Түүх соёлын өв уламжлалыг хамгаална

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт аялал жуулчлалын яам, Соёл урлагийн их сургууль, Юнескогийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Хуралд Соёл урлагийн их их сургуулийн эрдэмтэн багш нар болон бусад холбогдох мэргэжлийн эрдэмтэн, судлаачид зэрэг хүмүүс оролцож монголчуудын өв соёлын талаар сонирхолтой илтгэл тавьсан.

Энэ үеэр СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Долгорсүрэнгээс дараах тодруулгыг авсан юм.

-Энэ хурлыг зохион байгуулж буй шалтгаан юу вэ?

-Засгийн газар, Юнеско олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ирэх арванхоёрдугаар сард Соёл ба хөг­жил олон улсын соёлын чуулганыг зохион байгуулах гэж байгаа. Соёл ба хөгжил олон улсын чуулга, уулзалт маань ирэх арванхоёрдугаар сарын 12-14 ны хооронд Төрийн ордонд болно. Чуулганы хүрээнд Соёлын өвийн судлал, үйлдвэрлэл хөгжил, инновацын гэсэн гурван асуудал байна. Харин өнөөдөр болж буй Соёлын өвийн судлалын хурлаар, Соёлын биет бус өвийн судалгаанд хандах хандлага, Соёлын хөдлөх дурсгалын судалгаа, Соёлын үл хөдлөх дурсгалын судал­гаа, Монголын соёлын статистик дэх соёлын өвийн асуудлууд, Ази дахь Монгол дурсгалууд, монголчуудын бүтээн байгуулсан одон орны оргилууд гэсэн үндсэн таван асуудлаар холбог­дох мэргэжлийн хүмүүс илтгэл тавина.

-Биет, биет бус соёлын ялгаа нь юу байна?

-Биет бус соёлын өвд монголын түүх, ёс заншил багтана. Биет соёлын өвд Соёлын үл хөдлөх, хөдлөх дурсгал орно.

-Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан үр дүнгийн талаар?

-Түүх соёлын дурсгалыг хойч үедээ өвлүүлэх, байгаль эхийн нууцыг тайлах нь эрдэмтэн, судлаачдын үүрэг юм. XXI зуун гарахад дэлхий нийтээр ирээдүйг мөнхжүүлэх үйлс, соёл нь байгалиас шалтгаална гэдэг үзэл дээр нэгдсэн. Хүмүүний соёл, оюун сэтгэл-гээ соёлжих шаардлагатай. Ингэснээр байгалийн нөөцийг зохистой хэрэглэх, нөхөн сэргээх, аварч хамгаалах болно. Өнөөгийн нийгмийн техник, технологийн хөгжлийг хүн, байгальд ээлтэй болгох учиртай. Монголынхоо ард иргэдэд үндэсний соёлоо хамгаалан хадгалах, гадны соёлыг зөвөөр таниулахад чиглэгдэнэ. Монгол улсын зах зээл, эдийн засагт оруулж буй соёлын өвийн нөлөөлөл, хувь нэмэр юу вэ гэдгийг нийт иргэддээ мэдээллэхэд оршино.

-Аян хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

-Жил бүр тогтмол зохион байгуулна.

-Соёлын өвийг хамгаалах аяны хүрээнд хийгдсэн болон, цаашид зохиогдох арга хэмжээ нь юу байх бол.

-Соёлын өвийг хамгаалах талаар Засгийн газар ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг гаргасан байгаа. Тодруулбал, Соёлын өвийг бүртгэн, баримтжуулах хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, Соёлын өвийг хамгаалагч ажлыг хэрэгжүүлэх, Говийн аймгуудад археологи, палеонтлогийн лаборатори, музейг шинээр байгуулах, Соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалыг хадгалах, олон нийтэд үйлчлэх зориулалтын барилгатай болгох. Түүнчлэн Соёлын өвийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлоготойгоор ажлаа эхлүүлээд байгаа. Өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын Музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалтад тогтоох ангилал тушаалыг баталсан.

Ингэснээр, Улс, аймгийн музей бүр өөрийн брэнд үзмэрийн зэрэглэлийг тогтоох, соёлын өвийг олон талт эрсдэлээс хамгаалах явдал юм. Монголын аялал жуулчлалын хөгжилд олон нийт, хувийн хэвшлийн оролцоог идэвхтэй дэмжин хөгжүүлэх. Соёлын өвийг аялал жуулчлалын чиглэл бол­ган хөгжүүлэх зорилт гаргасан. Тухайлбал, Монголын түүх, бурханы шашин, үлэг гүрвэл, ан амьтны, адал явдал сонирхогчдын аялалуудыг зохион байгуулна. Тус яамнаас Монгол улсад Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна.

Б.БАТБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button