Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д. Батцогт, С.Ганбаатар, Л.Цог, Г.Уянга нарт Үндсэн хууль зөрчигдсөөр байх уу?

Ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө иргэний нийгмээр овоглон хамтран тэмцэж явсан эрхэм нөхдийнхөө амрыг эрэн мэндчлэхийн сацуу та бүхэн Монгол улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээний заалтуудыг чандлан сахиулахын төлөө бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

2012 оны УИХ-н сонгуулийн үр дүнд бий болсон өнөөгийн төр байгуулагдсанаас хойш 130 гаруй хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд та бүхэн өргөсөн тангараг болон Монгол улсын хууль болон өөрсдийн амлалтынхаа дагуу дараагийн жилүүдэд хийх ёстой ажлуудаа төлөвлөж чадсан байх учиртай тул ИН болон Парламентад суудалгүй намууд та бүхний үйл ажиллагааны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх цаг болсон гэж үзэж байна.

Монгол улсын Үндсэн хуульд Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ, Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж тус тус заасан байдгийг та бид үг үсэггүй мэдэж, дээрх зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлсэн байхын төлөө уйгагүй шаардан тэмцэж ирсэн билээ.

Иргэдийн Алъяанс төв хүний эрх, ардчилал, шударга ёсны төлөө сүүлийн 10 гаруй жил тууштай ажиллаж байгаа ТББ-тай хамтран та бүхний тэмцлийг найдвартай дэмжих үүднээс хууль, эрхзүйн зөвлөгөө өгөх, эрх баригчдад шахалт, шаардлага үзүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг тууштай явуулж ирсэн. Харин та бүхэн УИХ-н гишүүн болсон цагаасаа Үндсэн хуулийн тулгуур зарчим, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг зөрчиж байгаа эрх баригчдын зарим үйлдлүүдтэй эвлэрсэн мэт анир чимээгүй байгаад шүүмжлэлтэй хандахад хүргэж байна.

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд Хүн бүр шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан атал шинэчлэн батлагдсан Аймаг, орон нутгийн сонгуулийн тухай хуульд иргэн хүний сонгох ба сонгогдох эрхийг тухайн орон нутагтаа 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд ийнхүү оршин суух бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийггэж заан иргэн хүний улс төрийн эрхийг хязгаарлан боогдуулсан байгааг хэрхэн үзэж байгаа талаар та бүхнээс тайлбар авах шаардлагатай байна.

Түүнчлэн энэхүү хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт Тухайн аймаг, сум, дүүрэгт өөрийн салбартай,…нам …сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан нь улс төрийн намууд орон нутагт салбаргүй гэсэн үндэслэлээр сонгуульд оролцох эрхгүйгээр ялгаварлан гадуурхагдаж байгааг та бүхэнд мэдүүлэх нь зүйтэй байна.

Энэхүү жишээ бол энэ удаагийн УИХ-н баталсан хууль, журам хүний эрх, эрх чөлөөг, ялангуяа улс төрийн эрх, эрх чөлөөг хэрхэн зөрчиж байгаагийн нэг жишээ мөн.

Бас нэг зарчмын асуудал бол ардчилсан Үндсэн хуульд зарчмын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тусгаарлах, салгах, өөрөөр хэлбэл бидний шаардаж тэмцэж байснаар Үндсэн хуулийн 7 луйврыг арилгах асуудал байсан билээ. Эрх мэдэл хэт төвлөрч, хээл хахууль, албан тушаалын наймаа цадигаа алдаж байгааг эсэргүүцэж та бүхний зарим нь 2010 оны 4 сард улс төрийн өлсгөлөн зарлан тэмцэж байсан, эрдэнэт хүний эрүүл мэнд хохирч байсныг ч мартах ёсгүй ээ.

Гэтэл 2012 оны сонгуулиар арай олон суудал авсан Ардчилсан нам МАХН-МҮАН-н Шударга ёс эвсэл болон ИЗНН-тай эвсэн засгийн газраа бүрдүүлж, Засгийн газрын нийт гишүүдийн 86 гаруй хувь нь УИХ-ын гишүүдээс бүрдэж байхад та хэд шаардаж тэмцэж байсан зарчмынхаа дагуу тууштай, үндэслэлтэй эсэргүүцэж чадсангүй. Тиймээс та бүхнийг ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал, тулгуур зарчим, үнэт зүйлийг ханган баталгаажуулах гол зангилаа асуудлаа шийдэх эрхэм зорилгоо УИХ гишүүн болчихсон хирнээ биелүүлж чадсангүй гэж буруушаахад хүргэж байна.

Энэхүү Нээлттэй захидлыг бичиж байгаа асуудал цаг хугацааны хувьд хожимдсон мэт олон хүнд санагдаж магад. Гэвч дээрх асуудлууд бол хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг хөгжлийн тулгуур зарчим, ардчилсан нийгэмд зайлшгүй биелэгдсэн байх учиртай амин чухал асуудал юм. Тиймээс та бүхэн ардчилсан төрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хяналтын тогтолцоог тэнцвэржүүлдэг, улмаар хээл, хахууль, албан тушаалын наймаа, төрийн дур зоргын үйлдлийг таслан зогсоодог, засаг төрийн үйл ажиллагааг хяналттай, хариуцлагатай болгоход гол хүчин зүйл нь болдог зарчмын эдгээр асуудлууддаа анхаарч тууштай ажиллаж чадвал олон жил амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин тэмцсэн үйлс чинь үндсэн зорилгодоо хүрч чадна гэж үзэж байна.

Эцэст нь та бүхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тулгуур зарчим, Үндсэн хуулийн үзэл санааг чандлан дагаж мөрдөхийн төлөө чин сэтгэл, иргэний болон улс төрийн зориг гарган тууштай ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлье.

Хүндэтгэсэн Ж. Занаа

2012 оны 11 сарын 14

Улаанбаатар хот

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button