Алдартай дуучин эхнэртэй Ши Жиньпин Хятадын хувь заяаг атгалаа
улс төрийн үзэл баримтлал болон хувийн амьдралыг нь дэлхий нийт онцгой анхааран судалж буй нь дамжиггүй. Ши Жиньпин 1953 оны зургаадугаар сарын нэгэнд Шаньси мужид мэндэлжээ. Түүний эцэг Ши Жуньсун нь БНХАУ-ын Коммунист намын улс төрийн зөвлөлийн гишүүнээс гадна Гуандун мужийн амбан захирагчаар ажиллаж байсан нэртэй хувьсгалч, улстөрч байжээ.
Удам дагасан улстөрч Ши Жиньпин 1975 онд Цинхуагийн техникийн их сургуульд элсэж, 1979 оноос Хятадын коммунист намын ажилд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Түүнийг Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох хүртэл Ху Жинтаогийн залгамжлагч хэн болох нь тодорхойгүй байсан юм. Хятадын хуулийн дагуу намын удирдах албан тушаалтан 68 насандаа ажлаа өгөх ёстой. Тиймээс ойрын арван жил Хятадыг жолоодох улстөрч 60 нас хүрээгүй байх эхний шаардлага тавигдаад байсан юм. Ши Жиньпин Хятадын коммунист намын нэгдэл нягтралд гол анхаарлаа хандуулан ажилладгаараа нэртэй нэгэн юм байна.
Мөн түүнийг Барууныг Ху Жинтаогаас илүү сайн мэднэ гэж улс төр судлаачид дүгнэж буй юм. Ху Жинтао хэтэрхий хашир улстөрч тул шаардлагатай шинэчлэлийг хийлгүй, удаашруулсан хэмээн шүүмжлэгддэг. Харин Ши Жиньпин залуу, зоригтой улстөрч тул шинэчлэл, өөрчлөлтийг зоригтой хийж магадгүй гэж таамаглаж буй ажээ. Гадаадын хэвлэлүүд түүний улс төрийн үзэл баримтлалаас илүүтэйгээр зартай дуучин эхнэр Пэн Лиюанийг нь андахгүй. Ши хятад даяар алдартай дуучин эхнэртэйгээ 1987 онд гэрлэж, 2002 онд Ши Минжи хэмээх охинтой болжээ.
Пэн нь Шигийн хоёр дахь эхнэр юм. Үүнээс өмнө Ши Их Британи дахь Хятадын Элчин сайдаар ажиллаж байсан Ке Хуагийн охин Ке Линлинтэй гэрлэсэн ч удалгүй гэр бүлээ цуцлуулсан юм. Одоо Ши Жиньпиний охин Минжи Харвардын их сургуульд зохиомол нэрээр сурч буй гэсэн мэдээлэл байдаг аж. 2013 оны хавар болох Бүх Хятадын ард түмний төлөөлөгчдийн чуулганаар түүнийг БНХАУ-ын даргаар сонгох нь гарцаагүй юм.
Р.ГЭГЭЭ