PC тоглоомын газар ажиллуулах журам боловсруулжээ

< удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун зарим хэлтэс, харъяа газрын даргаар шинээр томилогдсон хүмүүсийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар М.Дондогдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Дэнжийн-1000, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны даргаар, Б.Батсүх, Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны даргаар А.Цэрэнбат нарыг тус тус томилжээ. Энэ сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ. Орон нутгийн сонгууль эхлэж байгаатай холбогдуулан тойргийн хороо, хэсгийн хороодын санал авах байруудын бэлтгэл ажил бүрэн хангадсан байна. Сурагчдын амралтын үеэр олон нийтийг хамарсан ажил зохиогдоогүй, харин багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Мөн интернет кафе, компьютер тоглоомын газруудыг ажиллуулах журмын төсөл боловсруулах үүргийг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт өгсөн байна. Энэхүү үүргийн дагуу журмын төсөл боловсруулж дуусчээ. Үүрэг даалгаврын биелэлтийн дэлгэрэнгүйг сайтын Нийслэлийн шуурхай гэсэн хэсгээс харна уу Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын , Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэ сарын 01-ээс 15-ны өдрүүдэд Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн хандсан бол, лавлагаа мэдээллийн төвийн www.ub1234.mn, www.ub1200.mn сайтуудад 9638 иргэн ханджээ. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнхи нь ОСНАА, Захирагчийн ажлын алба, Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автозамын газарт хандсан байна. Иргэд цахилгааны тасалдал, дулааны хангамж, хот тохижилт, хог тээвэрлэхтэй холбоотой асуудлуудыг ихээр тавьсан байна. Эдгээр гомдлын 60 гаруй хувийг барагдуулжээ. Мөн лавлагаа мэдээллийн төвд иргэдээс, НЗДТГ болон ЗАА, замын цагдаагийн газар,авто замын газар зэрэгт холбоотой 93 санал ирсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Х.Эрдэнэбаатар өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 01-15 хүртэлх хугацаанд нийт 157 дуудлага ирснээс гал түймрийн 147 дуудлагаар ажилласан байна. Мөн Налайхын уурхайн, иргэн Д-гийн түрээсийн бичил нүүрсний уурхайн эдэлбэр газарт 60 орчим метрийн гүнд нуралт үүссэний улмаас 50 настай, эрэгтэй Г, 23 настай Б, 30 орчим настай Б нар дарагдаж нас барсан байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт 150 албан хаагч ажиллан цогцсыг гарган авчээ. Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Буянбат, өнгөрсөн 14 хоногт зам тээврийн ослын улмаас 8 хүн нас барсан гэж мэдээллээ. Энэ нь урьд оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт юм байна. Мөн энэ хугацаанд автомашины улсын дугаар хулгайд алдагдсан 5 дуудлага бүртгэгджээ. Мэдээллийн дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхийг цахилгааны тасалдалдтай холбоотой гомдол эзэлж байна гээд, сүүлийн өдрүүдэд хотын хэмжээнд цахилгааны тасалдал их гарах болсон шалтгааныг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа. С.Төмөрхүү, Өнгөрсөн 2 долоо хоногт нийтдээ 33 удаа тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хйисэн. Энэ нь кабел шугам гэмтсэн, тогны хэрэглээ эрс нэмэгдэж, трансформаторын хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн цаг агаар хүйтэрч байгаа учраас, газар хөлдөж, хөрс хөдөлгөөнд ордог. Энэ нь газар доорхи кабел утсыг гэмтээж байна гэв. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн орчны хальтиргаа, гулгааг тухай бүр арилгуулах ажлыг зохион байгуулахгүй байгаагийн шалтгааныг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодруулахад, амралтын өдрүүдээр цас их орсон учраас байгууллага, аж ахуйн нэгжүүд хангалтгүй ажилласан. Бид тусгайлан ажлын хэсэг гаргаж байгууллага аж ахуйн нэгжийн орчны зураглалыг боловсруулж, цэвэрлэх талбайг нарийн зааж, журамлахаар төлөвлөж байна гэв. Нийслэлийн Засаг дарга, дүүрэг хороодын үйл ажиллагааг шалган дүгнэдэг, Эрүүл аюулгүй байдлын индекс-ийг боловсруулан гаргах нь чухал байна. Хотын орчин, хог хаягдал, гэрэлтүүлэг, тохижилт нь хэр хэмжээнд байвал эрүүл аюулгүй байдал бий болох вэ? гэдгийг тодорхой болгоё гэлээ. Мөн өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлыг тооцож, урдчилан бэлтгэж, цахилгаан, дулаан гэх мэт асуудалд доголдолгүй ажиллаж байх хэрэгтэй гэж санууллаа. Налайхын уурхайд гарсан осолтой холбогдуулж, олборлохыг хориглосон газруудад олборлолт хийж, ажиллуулж байгаа түрээслэгчдэд хатуу хариуцлага тооцох ёстой. Амьдрахын эрхээр уурхайн гүнд орж ажиллаж байгаа жирийн иргэдийг би буруутгамааргүй байна. Харин аюултайг мэдсээр байж, тэр талбайг түрээслэн ажиллуулж байгаа түрээслэгчдэд зэвүү хүрч байна. Цаашид, аюултай, олборлолт хийхийг хориглосон газруудад тэмдэглэгээ хийж, дахин хүний амь нас эрсдэхээс урдчилан сэргийлж, зүгээр л шаардах бичиг өгөх төдий биш, албадан зогсоох хүртэл арга хэмжээ авч, хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах саналаа харъяа газар, хэлтэс, байгууллагууд ирүүлж, үйл ажиллагааны хөтөлбөрийг улам боловсронгуй болгож, нягтаршуулахад хамтран ажиллахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.