Соёлын өв хамгаалагчдыг шагнаж эхэлжээ

Дорнод аймгийн хэмжээнд уул уурхайн 38 компаниар археологийн хайгуул, судалгаа хийлгэж чадсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хариуцсан соёл, урлагийн хяналтын улсын байцаагч Б.Мангалжавыг сая төгрөгөөр шагнасан байна. Мөн бүс нутагт соёлын өвийг хамгаалах үйлсэд амжилт гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвийн эрхлэгч И.Нарангэрэлд сая төгрөг олгов.
Харин динозаврын чөмөг яс ил гарсан байхыг илрүүлж, хэл дуулгасан Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын малчин Т.Мяасүрэн, тус аймгийн байгаль орчны улсын байцаагч П.Энхбаатар нарыг 500 мянган төгрөгөөр шагнасан байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд байдаг уул уурхай, барилгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах аливаа компани газрын хэвлий хөндөхийн өмнө археологийн хайгуул хийлгэх ёстой гэсэн заалт огт хэрэгждэггүй байсныг улсын байцаагч Б.Мангалжав орон нутгийн удирдлагуудыг зохион байгуулан баг болгож шалгалт хийлгэснээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бүх компаниар хуулийн уг заалтыг хэрэгжүүлэх эхлэл тавьсныг том амжилт хэмээн сайд онцолжээ.
Р.Оюунаа