Нүүрс олголттой холбоотой гомдол олон иржээ

1200, 1234 гэсэн тусгай дугаарын утсаар нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг сонсч, гомдлыг нь шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн хоёр долоо хоногт уг төвд 2942 иргэн санал ирүүлжээ. Иргэд ихэвчлэн ус, дулаан, цахилгааны асуудлаа шийдвэрлүүлэх гомдлыг ирүүлсэн байна. Түүнчлэн сүүлийн үед нүүрс олголттой холбоотой шүүмжлэлийг их ирүүлэх болжээ. 1200 тусгай дугаар бүхий утсанд холбогдсоноор нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийг авах боломжтой.
Энэхүү үйлчилгээний төлбөр нь энгийн тарифаар тооцогдох бөгөөд минут нь 50-80 төгрөг байх юм. 1234 тоот тусгай дугаараар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, иргэнтэй холбогдсон оператор мэдээллээ координатор руу илгээнэ. Координатор тухайн иргэний санал, хүсэлтийг холбогдох нэгж, албан тушаалтанд шилжүүлнэ. Иргэд регистрийн дугаар болон өөрийн сонгосон дөрвөн оронтой нууц дугаараа ашиглан www.ub1234.mn цахим хаягаар дамжуулан интернэтээр харах, ямар албан тушаалтан дээр өргөдөл нь байгааг хянах боломжтой.
Б.Аз