Үүл дарга ууртай байна
гэж ирээд л бухимдан дуугаа өндөрсгөв. Хот гэдэг их айлыг удирдах, аж ахуйн ажил явуулна гэдэг хэцүү л байгаа л даа. Тэр тусмаа манай нэртэй улстөрчид аж ахуйн ажил гардан хийх амаргүй л даваа байж таараа. Тиймээс хотын дарга маань үг хэлээ олж ядан бухимдаж суугаа биз. Тэрбээр хотын даргаар сонгогдоод 100 хонох гэж байна. 100 шахам хоног хүлээлгэн байж гаргасан мөрийн хөтөлбөр нь харин гайхалтай мөрөөдлийн мөрийн хөтөлбөр гэсэн нэрийг батлагдмагцаа л зүүчихлээ.
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж сайхан үг байдаг. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэх ардчиллын магнай болсон дуу ч байдаг. Гэхдээ монголчуудын амьжиргаа ийм байгаа, цаг агаарын таагүй уур амьсгал нөмөрч байгаа энэ үед мөрөөдлийн мөрийн хөтөлбөртэй тааз ширтэн гиюүрч суух нь хэр тохиромжтой юм бол доо гэх асуулт олигтой хариулт дагуулахгүй биз ээ.
Мөрөөдлийн мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхэд 16.4 их наяд төгрөг хэрэгтэй гэв. 16.4 их наяд гэдэг тоо одоохондоо монголчуудын үгсийн санд, сангийн авдарт багтаагүй байгаа. Гэхдээ Үүл баатар гадны зээл тусламж, хөтөлбөр энэ тэрээр эл мөнгийг босгоно гэв. Монгол Улсын төсөв саяхан л тэрбумаар хэмжигддэг байв. Уул уурхайн нөөцөөсөө болоод Монгол Улс дэлхийн дайдад дуурсагдаж, мөрөөдөл мэт байсан их наяд гэдэг тоо төсөвт бий болоод байгаа. Гэхдээ 7.5 их наядаар л дээд хязгаар нь тулчихаад байгаа юм. Энэ 7.5 их наяд нь бас болоогүй ээ, уул уурхайгаас орж ирэх төсөөллийн орлоготой тоо гэж байгаа.
Гэтэл улсын баатар дарга маань мөрөөдлийн мөнгөлөг хөтөлбөрөө Яах вэ, зарим нэг нь хасагдана, нэмэгдэнэ гээд энэ тоо ийш тийш хөдөлнө л дөө гэх тайлбартайгаар НИТХ-даа оруулчихаж харагдав. Уг нь төрийн ажил яг таг, янз бүрийн таамаглалгүй тодорхой байвал ард олондоо ч, ажил хийх хүмүүстээ л амар баймаар. Гэтэл 2013-2016 оны хооронд хэрэгжүүлэх хотын даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 100 хувь хангах 16.4 их наяд төгрөгийн 80 орчим хувь нь байхгүй мөнгө гэж байгаа.
Байхгүй мөнгийг бий болгох нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хотын даргын ажил мөн. Гэхдээ бүхэл бүтэн улсын төсвийг хоёр дахин давсан их мөнгө босгоно гэдэг цаанаа ямар гаргалгаагаар олдох бол гэдэг учир битүүлэг байгаа юм. Саяхан л эрх баригч намууд сонгуулийн популист амлалтаа биелүүлэхээр Оюутолгойгоо барьцаалан мөнгө босгож байсан. Хүүтэйгээр шүү дээ. Өөрөөр хэлбэл иргэддээ өнөөдөр хэдэн төгрөг атгуулаад ирээдүйгээ барьцаанд тавьж орхисон гэсэн үг. Үүнтэй адил мөрөөдлийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд уул уурхай, аль эсвэл хотынхоо хэсэг газрыг гадныханд барьцаалахгүй л бол 16.4 их наяд гэдэг босоход амаргүй их мөнгө.
Удахгүй хотын дарга 2013 онд хийж хэрэгжүүлэх ажлаа жагсаагаад нэг жилийн мөрийн хөтөлбөр гэж НИТХ-аараа оруулан хэлэлцүүлнэ. Мэдээж хэрэг эл 16.4 их наядын дотор улсын төсвөөс нийслэлд төлөвлөсөн болон хотын өөрийнх нь төсвөөр хийх ажлууд байгаа. Гэхдээ тэр нь нэг их наяд ч хүрэхгүй гэх юм билээ. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд 330 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа юм. Ингээд бодохоор хотын даргын ирэх жилийн мөрийн хөтөлбөр сонирхолтой хүлээлт үүсгэхээс өөр аргагүй байна. Уул шугамандаа нөхцөл байдал ийм байхад улсын баатар ууртай байхаас ч өөр яах билээ дээ.
М.Мөнхчимэг