Нийслэлийн санал авах байруудын бэлтгэл ажил хангагджээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун зарим хэлтэс, харьяа газрын даргаар шинээр томлигдсдыг танилцуулсан юм. Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар М.Дондогдорж, Улаанбаатар хотын Захирагчийн Дэнжийн-1000, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны даргаар, Б.Батсүх, Улаанбаатар хотын Захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын албаны даргаар А.Цэрэнбат нарыг тус тус томилжээ.
Мөн зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай дээр Засаг даргын орлогч Н.Батаагийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Орон нутгийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан дүүргүүдийн ЗДТГ аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сонгуулийн ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулж явуулах гэсэн үүргийг өгсөн. Монгол Улсын аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтын дагуу дүүргүүдийн Засаг дарга нар сонгогчдын санал авахад шаардлагатай асуудлуудыг тухай бүр шийдвэрлэсэн байна. Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд ажиллах төрийн болон үйлчилгээний албан хаагчдыг хуулийн хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж сонгуульд ажиллах нөхцлөөр хангасан тухай мэдээллийг дүүргүүд ирүүлсэн байна. Сонгогчдын саналын хуудас дүүргүүдэд ирснийг цагдаагийн байгууллага хамгаалалтад аваад байгаа аж, Дүүргүүдийн ЗДТГ санал авах байрын бэлтгэлийг газар дээр нь шалгаж зарим шаардлагатай арга хэмжээг авснаар /Санал авах байрын цонхнуудад төмөр торон хамгаалалт хийх, цахилгааны шугамын гэмтлийг засуулах, байрыг засварлах, шаардлагатай эд зүйлсээр хангах зэрэг/ өнөөдрийн байдлаар санал авах бүх байр бэлтгэл хангагджээ хэмээн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга X. Гантулга мэдээллээ.
Мөн Улаанбаатар сонсож байна тусгай дугаарын утас бүхий лавлагаа мэдээллийн төвийг туршилтаар ажиллуулж байгаа билээ. Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэ сарын 01-ээс 15-ны өдрүүдэд Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн хандсан бол, лавлагаа мэдээллийн төвийн www.ub1200.mn сайтад 9638 иргэн ханджээ. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнх нь ОСНАА, Захирагчийн ажлын алба, Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автозамын газарт хандсан байна. Иргэд цахилгааны тасалдал, дулааны хангамж, хот тохижилт, хог тээвэрлэхтэй холбоотой асуудлуудыг ихээр тавьсан байна. Эдгээр гомдлын 60 гаруй хувийг барагдуулжээ. Мөн лавлагаа мэдээллийн төвд иргэдээс, НЗДТГ болон ЗАА, замын цагдаагийн газар авто замын газар зэрэгт холбоотой 93 санал ирсэн байна.
Нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар өсчээ
Нийслэлийн автозамын хэт ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын мэдээлснээр Зүүн дөрвөн замаас Саппоро хоорондын 6,7 км замыг нийтийн тээврийн хэрэгсэл 50 минутад нэвтэрч байсан бол авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хязгаарласнаас хойш дээрх замд 32 минут явж дундаж хурд 4,0 км/цаг, нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар тус тус нэмэгджээ. Туршилтын арга хэмжээ нийтийн тээврийн үйлчилгээнд үр дүнгээ өгч байгаа учир цаашид энэ хязгаарыг Офицеруудын ордноос Таван шар хүртэл сунгахаар төлөвлөж, замын тэмдэглэгээг хийгээд байгаа аж. Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20,0 хувиар буурчээ. Барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд гарсан удаа дараагийн ослуудыг давтан гаргуулахгүй байх зорилгоор Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсруулсан Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ослоос урьдчилан сэргийлэх тухай албан шаардлагыг дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүд нутаг дэвсгэрийнхээ байгууллагуудад хүргэсэн байна. Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд барилга угсралтын болон барилгын ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж.
Ханиад, томуугийн дуудлага ихэсч байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулаад ханиад, томуугийн дэгдэлт их байгаа. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газар халдварт өвчин болон томуу, томуу төст өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйгээр ажлаа зохион байгуулах, нийслэлийн Боловсролын газар ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр улирлын амралтын өдрүүдээр нийтийг хамарсан арга хэмжээг аль болохоор явуулахгүй байх үүрэг даалгаврыг өмнөх шуурхай дээр өгсөн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 68352 хүн амбулаториор үйлчлүүлсний 4827 буюу 7,1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0,4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,3 хувиар тус тус өсчээ.
10 мянган хүн тутамд өвчний 40,3 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2,3 тохиолдлоор илүү байгаа аж. Улаанбаатар хотын найман дүүр-гийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж энэ нь өмнөх долоо хоног болон урьд оны мөн үеэс Сүхбаатар дүүргээс бусад дүүрэгт өссөн учир цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмнэлгийн байгууллагууд, иргэд цаг алдалгүй авахыг сэрэмжлүүлэв. Өвчлөл нэмэгдэж байгаа учир нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхдийн ор бүхий эмнэлгүүдэд нөөц ор гаргах, насанд хүрэгчдийн орыг зохицуулах, гэрийн эргэлтийг сайжруулах, түргэн тусламжийн машин болон эмчийн тоог нэмэгдүүлэх, нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авахын хэсэгт нэмэлт эмч ажиллуулах, өрхийн эмнэлгүүдийн цагийг уртасгах зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Нийслэлийн Боловсролын газар дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт сургуулийн хүүхдийн амралтын хугацаанд багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа юм байна.
Интернэт кафе ажиллуулах журмын төсөл боловсруулжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй интернэт тоглоомын газруудад хяналт шалгалт хийж нийслэлийн Мэдээллийн технологийн газар интернэт тоглоом тоглуулах, интернэт кафе ажиллуулах зэрэг иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг холбогдох байгууллагуудаас санал авч боловсруулан удирдлагуудад танилцуулж улмаар нийслэлийн ИТХ-д оруулах үүргийг авсан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэл, холбогдох газруудаас авсан саналд үндэслэн нийслэлд интернэт кафе, цахим тоглоомын газар ажиллуулах журмын төслийг боловсруулсан байна.
Хөрс хөлдсөнөөс газар доорхи кабел гэмтэж тог тасарч байна гэв
Үүрэг даалгаврын биелэлт танилцуулж дууссаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл газрын дарга нараас нийслэлийн асуудлын эргэн тойронд асуулт асуув. Тэрээр, Иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхийг цахилгаан тасалдалттай холбоотой гомдол эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд хотын хэмжээнд цахилгаан тасалдал их гарах болсон шалтгааныг ‘‘Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодруулахад тэрбээр өнгөрсөн хоёр долоо хоногт нийтдээ 33 удаа тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ нь кабел шугам гэмтсэн, тогны хэрэглээ эрс нэмэгдэж, трансформаторын хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн цаг агаар хүйтэрч байгаа учраас, газар хөлдөж, хөрс хөдөлгөөнд ордог. Энэ нь газар доорхн кабел утсыг гэмтээж байна гэв.
Харин нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн орчны халтиргаа, гулгаа тухай бүр арилгуулах ажлыг зохион байгуулахгүй байгаагийн шалтгааныг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодруулахад, амралтын өдрүүдээр цас их орсон учраас байгууллага, аж ахуйн нэгжүүд хангалтгүй ажилласан. Бид тусгайлан ажлын хэсэг гаргаж байгууллага аж ахуйн нэгжийн орчны зураглалыг боловсруулж, цэвэрлэх талбайг нарийн зааж, журамлахаар төлөвлөж байна гэв.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өгсөн үүрэг даалгавар
НЭГ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 5 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд шуурхай зохион байгуулах. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан байгууллага бүр 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө гаргаж ойрын үед нийслэлийн ЗДТГ-т ирүүлэх. Хөтөлбөрт үндэслэн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, төсөв төлөвлөгөөгөө эцэслэн гаргах. Зайлшгүй хийвэл зохих ажлаас хоцрогдсон ажил байхгүй байх. Батлагдсан мөрийн хөтөлбөрт танай байгууллагаас өгсөн санал орсон эсэхийг тулган шалгаж зөрүүтэй байвал эрхэлсэн орлогч дарга болон нийслэлийн ЗДТГ-т яаралтай мэдэгдэх.
ХОЁР. Нийслэлийн ЗДТГ дүүрэг, хороодын ажлыг үнэлэх эрүүл, аюулгүй байдлын индексийг шинээр тогтоох. /Тухайн дүүрэг, хорооны замын зураглал, тэмдэглэгээ, орчны тохижилт, гэрэлтүүлэг зэрэг иргэдэд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээнүүд индексэд багтана/
ГУРАВ. Нийслэлд 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл хангах тухай нийслэлийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/682 дугаар захирамжийн заалт, хугацааны дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатанд ажлаа зохион байгуулах.
ДӨРӨВ. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн болон гэр хорооллын гэрэлтүүлгийн асалтыг жигдрүүлэх ажлыг Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ гэрээт компаниудаар гүйцэтгүүлэх. Гэрэлтүүлгийн ажлын гэрээний нөхцлийг өөрчлөх, мэргэжлийн ажилтан бэлтгэх, удирдлагын системийг өргөжүүлэх зэргээр бодлогоо шинээр тодорхойлж Ухаалаг гэрэлтүүлгийн систем нэвтрүүлж ажиллах.
TAB. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ, Хот тохижилтын газар нийтийн эзэмшлийн зам талбайн, ялангуяа явган хүний замын хальтиргаа, гулгааг арилгах, цэвэрлэгээнд шаардлагатай бодис, бусад багаж хэрэгслүүдийг болон цас, мөс арилгах зориулалтын авто машинуудыг бэлэн байдалд байлгаж цас орсон даруйд цэвэрлэж хэвших.
ЗУРГАА. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр Налайхад саяхан болсон үйлдвэрлэлийн осолтой холбогдуулан нүүрс олборлолтын байдал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд ойрын үед удирдамж батлан шалгалт явуулж, дүгнэлт гарган танилцуулах.
ДОЛОО.Нийслэлийн ЗДТГ Улаанбаатар хотын дүрэм’’-ийг шинээр боловсруулах. Улаанбаатар хотын Захиргааны байгууллагууд хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичгүүдийн төсөл боловсруулж нийслэлийн удирдлагуудад танилцуулан дэмжлэг авч, хамтран ажиллах. Хотыг хөгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүд боловсруулж Олон улсын валютын санд танилцуулан хамтран ажиллахаар тохирсонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийг нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын албанд хүлээн авч ажил хэрэг болгохын төлөө хаана хаанаа анхаарах.
НАЙМ. Бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг сайжруулах, дутагдлыг давтан гаргахгүй байх, байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг оновчтой болгон ажиллах.
Ж.ГАНЦЭЦЭГ