээ барилга барих вэ. Тэр тусмаа зөвшөөрөл өгөх эсэх нь албан тушаалтны үзэмжээр шийдэгдэнэ. Зөвшөөрлийн ард тодорхой мөнгөний хувь тохирох асуудал байдаг нь нууц биш. Зөвшөөрөл олгоогүй албан тушаалтан Яагаад ажлаа хий­гүй байна гэсэн асуултад хариулах үүрэггүй. Дээр нь зөв­шөөрөл олгоогүйн төлөө ямар ч хариуцлага төр тооцдоггүй. Ийм хачин тогтолцоо ноёрхож байна. Энэ бол барилгын компаниудын доод шатанд учруулж байгаа гай. Дээд шатан дээр төр бүр их саад, тотгор учруулна. Тендер гээд их хэмжээний мөнгө төсөвт суулгаж өгнө. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж дулааны улирлын ихэнхийг өнгөрөөнө. Аргаа барсан компа­ниуд дулааны улирлыг ашиглах гэж элдэв хууль бус арга хэрэглэнэ. Энэ бүхэн нь компаниудад ч нийгэмд ч их хэмжээний хохирол учруулж байна.

-Энэ бүхнийг Засгийн газар хэрхэн засах бол?

– Эхний ээлжинд элдэв зөвшөөрлийг цөөлнө. Тэгээд ч албан тушаалтан өөрийн хүслээр зөвшөөрөл олгодог бус тодорхой шалгуурыг биелүүлсэн тохиолдолд зөвшөөрлөө авдаг болно. Тендер мэтийн бичиг цаасны ажлыг дөрөв, тавдугаар сарын эхээр бэлэн болгож, тухайн компанид дулааны улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдүүлнэ.

-Орон сууцны үнэ өндөр байгаа тухай олон жил ярилаа?

– Манай дэд бүтэц сул байгаа нь орон сууцны үнэ өсөх үндсэн шалтгаан болоод байгаа юм байна. Байгаа жаахан инженерийн байгууламж дээр барилга барих гэхээр газар нь өндөр үнэтэй. Мөн барилгын үндсэн түүхий эдээ гаднаас авна. Тэр тээвэрлэлт бусад асуудлаас болоод бас үнэ нь өснө. Хувийн хэвшлийнхний бараа, үйлчилгээнд төр үнэ тогтоох боломж байхгүй. Тиймээс л орон сууцны үнэ буурахгүй байгаа юм билээ.

-Энэ бүхнийг буулгах талаар яамнаас ямар бодлого баримтлах вэ?

– Олон чиглэлээр судалгаа хийж байна. Эхний ээлжинд барилгын материалын үндсэн материалын үндэсний үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Засгийн газраас цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ. Замын Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, газрыг албан ёсоор олгох, инженерийн байгууламжийг тэлэх, дулаан, цахилгааныг хангамжийг нэмэгдүүлэх гээд олон арга хэмжээ авна. Дээр орчин үеийн шинэ технологийг ашиглах гээд олон арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлж чадвал хэн хэндээ ашигтай байдлаар барилгын үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжтой юм билээ.

-Сургууль, цэцэрлэгийн барилга ихээр шаардлагатай гэдэг?

-Өнгөрсөн хугацаанд, есдүгээр сард баахан шуугиж байгаад намждаг байсан. Намждаг шалтгаан нь цэцэрлэг, сургуулиар хангагдсандаа биш. Сургууль, цэцэрлэггүй хүүхдүүдээ хөдөө, гадаанаас хамаатан саднаа хот руу татах замаар харуулаад ажилдаа орно. Ингэж өдөр хоног аргалсаар байтал цэцэрлэг, сургуулийн хангамж шийдэхийн аргагүй хуримтлагдсан. Ирэх жилд энэ салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө тавигдсан. Гэхдээ маш богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар ихээхэн ажил зохион байгуулж, барилгын ажлыг эрчимжүүлнэ. Аймаг болгонд сургууль, цэцэрлэг барихаас гадна, хотын гэр хороололд ч сургууль, цэцэрлэг барих зорилго тавьсан.

-Том мөрөөдлийг дулааны богино улиралд хэрэгжүүлж амжих уу?

– Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед боломжтой л доо. Заавал нүсэр том барилгыг тоосго, цемент гэх мэтийн нүсэр материалаар барих шаардлага байхгүй. Хөнгөн, авсаархан богино хугацаанд угсардаг барилгууд байна. Дулаан, цахилгааныг нэг цэгээс бус тухайн орчныхоо барилга байгууламжийн хүрээнд хангадаг технологи байна. Энэ бүхнийг ашиглаад зүтгэвэл боломжгүй мөрөөдөл биш шүү дээ.

-Зам барих ажил яагаад байнга хэл дагуулж байна?

-Одоогийн замын тендер шалгаруулалт зөв биш гэж боддог. Зам барихад өгч байгаа мөнгөний хэмжээ олон жилийн чанартай зам барихад хүрэхгүй. Гэхдээ хэдэн жил ачаалал даах хэмжээний мөнгө. Компаниудад ашиглалтанд өгөхөөс өмнө эвдрээд байдаг муу зам барих багахан хэмжээний мөнгө өгч байгаа гэвэл үнэнд нийцэхгүй. Зам барилгад мөнгө гэхээсээ илүү сэтгэл дутаад байна. Тендер шалгаруулахаас эхлээд хүйтэн хандаад байгаа нь ажиглагдаад байгаа юм. Тендерийг шударга шалгаруулна

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Тендер шалгаруулах гэхэд нэг хувь харсан хүн сууж байна. Түүнд хувь хүртэх сонин болохоос үнэхээр тэр замыг тавих компани мөн үү, биш үү гэдэг нь сонин биш. Замаа барьж байх явцад нь хяналт тавьж байгаа нь хангалттай биш. Тэгээд хүлээж авч байгаа нь ч ойлгомжгүй. Байгаа мөнгөнийхөө хэмжээнд сэтгэл гаргаад хийвэл чамлахааргүй хөрөнгө гаргаж байгаа.

-Энэ бүхнийг засах боломж бий юу?

-Эхний ээлжинд хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах гэхээсээ илүү зохион байгуулалтыг нь сайжруулах хэрэгтэй. Миний мэдсэнээр бол байнга тендерт ялж байдаг цөөхөн компани байдаг юм шиг байна. Гэхдээ тендер авсан хувийн компанийг буруутгах гээгүй. Харин компаниуд авсан тендерээ хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь асуудал дагуулаад байна. Энэ компаниуд үндсэн ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэдэг. Тэр компаниуд дотор ажлаа үнэхээр сайн хийдэг компаниуд байдаг юм

байна. Гэтэл тэр компаниуд нь тендерт ялж чаддагүй. Энэ чинь тендерийн өрсөлдөөн шударга биш гэдгийг л харуулж байгаа юм.

-Тендерт ялахад үнэ голлодог гэдэг үнэн үү?

-Үнэн. Шударга өрсөлдөөн зөвхөн үнэ байж болохгүй. Шинэ техник, технологи бас нэг шалгуур байх ёстой. Гэтэл нэгэнт ашигтай нь батлагдсан шинэ техник, технологийг нэвтрүүлэх гэхээр зөв буруу, стандарт энээ тэрээ батлагдсан уу гээд хориг тавьдаг юм байна. Хяналтын систем, оруулах, батлах, зөвшөөрөх гээд олон саадтай тулна.

-Гурван тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг канад технологиор хоёр тэрбум төгрөгөөр барих санал тавибал би тендерт ялах уу?

-Одоогоор тийм зохицуулалт байхгүй. Гэхдээ бид салбарынхаа гол хуулиудад өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Одоогийн барилгын салбарт ашиглаж байгаа стандарт, норматив нь 1970-аад онд шууд хуулбарлаад авсан зүйл. Гэтэл түүнээс илүү техник, технологи Монголд ороод ирчихсэн түүнийг зохицуулах эрх зүйн акт дутагдалтай байгаа.

-100 мянган айлын орон сууц барих боломжтой юу?

-Байшин барих нь асуудал биш. Нийслэлд барих 75 мянган айлын орон сууцыг 17 бүсэд барих байх. Харин дэд бүтцийн асуудал хүнд байгаа. Нэгэнт техник, технологи хөгжсөн болохоор төвлөрсөн нүсэр бүтцийн дулаан, цахилгааны хангамжаас татгалзана. Тухайн бүсээ хангачих техник, технологийг ашиглах нь зардал, хугацаа бага шаардах тооцоо байгаа. Барилгачид хөрвөх чадвартай мэргэжилтэн болно.

-Яам гадны өндөр технологийг ашиг­лах талаар юу хийж байна?

– Манайд норм, нормативын сан гэж байгаа. Энэ сан өмнө мэдээлэл төдий ажиллагаа явуулдаг байсан юм билээ. Одоо бол шаардлагатай өндөр технологийг хайж олоод зогсохгүй манайд хэрэгжих боломж нөхцөлийг судалдаг болно. Жишээлбэл хамгийн хямдхан, чанартай 50 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй гүүр 1 хаана байна гээд хайна. Олоод өртөг зардал, ашиглах нөхцөлийг судална. Дотоодын байгууламж барих хугацаа, зардал, ашиглалттай харьцуулсан дүгнэлт гаргана.

-Барилгын осол байнга их хэмжээгээр гардаг байсан юм байна. Гэтэл сүүлийн хэдэн ослыг төр Засаг анхааралдаа авч байна?

-Осол гараад дарагдсан олон тохиолдол байдаг юм билээ. Нийслэл шинэ удирдлагатай болсноор төрийн анхааралд орсон. Энэ талаар судалгаа хийсэн. Хэн нэг нь газрын зөвшөөрөл авчихаад түүн дээрээ барилга барина. Хэнээр ч хамаагүй бариулна. Мэргэжлийн бус хүн осолд өртөх нь их байсан. Яамны зүгээс энэ бүхнийг таслан зогсооно. Барилгын талбайд мэргэжлийн хүн орох ёстой. Барилгын улирал эхлэхээс эхлээд цэнхэр карт-аар барилгын салбарт ажиллах иргэдийг хангана. Энэ нь давтан буюу анхан шатны сургалтад хамрагдсаныг гэрчилнэ. Ингэснээр барилга дээр барилгын анхан шатны мэдлэггүй хүнийг ажиллуулах явдлыг зогсооно. Барилгын анхны мэдэгдэхүүнгүй иргэдийг хөлсөлснөөс болж осол их гарч байна. Анхан шатны мэдлэгтэй хүн бол наад захын хамгаалалтын арга хэмжээ авсан эсэхийг мэддэг болно шүү дээ.

-Шавар цутгагч машинд хүүхэд дарагдсан. Хариуцлага хэн хүлээх вэ?

– Барилга барьж эхлэх, барих, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, боловсон хүчний асуудалд мэргэжлийн хяналтынхан хяналт тавьдаг. Манай яам мэргэжлийн байгууллага гэдэг утгаар нь компаниудад зөвшөөрөл өгдөг. Гэхдээ тусдаа байгууллага ч гэсэн ажлын уялдаа бага байна. Мэргэжлийн хяналтын бүтэц, зохион байгуулалт удахгүй нэг мөр шийдэгдэх байх. Харин яамны зүгээс барилгын норматив, стандартыг тодорхой болгох чиглэлээр ажил хийж байгаа.

-Дөрвөн жилийн дараа барилгын салбар ямар байх бол?

– Хуулиуд боловсронгуй болно. Барилгын компаниудад төрөөс үзүүлэх үйлчилгээ хялбаршина. Компаниудын бүтээгдэхүүн чанартай, хариуцлага хүлээх чадвартай болно. Ингэснээр иргэдийн аюулгүй амьдрах орчин барилгын салбарт найдвартай болно. Зөв стандарт, шаардлага төрөөс тавьсан тохиолдолд эсэргүүцээд байдаг компани гэж байхгүй шүү дээ. Төр хүнд суртал тулгаад байгаа учраас компаниуд элдэв хууль бус үйлдэл гаргаад байгаа юм. Одоо бол барилга барихаас илүү бичиг цаасны ажил барилгын компаниудад тулгараад байна шүү дээ. Барилгын компаниуд стандартаа хангаад, аюулгүй байдлаа хангачихвал хэнээс ч хараат бусаар бизнесээ хийдэг болно. Бас барилгын ажилчид маань дулааны бус улиралд ажилгүй болдог. Тиймээс барилгачиддаа давхар мэргэжил эзэмшүүлэх, өвлийн цагаар үйлдвэрлэл эрхлэх боломжийн талаар бодлого хэрэгжүүлнэ.

Х.БАТТӨГС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button