Браво, Шинэчлэлийн Засгийн газарт баяр хүргэе
Ийм хариуцлагатай цаг үед Монгол улсын Засгийн газраас улс орон, ард түмэнд ашиг тустай нэгэн шийдвэр гаргах болсноо өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар мэдэгдлээ. Учир юу гэвэл, сүүлийн хэдэн жил олон нийтийн анхааралд өртөн, хэл ам байнга дагуулах болсон Ховд аймгийн Дарви сумын газарт нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг Монгол улсын стратегийн орд газрын жагсаалтад оруулахаар болжээ. Тодруулбал, Засгийн газрын зүгээс эл уурхайг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгажээ.
Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн орд газарт оруулах асуудал хэд хэдэн Засгийн газар дамжин яригдаж эхэлсэн ч ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын үед бодит ажил боллоо. Ховдчууд төдийгүй Монголчуудын олон жил хүсэн хүлээсэн шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газар гаргажээ.
Эх орныхоо эзэн нь болсон Монголчууд бид хүний газар байгаа мэт гадныханд гадуурхагддаг, өөрсдөө мэдээгүй байтал уул ус, газар нутгаа ухаж төнхүүлдэг явдал ийнхүү нэгээр багасаж, улс орны эрх ашгийн үүднээс газрын баялгаа засаг төр эзэн нь болж ашиглахаар боллоо. Ингэснээр манай улсын хувьд хоёр дах Таван толгойн орд гэж хэлж болохуйц Хөшөөтийн нүүрсний уурхай эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдэж, удахгүй үүнийг хишгийг Монголчууд бид хүртэх бололцоотой болж байгаа юм.
Тэртээх 2007 оноос хойш эл уурхайн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж байсан эх оронч сэтгэлтэй иргэд, байгууллага, шударга зарчмыг барьж ажиллаж байсан сэтгүүлчид, нутаг усаа гэсэн хүмүүс, эх орон байгалийн баялгаа зүй зохистой ашиглахыг эрмэлзсэн улс төрчдийн удаа дараагийн үйлдэл, оролдлого ийнхүү засаг төрийн сонорт хүрч, тэдний хувьд магнай тэнийсэн сайхан хэрэг тохиолоо. Ёстой нөгөө энэ л өдрийг мөн ч их хүлээсэн дээ гэдэг үг биелэлээ оллоо. Энд онцлон Ховд аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Хүрэлсүх, Элгэн нутаг Сутай ТТБ-ын тэргүүн асан, талийгаач Г.Бямбасүрэн багш, эл хөдөлгөөний гишүүн Д.Цэдэнбал нар болон үзэг нэгт сэтгүүлчдийг дурьдах нь зүйтэй юм. Үүний зэрэгцээгээр гадныханы гар хөл болж, олон нийтийн санаа бодлыг төөрөлдүүлэн, үнэний эсрэг зүйл ярьж хэлж, үүнийхээ төлөө үүрэг хүлээн ажиллаж байсан цөөнгүй хүмүүс сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан гэдгийг дурьдах нь хэрэгтэй бизээ.
2010 оны 1 сарын 29-ний өдөр, одоогийн УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хөшөөтийн уурхайн талаар Засгийн газарт хандан асуулга тавьж, эл уурхайн талаарх төр засгийнхан ямар байр суурь баримталж байсныг олон нийтэд илчилж байсан. Мөн Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Н.Хүрэлсүх эл уурхайн нутаг үнэн бодит мэдээллийг олон нийтэд мэдээлэн, стратегийн орд газар оруулах саналыг хүргүүлснийхээ төлөө хэвлэлээр цөөнгүй удаа гүтгүүлж байсныг энд хэлэх ёстой болов уу? Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үүнийг л хэлэх бизээ.
Уншигч танд эргэн сануулахад социализмын үед оросуудын тусламжтайгаар эл уурхайг олж тогтоон орон нутгийн чанартай нүүрсийг олборлож байсан бол 2007 оноос эхлэн хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай МоЭнКо хэмээх компани лиценз эзэмшин, хайгуул хийх нэрээр дур мэдэн олон газар уул усыг талхлан өрөмдлөг хийж эхэлсэн. Улмаар нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан үл тоон хайгуул, олборлолт хийж, Ховд аймагт олон хөрөнгө оруулалт оруулах, цахилгаан станци барих төслийн тухайн үед танилцуулж байсан ч өнөөдөр нэг нь биелэгдээгүй. Харин Хөшөөтийн уурхайн нүүрсийг баруун хил рүү зөөхөөр 340 км асфальтобетонан зам тавьж нүүрс зөөж эхэлсэн ч эдүгээ дотоод гадаад олон хүчин зүйлийн нөлөөгөөр нүүрс олборлох, зөөх үйл ажиллагаа нь зогсоод байсан юм.
2007 онд энэ компанийхан Хөшөөтийн уурхайн нөөцийг 3.4-4.4 тэрбум тонн хэмээн Олон улсын хөрөнгийн биржүүдэд танилцуулан их хэмжээний хөрөнгийг биржээр дамжуулан босгосон байдаг бол тухайн үед манай улсын холбогдох газруудаас зөвшөөрөл авахдаа Хөшөөтийн уурхайн нөөцийг 85.7 сая тонн нөөцтэй гэж батлуулсан байдаг нь эхнээсээ хар дагуулсан хэрэг болж байсан байдаг. МАН-ыг Засгийн эрхэнд байхдаа хэд хэдэн удаа эл уурхайг стратегийн ордод оруулах асуудлыг судлан Засгийн газар, УИХ-д танилцуулах үүргийг тухайн үеийн холбогдох газруудад үүрэг өгч байсан ч тодорхойгүй шалтгаанаар ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн юм.
Харин одоо бүх явдал ард хоцорч Монголчуудын хувь хүртэх уул уурхайн баялаг нэгээр нэмэгдлээ. Шинэчлэлийн Засгийн газар цаашид эл уурхайн хэрхэн ашиглах, олборлолт явуулах асуудлыг улс орны ирээдүйтэй холбон бодлого болгон боловсруулж хэрэгжүүлэх биз ээ.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж үүнийг л хэлэх буюу.
Цэрэндоржийн Гомбосүрэн