Израиль Палестинд 36 цагийн хугацаа өгөв
таван настай хүүхэд амь үрэгдсэн хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Мөн 42 хүн шархадсанаас гадна байшингийн нурангин доор 15 хүн байгаа талаар Associated Press мэдээлсэн байна. Үүний өмнөх өдөр буюу ням гаригт мөн Газын зурваст 11 энгийн номхон иргэн Израилийн пуужинд өртөн амь үрэгдсэний дунд дөрвөн хүүхэд, 81 настай нэг эмэгтэй байжээ. Израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Газын зурваст нийтдээ 81 хүн амь үрэгдээд байгаагийн тал нь энгийн номхон иргэд бөгөөд 720 хүн шархдаад байна.
Өнгөрсөн хугацаанд Израилийн тал Газын зурваст 1000 гаруй удаа агаарын цохилт өгөөд байгаа юм. Мөн Газрын дундад тэнгисийн эрэг хавийг газраас болон цэргийн хөлөг онгоцноос хүнд пулемётоор буудсаар байна. Израилийн цэргийнхний гол бай нь ХАМАС бүлэглэлийн пуужин харвах төхөөрөмж, сургуулилтын баазууд, зэвсэг тээвэрлэх газар доогуурх хонгилууд юм. ХАМАС бүлэглэл пуужин харвасаар байгаа боловч тэдгээрийн ихэнхийг Израилийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем агаарт нь устгаж байгаа аж. Израилийн талын хохирлыг одоогоор энгийн номхон гурван иргэн хэмээн мэдээлж байгаа юм.
Өнгөрсөн 14-ний өдөр Палестины талын пуужингийн довтолгооны хариуд Израиль өргөн хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. Тель-Авив баасан гаригт 75 мянган иргэнээ цэрэгт дайчилж, шаардлагатай тохиолдолд ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн мэдэгдсэн юм. Израиль газраар байлдааны ажиллагаа хэрэгжүүлж байгаа нь олон улсын зүгээс эсэргүүцэлтэй тулгарах бололтой. 2008, онд Тель-Авив Газын зурваст Хайлуулсан тугалга нэртэй операци явуулсан нь олон арван энгийн номхон иргэдийн аминд хүрсэн тул олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн юм.
Дугаар шилжих үед ирсэн мэдээгээр Израиль ХАМАС-т 36 цагийн хугацаатай тулган шаардах бичиг өгсөн бөгөөд пуужингаар буудах, Газын зурваст зэвсэг нийлүүлэхээ зогсоохгүй бол дайралтаа идэвхжүүлнэ хэмээн мэдэгджээ. Тулган шаардах бичгийг Египетийн зуучлагчдаар дамжуулсан өгснөө Израилийн Сангийн сайд Ювал Стейниц хэлсэн байна. Түүний хэлснээр Израиль улс нэг бол гал зогсооно, үгүй бол цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн салаа замын уулзварт байгаа бөгөөд хэрвээ сүүлийнхийг нь сонговол энэ нь, асуудлыг нэгмөсөн цэрэг дайны аргаар шийдвэрлэнэ гэсэн үг байж болохыг сайд тэмдэглэжээ. Мөн хамгийн сүүлийн мэдээгээр, Израилийн Rafael Adүanced Defense Systems компани пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ажлын 24 цагийн горимд шилжсэн байна.
Улмаар Төмөр дээвэр хэмээх энэ системийн тав дахь үеийн буюу хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжийг турших хугацаагаа богиносгож, байлдааны хэрэглээнд ойрын хугацаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Компанийн үйлдвэр дэх шөнийн буюу гурав дахь ээлжийн үйл ажиллагааг АНУ-ын өгсөн 205 сая доллараар санхүүжүүлэх аж. Израиль-Палестины харилцаа хурцадсан өнгөрөгч тав хоногт Төмөр дээвэр системийн дөрвөн батарей Палестины зүгээс харвасан 100 гаруй пуужин, артиллерийн сумыг байнд нь хүргэлгүй агаарт устгасан юм.
Б.Амгалан